Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 29 дэх удаагийн уралдаан өндөрлөлөө. Тус наадмын эхний шатанд найман дүүргийн 75 сургуулийн 5100 гаруй сурагч оролцжээ. Тэднээс хоёрдугаар шатны шалгаруулалтад 20 сургуулийн 1200 орчим сурагч оролцож, шилдэг хамтлагуудыг шалгаруулсан байна. Тэргүүн байрт “Монгени” цогцолбор сургуулийн “Одод” хамтлагийнхан шалгарав. Дэд байрт Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн “Шуранхайн тэнгэр”, гуравдугаарт Монгол, Оросын хамтарсан III сургуулийн “Рапсодия” хамтлагийнхан оржээ. Тусгай байрыг Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн “Аялгуу”, “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн “Шинэ зууны хүүхдүүд” хамтлаг эзлэв. Түүнчлэн шилдэг удирдаач багшаар Монгол, Оросын хамтарсан III сургуулийн хөгжмийн багш Спицин Никита Сергеевич тодорлоо. Мөн Хөдөлмөрийн баатар Д.Лувсаншаравын нэрэмжит шагналыг Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн “Эгшиглэн” хамтлагийнхан хүртсэн байна. Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагуудын нэгдсэн гала тоглолтыг нийслэлийн 384 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 26-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулахаар болжээ.
Бэлтгэсэн: М.Оч