“Хятад орныг таньж мэдье” уриатайгаар Өвөр Монголын соёлын долоо хоногийг Улаанбаатарт зохион байгуулж байна. Үүний хүрээнд “Хятадын кино өдрүүд” арга хэмжээг зохиож, зургаан киног монгол үзэгчдэд хүргэх аж. Тэдгээрийг монгол дуу оруулгатайгаар энэ сарын 31-нээс есдүгээр сарын 4-нд “Тэнгис” кинотеатрын дэлгэцээр үнэ төлбөргүй гаргах гэнэ. Эхний кино бол Гоуфань найруулагчийн “Нүүдэлчин дэлхий 2” бөгөөд зөгнөлт, адал явдалт төрлийн бүтээл юм. Дараагийн өдрүүдэд нь Вень Мү-Еэ, Лижүнь, Хуан Жяакан, Ар Дуншэн, Жан Имоу гэх таван найруулагчийн “Гайхамшгийг бүтээгч”, “Дэлбэрэлт”, “Цагаан могой-2”, “Сүүн далай зэрэглээ”, “Ангалын ирмэгт” киног үзэгчдэд хүргэх аж. Эдгээрээс Вень Мү-Еэ найруулагчийн 2022 онд бүтээсэн “Гайхамшгийг бүтээгч” хэмээх драм жанрын кино нь “Оскар”- ын “Гадаад хэлээрх шилдэг кино” төрөлд Хятад улсыг төлөөлөн оролцож байжээ.
Бэлтгэсэн: М.Бүжинлхам