Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хүүхдийн нэрт зохиолч Жамбын Дашдондог агсны нэрэмжит уран уншлагын “Уран жиргээ-2025” наадмыг улс орон даяар зохион байгуулж буй билээ. Тус уралдааныг цэцэрлэг, сургууль, дүүрэг, нийслэлийн гэсэн гурван үе шаттайгаар явуулдаг. Д.Яруу Сүхбаатар дүүрэгт өнгөрсөн сарын 30-31-нд зохион байгуулсан “Уран жиргээ”-гийн бага насны төрөлд тэргүүн байр эзэлсэн юм. Тэрбээр ерөнхий боловсролын зургаадугаар сургуулийн 4б ангид суралцдаг бөгөөд нийслэлийн хэмжээнд зохион байгуулах уралдаанд оролцох эрхээ ийнхүү авчээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байна уу, намайг Даваацэрэнгийн Яруу гэдэг. Ам бүл дөрөв, аав минь хувиараа бизнес эрхэлдэг. Ээж, эгч хоёр минь ч хувийн компанид ажилладаг.
-“Уран жиргээ” наадамд оролцсон сэтгэгдлээсээ хуваалцаач.
-Тайзан дээр гараад сандарсан. Бэлтгэл хийхдээ өгүүллэгээ тайван, удаан уншиж байсан хэрнээ яг тэмцээний үеэр хурдан уншчих шиг болсон. Өрсөлдөгч хүүхдүүд ч сайн байсан болохоор өөрийгөө тэргүүн байр эзэлнэ гэж бодоогүй. Гурав, хоёрдугаар байрын эзнийг зарласны дараа “Би ч нэгдүгээр байрт шалгарна гэж байхгүй дээ” хэмээн бодоод амжсан шүү. Гэтэл нэгдүгээр байрт Д.Яруу гэж зарлахад нь итгэж чадахгүй л байсан.
-Ямар бүтээл сонгож, уран яруу уншсан бэ?
-Ж.Дашдондогийн “Найз” өгүүллэгийг уншсан. Энэ өгүүллэгийг өмнө нь цээжилчихсэн байсан л даа. Мэддэг учраас уншихад илүү амар. Бас нөхөрлөлийн үнэ цэнийн тухай өгүүлдэг учраас надад их таалагддаг.
-Өмнө нь энэ уралдаанд оролцож байв уу?
-Энэ жил анх удаа оролцсон.
-Өгүүллэгээ хэдэн хоног бэлдэж, зүгшрүүлсэн бол?
-Драмын дугуйланд явдаг эгчтэйгээ хоёр хоног бэлдсэн. Сая хэлсэнчлэн өгүүллэгээ өмнө нь цээжилсэн байсан болохоор алдаагаа засаад оролцсон. Тэмцээний үеэр манай гэр бүлийнхэн ирж амжаагүй болоод ч тэр үү, их сандарлаа.
-Анх удаа оролцоод тэргүүн байр эзэлнэ гэдэг том амжилт шүү.
-Би Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд суралцаад хоёр жил болж байна. Ангидаа өдөр бүр шахам амны хайрцаг сайжруулах, шүлэг, өгүүллэг унших, хэл яриа хөгжүүлэх дасгал хийдэг. “Найз” өгүүллэгээ ч бас энд сурсан.
-Драмын ангийг сонгон суралцах болсон шалтгаан нь юу вэ?
-Би ирээдүйд алдартай жүжигчин болохыг мөрөөддөг. Тэр тусмаа инээдмийн кинонд тоглоно гэж боддог. Ээж минь намайг их дэмждэг. Тиймээс драмын дугуйланг сонгон суралцаж байгаа.
-Яагаад алдартай жүжигчин болмоор санагдав?
-Алдартай хүмүүсийг шүтэн бишрэгчид нь үргэлж дагаад л, тэдэнд гарын үсгээ өгч байгааг нь харахад гоё санагддаг. Бас хүн болгон таньдаг болохоор их мөнгө олдог байх гэж боддог.
-Аав, ээжтэйгээ хамт юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цагаараа аавтайгаа шатар тоглодог. Одоохондоо хожигдсоор л байна. Бас бассейнд хамт хичээллэж эхэлсэн. Би ангидаа намхандаа ордог. Усанд сэлэлтээр хичээллэвэл өндөр болдог гэж аав дандаа хэлдэг. Бас би ээжийг хоолоо хийж байхад нь туслах дуртай. Бид зун гэр бүлээрээ аялалд явдаг. Ирэх зун Хятадын “Disneyland” рүү явахаар төлөвлөсөн.
-Нийслэлийн “Уран жиргээ-2025”-д өрсөлдөх үзүүлбэрээ сонгосон уу?
-Хараахан сонгож амжаагүй л байна. “Тэнэг”, эсвэл “Ээж тандаа” гэсэн хоёр шүлгийн аль нэгийг нь унших бодолтой байгаа.
-Эл тэмцээнд оролцох гэж буй хүүхдүүдэд хандаж юу хэлмээр байна?
-Чадахгүй гэж өөрийгөө битгий голоорой. Хэрвээ шүлэг унших гэж байгаа бол үгээ тод, чанга хэлээрэй. Өгүүллэгийн тухайд дүрээ сайн бүтээх нь чухал санагдсан. Тайзан дээр гарахдаа бэлтгэл хийж байгаа юм шиг л унших хэрэгтэй. Та нар чадна аа.
А.Дөлгөөнзул