Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн тавдугаар сард УИХ хэлэлцэн баталсан юм. Уг хууль энэ сарын 10-наас хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх талаар төслийг санаачилсан УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар болон Монголбанкны төлөөлөл өчигдөр мэдээлэл хийлээ. Нэмэлт, өөрчлөлт оруулсан дээрх хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тушаал гаргаж, зээлдэгчийн онооны систем, түүнийг тооцох холбогдох журмыг баталснаар “Хар жагсаалт”-д орсон иргэн, аж ахуйн нэгжийн мэдээллийг арилгаж байна.
Энэ талаар тэд “Монголбанкны ерөнхийлөгчийн энэ тушаал нь Зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэгч бүх байгууллагад хамаарна. Ингэснээр 70 гаруй мянган иргэн “Хар жагсаалт”-аас гарч байна. “Хар жагсаалт” гэдэг санхүүгийн ялыг үгүй болгосон гэсэн үг. Тухайн хүн авсан зээлээ төлж дуусгасан байтал зургаан жил “Хар жагсаалт”-аас хасдаггүй, ялладаг байдал үгүй болж буй юм. Эсрэгээрээ зээлээ хугацаандаа төлдөг тохиолдолд урамшуулдаг, оноог нь нэмдэг тогтолцоо руу шилжиж байна. Ингэснээр санхүүгийн таатай нөхцөлөөр банк, санхүүгийн байгууллагаас зээл авах боломж бүрдэх юм. Санхүүгийн зах зээл нь зөв голдирлоор хөгжиж байгаа бүх оронд энэ тогтолцоо үйлчилж байгаа” гэсэн юм.