“Доржсамбуу дэндүү ухаантайгаас гадна эр зоригтой. Эр зориг, ухаан хоёр нэгэн биед ховор тохиолдох хослол шүү. Миний “Хөхөлдэй хүүгийн үлгэр” жүжгийг тэр яаж найруулсан гэж чи санана. Ухаан, эр зориг хоёрын шугам л нэг тайзан дээр зөрөлдөөд байсан юм. Тэгээд ганц хоёрхон тоглоод л хаагдсан. Өнөө “мэрэгчид” шууд л үзэл сурталд харш, ах дүүгийн найрамдалт харилцаанд сэв суулгалаа гээд л шаагилдаж эхэлсэн дээ” гэснээ үрчлээ дүүрэн духаараа над руу их сонин харж билээ. Үнэндээ ухаан, эр зориг хоёрыг нэг шугамд зөрөлдүүлж жүжиг найруулах тухай энэ хугацаанд уншсан театрын онолын номуудаас би нэг ч өгүүлбэр олж уншаагүй. Алсдаа ч олж уншихгүй байж мэднэ. Учир нь ухааны шугам найруулгын уран сайхны хэм хэмжээний дээс илүү алхчихаар зүрх сэтгэлийн хөг алдагдаад, зүрх сэтгэлийн шугам нь хэтрэхээрээ ухааны тал нь бүдгэрсэн бишгүй олон “тэнцвэргүй” найруулга тайзнаа тавигдаж байна. Тийм тэнцвэрийг олж харж, ойлгож ухаарсан нь манай театрын урлагт Г.Доржсамбуугаас хойш ховор төрж л дээ. Хүний ухаан, эр зориг бол жингийн тавцан дээр эсрэгцэн буй хоёр туухай юм. Түүнийг урлагт тэнцүүлэх нь ердөө авьяас. Харин “Тэнцвэр нь өөрөө эцсийн зорилт бус, харин зорилгод хүрэх арга зам юм” гэсэн судлаачийн үгийг сайтар бодно биз” хэмээн зохиолч, яруу найрагч, судлаач П.Батхуяг агсан “Тэнгэр мэднэ” эсээ шинжлэлдээ бичсэн байх юм.
Монгол Улсад кино урлаг үүсэж, хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй зэрэгцүүлэн манай сонин “алтан үеийн” гэгдэх дэлгэцийн киноны нэрт найруулагчид, тэдний уран бүтээлийг уншигчдадаа цувралаар танилцуулж буй билээ. Энэ удаагийн нийтлэлийн баатар бол нэрт найруулагч, жүжигчин, сурган хүмүүжүүлэгч Гүрсэдийн Доржсамбуу.

1981 оны дэлгэр цагт “Говийн зэрэглээ”-гийн Арслан өөрийн гарын шавь нараа бэлдэх гэнэ” хэмээх сургийг элсэлтгүйн улмаас жүжигчин мэргэжлээр сурахаа нэг жилээр хойшлуулаад байсан залуус “олны салхи”-наас мэдээд үүнд л тэнцэж, түүний номын дууг сонсохын мөрөөсөл болно. Тухайн үед уг бүтээл ид хит болж байсантай ч холбоотой биз. Түүний анхны анги дахь хот, хөдөө нутгаас шигшигдсэн 25 “хүүхэд”-ээс хожим хэд хэдэн Урлагийн гавьяат зүтгэлтэн, Гавьяат жүжигчин тодорсон. Хүнгэнэсэн сайхан хоолойтой, уужуу монгол эрийн төрхтэй, уурласандаа төмөр хувингаа хийстэл, зад өшиглөдөг Арслан “Тоншуул” сэтгүүлийн шог зураач, Соёлын гавьяат зүтгэлтэн А.Гүрсэдийн өргөмөл хүү. Тэрбээр 1949 онд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрж, 1966 онд драмын төв театрт дагалдан жүжигчнээр ажиллаж эхэлсэн ч цэрэгт татагдсан байна. Жүжигчдийн дурссанаар, Доржсамбуу гэгч амандаа дуу аялсан, цагаан цамцтай, халзан толгойтой нөхөр халагдаж ирүүтээ тус театрын үндсэн уран бүтээлч болсон аж. Төд удалгүй ЗХУ-ын Киев хотын Театр, урлагийн сургуульднайруулагч мэргэжлээр суралцан төгсөж, 1981 оноос УБДС-ийн кинодрамын ангид багшилсан юм. Үүний сацуу УДЭТ-терөнхий найруулагчаар ажиллан, бүрэн хэмжээний 18 жүжиг үзэгчдэд хүргэжээ. Түүнчлэн “Гарын таван хуруу” (1983), “Тунгалаг тамир” (1973), “Загийн алим” (1984), “Саруул талын ерөөл” (1984), “Мөнгөн буйл” (1985), “Их замын тоос” (1985), “Найрын ширээний ууц” (1992) зэрэг 20 гаруй дэлгэцийн уран бүтээлд ажилласан байна.

Түүнийг талаар ярих гэж буй бол найруулах болон жүжигчний уран чадварыг нь ангилж тайлбарлах нь гарцаагүй зөв. “Говийн зэрэглээ”, “Би нисэх дуртай” хоёрт нов ногоон онгоц гардаг. Аль алинд нь Ардынжүжигчин Д.Гүрсэд нисгэгчийн дүрд тоглож, Г.Доржсамбуу моншиж, мунгинадаг даа. Ямар сайндаа л “Эндээс амьд буулгавал өвлийн идшийг чинь даана шүү” гэж хашхирах вэ дээ. Мөн аавыгаа өөр эмэгтэйд, ээжийгээ мөнх бусад алдсан таван хүүхэд амьдарч байсан хашааны банзыг төмөр иштэй сүхээр нэг нэгээр нь хэмх цохидог “зэвүүн амьтан”-ыг уншигч та бүхэн санаж буй байх. Түүний үйл хөдлөл, царайны хувирал тэр чигтээ гэрийн эзэнгүй айлд зайдалдаг бэртэгчнүүд хаа сайгүйг, Шагдарын босгосон амьдрал нь нүднээ илхэн нурж буйг илэрхийлсэн сүрхий агуулгатай хэсэг юм шүү.
“Янзган зоотой шарга морийг нь, Янцгаах чимээгээр таньсан юм аа хө” гэж дуулж очоод Номинд алгадуулдаг цайлган хийгээд мэдрэмжгүй, хүүхдээрээ Арслан амьдралд ч ийм чанартай хүн байсан гэж дурсдаг. “Найрын ширээний ууц” жүжигт хурга, ишиг, эцэг, эх малаа ялгаж мэдэхгүй хотын залуусын хөглөж буй инээдтэй түүх гардаг ч гэлээ толгой дундуур тас татаад авах шиг агуулгатай буюу өнөөгийн хэллэгээр “dark comedy” хэмээх эмгэнэлт инээдмийн бүтээлийг ч тэр тухайнцагтааурлажбайв. Нэг кинонд их уужуу сайхан залуу гарах бол “Саруул талын ерөөл”-д ховч, зальхай яруу найрагч Балбар мэтийн ар нуруу руу “хутгалдаг” хуншгүй эр бийг ч тэр үзэгчдэд харуулж чадсан. Тэгэхээр Г.Доржсамбуу амласан дүрийнхээ донжийг олж, сэтгэлд хоногштол бүтээдэг, гол нь зохиолынхоо утга санааг яв цавилэрхийлэхэд төвлөрдөг нэгэн байжээ.

1990 он буюу ардчилсан Монгол Улсын анхны Үндэсний их баяр наадмыг найруулсан хүн бол эчнээ Гүрсэдийн Доржсамбуу. Энэ үеэр анх удаа есөн хөлт цагаан тугаа залж, төрийн тэргүүн цагаан эсгийт индрээс ард иргэддээ хандан үг хэлдэг найруулгыг тэр л хийжээ. Түүний эл найруулга эдүгээ ч төрийн ёслолын дэг хэвээр буй. Түүнээс өмнө 1980-аад он буюу дэлхий дахинаа орчин үе гэгч ид эхэлж байсан цагт Б.Балжинням, И.Нямгаваа, Г.Доржсамбуу нарын хэдэн найруулагчийн нэр хамгийн шинэ уур амьсгалтай, залуусын нүдийг нээсэн агуулга, өгүүлэмжтэй уран бүтээлүүдэд үзэгдэх болсон юм.
Өмнө нь дурдсанчлан, түүний дааж авсан анхны ангийн хүүхдүүдэд Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг, Д.Цэрэнсамбуу, Н.Пүрэвдорж, Гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг (Ааяа), С.Лхагвасүрэн тэргүүтэй уран бүтээлчид байна. Түүнчлэн Ё.Алтангэрэл, И.Одончимэг, Л.Дэмидбаатар, Ж.Сүххуяг, Ж.Оюундарь, Н.Онон нарын жүжигчид түүнээс эрдмийн дуу сонсож явжээ. Тэд УБДС-ийн Б байрны 401 тоот ангид бужигналдаж өнгөрснөө дурсаж, Г.Доржсамбуу багш бол жүжигчин “төрүүлдэг” найруулагч гэж үздэгээ ч нуугаагүй юм. Манай сонины 2018 оны зургаадугаар сарын 26-ны дугаарт “Найруулагч ханийнхаа тархи нь, бас зүрх нь” хэмээх нийтлэл гарсан. Үүнд түүний гэргий, “Хүүхдийн театрын” гэгдэх Соёлын тэргүүний ажилтан Ц.Цолмон “Хоолыг нь “амаа олохгүй” идсэн хүмүүс “Та амталж болгосон л болохоос бусдыг нь бид хийсэн шүү дээ” гэхэд “Энэ чинь найруулагчийн ажил” гэдэг байсан. Хадам аав, ээж минь их сайн хүмүүс. Бид насаараа цуг амьдарсан. Нэг ч удаа үг зөрж байгаагүй. Бид хоёр өглөө гараад, тус тусын театр руу явна, орой ирнэ, хүүхдүүд өвөө, эмээтэйгээ тайван сайхан байж байдаг байсан. Баяр ёслол болно, бид бас л эзгүй. Ийм л амьдрал дунд хүүхдүүд минь хүн болсон” хэмээн ярьсан нь бий.

Харин түүний хүү Д.Амар “Яг үнэндээ бага байхад аавын тоглосон кино зурагтаар гарахаар “Маргааш яаж хичээлдээ очно оо” гэж яс хавталздаг байлаа. Хүүхдүүд Арслангийн зулзага энэ тэр гэж дуудаад хэцүү шүү дээ. Эцэг, эхийн хурал болж, аав ангид ирэхээр бас ядаргаатай санагддаг байсан. Бараг л Майкл Жексон ирсэн юм шиг л хүүхдүүд дагаж, хуйларч гүйгээд үнэндээ хэцүү. Бага байхад ийм л байдаг байсан даа” хэмээн нэгэн ярилцлагадаа дурсаж байжээ.
Г.Доржсамбуу найруулагчийн тухай бараг бүтэн ном бичиж, судалгааны ажил хийж болмоор. Энэ нийтлэлд түүний уран бүтээл, амьдралын талаар цухасхан дурдлаа. Тэрбээр “Намайг хэн явсныг тэнгэр мэднэ” гэж их хэлдэг байж. Түүний явсан зам мөрийг мөнх тэнгэр ч, үзэгчид ч мартахгүй биз ээ.
Д.Сэлэнгэ
