Шинэ жилийн баярыг тохиолдуулан нийслэлийн Соёл урлагийн газраас “Улаанбаатарын мөнгөн шөнө” арга хэмжээг энэ сарын 31-ний 21.00 цагт төв талбайд зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн хотын төвөөс алслагдсан Багахангай дүүргийнхэн төв талбайдаа “Багахангайн үдэш” үйл ажиллагааг он солигдох мөчид явуулахаар товлосон байна. Чингэлтэйн ЗДТГ-аас Тусгаар тогтнолын талбайд өдөр бүр “Чингэлтэй дүүргийн мөнгөн үдэш” нэртэй үйл ажиллагаа явуулж буй. Энэ нь маргаашийг дуустал үргэлжлэх аж. Шинэ жилийн үеэр зохион байгуулах, урлаг соёлын бусад арга хэмжээний талаарх мэдээлэл хүргэе.
“ЗӨРҮҮД ГРИНЧ” УДАХГҮЙ БУЦНА
“Улаанбаатар” болон “Маппет” театр хамтран “Зөрүүд Гринч” драмын жүжгийг энэ сарын 22-ноос эхлэн тоглож буй билээ. Дэлхий дахинд хүүхдийн зохиолуудаараа алдаршсан Доктор Сьюзийн “Гринч зул сарыг хулгайлсан нь” шилдэг бүтээлээс сэдэвлэсэн уг жүжгийн хаалтын тоглолтууд эхэлжээ. Зул сарын баярт дургүй, сахилга-
гүй, зөрүүд Гринчийн адал явдлыг энэ сарын турш амралтын өдрүүдэд үзэгчдэд хүргэсэн юм. Ерөнхий найруулагчаар М.Лхагва, ерөнхий зураачаар С.Энх-Од, хөгжмийн зохиолчоор Х.Алтангэрэл, бүжиг дэглээчээр нь Д.Баярт нар ажилласан эл жүжгийн дүрүүдэд дээрх хоёр театрын залуу уран бүтээлчид тоглосон. “Зул сарын сахилгагүй драм” хэмээн тодотгосон уг бүтээлийг энэ сарын 29-30-нд нийт зургаан удаа тоглоод өндөрлүүлэх аж.
“THE LEMONS” ОН СОЛИГДОХ МӨЧИД ЭРГЭН ИРЭХЭЭР БОЛЖЭЭ
Сонсогчидтойгоо “уулзаагүй” удсан “The Lemons” хамтлагийнхан он солигдох мөчид эргэн ирэх нь. Тодруулбал, он солигдох мөчийг “The Lemons” болон бусад хамтлаг, дуучинтай хамт өнгөрүүлэх боломжийг “Agshinz Vol.2” тоглолт олгох юм байна. Үүгээр “The Lemons”-ынхон “Мөнхийн реп”, “RecOn” хамтлаг болон дуучин Э.Агиймаа, Б.Эгшиглэн нарын хамтаар эргэн ирэх аж. Тоглолт “Corporate convention” төвд энэ сарын 31-ний 20.00 цагаас эхэлнэ. Ингээд ирэх сарын 1-ний 04.00 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Тасалбарын үнэ 77 000 төгрөг аж.
ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ТОГЛОЛТТОЙ
“Цагаан лавай” чуулгынхан ардын урлагийн “Nomadic legend” тоглолтоо энэ сарын 30-ны 18.00 цагт “Ган зам” паласын тайзнаа толилуулна. Уг тоглолтод үндэсний урлагийн бүхий л төрлийн үзүүлбэрүүдийг багтааснаараа онцлог аж. Тухайлбал, ардын дуу, бүжиг, хөгжим, бий биелгээ, хөөмий, цам, уран нугаралт зэргийг агуулсан цогц хөтөлбөртэй гэнэ. Тоглолтын хугацаа 60 минут. Тасалбарын үнэ 55 000 төгрөг юм байна.
“ЩЕЛКУНЧИК”-ИЙН ӨӨР НЭГЭН ХУВИЛБАРЫГ ҮЗЭЭРЭЙ
“Pro” театрынхны бүтээсэн “Цөмөгч цэрэг ба хулганын хаан” хүүхдийн жүжигтэй энэ сарын 29- 30-нд нийт дөрвөн удаа “уулзах” боломжтой. Дэлхийн алдарт зохиолч Эрнст Теодор Амадей Гофманы 1816 онд бичсэн “Цөмөөхэй ба хулганын хаан” үлгэрээс сэдэвлэн бүтээсэн эл жүжгийн ерөнхий найруулагч нь “Pro” театрын Б.Анхбаатар. Гол дүр Щелкунчикт З.Булган, Марийд Э.Буд-Эрдэнэ, хулганын хаанд О.Итгэл тоглож байна. Залуу хатагтай Марийд зул сарын баяраар аав, ээж нь нэгэн тоглоом бэлэглэсэн нь дуулж, бүжиглэж чаддаггүй, зөвхөн самар цөмдөг цэрэг байлаа. Гэтэл шөнө дунд өнөөх цэрэг амь орж, Марийг дагуулан ид шидийн орноор зочилно. Шинэ жил бүрээр олон хувилбараар үзэгчдэд хүргэдэг Цөмөөхэйн түүхийг “Pro” театрынхан хэрхэн дэглэснийг РЦНК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвд үзэх боломжтой.
ХҮҮХДИЙН ЖҮЖГИЙН “БУУХИА” ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Хүүхэлдэйн театрын хамт олон энэ сарын 30-нд 12.00 цагт “Алладин-1001 шөнийн үлгэр”, 14.00-т “12 сар” хүүхдийн жүжиг тоглоно. “Алладин-1001 шөнийн үлгэр”- ийг тав болон түүнээс дээш насныхан үзэхэд тохиромжтой бөгөөд 50 минут үргэлжлэх юм байна. Тэгвэл “12 сар”-ыг гурваас дээш насныхан үзэх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг дээрх театрынхан гаргажээ. Тасалбарын үнэ нь 10 000 төгрөг аж. Тасалбар бүрийн үнийн дүнгийн нэг хувийг хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлийн төсөл, арга хэмжээнд зарцуулахаа театрынхан илэрхийллээ.