Дэлхийн бүжгийн спортын холбооноос Португал улсын Брага хотод ирэх сарын 1-нд хореографик ДАШТ-ий арга хэмжээг зохион байгуулна. Тус арга хэмжээнд “Star dance” студийн дэргэдэх “Star girls”, “Royal dance” клубийн дэргэдэх “Royal dance” хамтлаг эх орноо төлөөлөн анх удаа оролцох юм. Тэднийг Брага хотыг зорихоос өмнө “Star girls”-ийн дасгалжуулагч Б.Ууганцэцэг, “Royal dance”-ийн багш О.Эрдэнэ-Очир нарт амжилт хүсэж, Монголын бүжгийн спортын холбооны тугийг гардууллаа. Сонирхуулахад, латин бүжгийн шилдэг мэргэжилтэн, Испани улсын иргэн Карина Рубио Улаанбаатар хотод ирж, тамирчдад эл бүжгийн үндсэн зарчмуудыг ойлгох, бүжиг тус бүрийн онцлогийг мэдэх, тухайн бүжгийн хөгжмийг таних талаар мэдээлэл өгч, ур чадвар, туршлагаасаа харамгүй хуваалцсан байна.