Японы уран бүтээлч Күранүки Торү “Хязгааргүй чулуун цуурай” үзэсгэлэнгээ “Чингис хаан” үндэсний музейд уржигдар дэлгэлээ. Тэрбээр “Кёозан-Ха” хэмээх урлаг, гүн ухааны үзэл санааны хөдөлгөөнийг үндэслэгч бөгөөд ланд арт, минимализм, постхуманист урсгалаар уран бүтээлээ туурвидаг нэгэн.
“Хязгааргүй чулуун цуурай” үзэсгэлэнг ирэх сарын 4 хүртэл үнэ төлбөргүй толилуулах бөгөөд Күранүки Торүгийн Монголын тал нутгаас цуглуулсан, дахин давтагдашгүй хэлбэр, хэмжээтэй 77 бүтээлийг олны хүртээл болгож буй юм. Тэрбээр эл үзэсгэлэнгээрээ дамжуулан чулуу зөвхөн байгалийн материал бус, амьтай, эзэнтэй, сүнслэг болохыг илэрхийлэхээр зорьсон гэнэ.
Тэрбээр амьд байгальтай харилцаж, чулууны дуу хоолойг ойлгон мэдэрч байж тухайн газрын түүх, өгүүлэмж бүтээлд нь бүрэн шингэдэг гэж үздэг аж. Тиймээс бүтээлүүддээ байгалийн чулууны дүр төрх, хэлэмжийг голчлон ашигладаг юм байна. Үүнээс гадна чулууг бийр болгон ашигладгаараа онцлогтой.
Э.Сүйлэн