Азийн орнуудын киноны 29 дэх удаагийн олон улсын наадам Францын Везүл хотод өчигдрөөс эхлэв. Энэ сарын 7-ныг дуустал үргэлжлэх тус наадамд манай улсаас найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” кино өрсөлдөх юм. Уг киног энэсарын 6, 7-нд наадмын үзэгчдэд хүргэх аж. Монгол, Азербайжан, Сингапур, Вьетнам, Киргиз зэрэг 31 орны 85 бүтээлийг сонгон өрсөлдүүлж буй эл наадмын ерөнхий шүүгч нь Азийн “Канн” гэгддэг Бусаны наадмын ерөнхий шүүгч Ли Ёонг Кван юм байна. Ташрамд дурдахад, “Худалдагч охин” бүтээл үүнээс өмнө Осакагийн Азийн кино наадмаас шилдэг дүрийн шагнал хүртсэн билээ. Мөн Нью-Йоркт болсон Азийн кино наадмаас шилдэг киноны шагнал авсан юм.
Кинотой холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, Монголд нээлтээ хийгээд удаагүй, найруулагч Д.Баттөмөрийн “Трио” бүтээл БНСУ-ын Чонжугийн 24 дэх удаагийн олон улсын наадмын “Дэлхийн шилдэг кино” хэсэгт уригдан оролцохоор болжээ. Уг наадмын хүрээнд “Трио”-г ирэх сард Өмнөд Солонгосын үзэгчдэд хүргэх аж.