Сагсан бөмбөгийн 3х3 эмэгтэйчүүдийн багийн дунд болдог дэлхийн цувралд “Улаанбаатар амазонс” багийнхан амжилттай оролцож, нийт 320 оноо цуглуулан 60 багаас шилдэг зургаад шалгарчээ. Тэд энэ сарын 13-14-нд болох “Shanghai finals”-д өрсөлдөх эрхээ баталгаажуулав. Тус тэмцээнд тивээ төлөөлж тоглох манайхан дэлхийн цуврал болох “FIBA women’s series-2025”-д хоёр удаа III, нэг удаа IV байр эзэлжээ. “Shanghai finals”-д Монголын тамирчдаас гадна Нидерланд, Испани, Румын, Латви, Канад, Азарбайжаны шигшээ өрсөлдөнө.
Сагсан бөмбөгтэй холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, Азийн их сургуулиудын оюутны аваргуудын лиг (AUBL)-т Гавьяат дасгалжуулагч О.Баярцогтын удирдлагад “Этүгэн ирвэсүүд” багийнхан анх удаа оролцож, Японы багт хожигдсон ч шагналт IV байрт шалгарлаа. Лигт Монголын шигшээтэй нэг хэсэгт тоглосон Тайванийн Ченчи их сургуулийн тамирчид өмнөд хөршийн Ценхуа их сургуулийн хүчирхэг тамирчдыг талбайд нь хожиж түрүүлсэн юм. Сонирхуулахад, шилдэг эрэгтэй тоглогчдоос Ч.Маргад АНУ, Ц.Санчир Вьетнамаас эх орондоо ирж “Бишрэлт металл” багийнхантай бэлтгэл хийж буй бол “Сэлэнгэ бодонс” багийн тоглогч асан Б.Бишрэлт М хөгжлийн лигийн багтай гэрээ байгуулж, Э.Цэрэнбаатар “Хасын хүлгүүд”-ийнхэнтэй нэгдэв.
Тэгвэл “Хасын хүлгүүд”-ийнхэн АНУ-ын иргэн, 206 см өндөр, хүчний довтлогч, төвийн байрлалд тоглодог, туршлагатай, өндөр түвшний тамирчны жагсаалтад багтдаг Эфе Одигиеийг багтаа тоглуулахаар урьжээ. Түүний хувьд АНУын NCAA I дивизионы UTEP, Troy (шилдэг шинэ тоглогч), SMU их сургуулиудад амжилттай тоглосон нэгэн. Мэргэжлийн түвшинд Португалын “Ovarense” багт (15.5 оноо, 7.6 самбар, 41 хувийн гурван онооны шидэлт), Японы “Iwate big bulls” багт (14.4 оноо, 10.2 самбар) амжилт үзүүлсэн байна.
Мөн Вьетнамын VBA-д зээлээр тоглож буй Ч.Тэмүүлэн тус багтай гурван жилийн гэрээгээ сунгаж, ирэх улиралд лигт хүч үзэх нь. Харин өмнөх тоглогчдоос Монголын дээд лигийн аварга, финалын MVP, “Basketball сhampions league” бэлгэдлийн гарааны таван тамирчны нэг Ян Бенетт Миллер багтайгаа гэрээгээ сунгалаа. “Сэлэнгэ бодонс” багийнхан “Хасын хүлгүүд”-тэй урт хугацаанд хэлэлцээр хийсний үр дүнд тус багийн тамирчин А.Анандыг авчээ. Хэлцэл амжилттай болсноор тэд түүнтэй нэг жилийн хугацаатай гэрээ байгуулан 500 сая төгрөгийн цалингаас гадна өөрийн нэрийнх нь “Сэлэнгэ бодонс” багийн мерч борлуулалтын орлогоос 20 хувийг урамшуулал болгон өгөх аж.




