Улсын болон нийслэлийн төсвийн төлөвлөлт, зарцуулалтын ил тод байдалд дүн шинжилгээ хийж, олон нийт, тэр дундаа залуучуудад таниулах зорилгоор “Төсвөө мэдье, төсвөө мөшгөе” нөлөөллийн кампанит ажлыг 2023 оноос хойш өрнүүлж буй “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллагын дэд захирал З.Энхбаяртай ярилцлаа. Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих, тэдний нийтлэг эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийгмийн олон бүлгийн төлөөллөөс бүрдсэн төрийн бус 18 байгууллага эл эвсэлд гишүүнчлэлтэй байдаг. Мөн тэд санхүүгийн салбарын мэргэшсэн шинжээчдийн зөвлөх хорооны тусламжтайгаар төсөвт хяналт тавьдаг аж.
-2026 оны улсын төсвийг хэлэлцэх үйл явц өрнөж буй энэ үед тухайн чиглэлээр ажилладаг та бүхэнд юу ажиглагдаж байна вэ?
-Бид 2023 онд зөвхөн нийслэл, есөн дүүргийн хэмжээнд төсвийн төсөл болон батлагдсан төсөвт хяналт тавьсан. Харин энэ жилээс улсын төсөвт төвлөрөн ажиллах боллоо. Гэхдээ удахгүй нийслэлийн төсөв хэлэлцэх үеэр хяналт тавьж оролцохоор төлөвлөж байгаа. Өнөөдрийн байдлаар 2026 оны улсын төсвийн төсөлд дүн шинжилгээ хийхээс гадна холбогдох төрийн байгууллагуудад албан бичиг, зөвлөмж хүргүүлэх замаар хамтран ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн төсөв огт нээлттэй биш, үргэлж албан бичиг өгч байж хариултаа авдаг байв. Уг нь бол мэдээллүүд нь нээлттэй, цахим хуудсандаа хуулийн дагуу цаг хугацаандаа нийтэлсэн байвал бид нэвтрэн татаж аваад, дүн шинжилгээ боловсруулан иргэдэд хүргэх ажлаа хийхэд амар. Гэвч одоог хүртэл нээлттэй, ил тод байдал гэх гоё үгнээс цаашгүй байгаа учир байгууллагуудад бид шаардлагаа хүргүүлсээр. Энэ жилийн хувьд манай улс анх удаа иргэдээсээ төсвийн төсөлд санал авлаа. Цахим талбараа ашиглан И-монголиа системээр иргэд саналаа өглөө. Түүний дийлэнх хувь нь залуучууд байсан нь үнэхээр сайшаалтай. Гэхдээ энэ санал авах үйл явц иргэдийн оролцоог оромдсон хэлбэр ажиглагдсан. Хяналт тавьж байгаа байгууллагын хувьд наймдугаар сарын 4-нөөс эхлэн 14 хоног бүх салбар яамны төсвийн төслийг хэлэлцэнэ гэх хэлэлцүүлэгт биечлэн оролцож, Сангийн яаманд холбогдох дүгнэлт, санал, зөвлөмжөө хүргүүллээ.
Хэдийгээр анх удаа зохион байгуулж байгаа боловч цаашид иргэдийн саналыг тусгах боломжгүй, зүгээр Эдийн засгийн хөгжлийн яамнаас тогтоосон хязгаарт багтаасан төсвийн төслөө бид ингэж боловсруулсан гэдэг мэдээллийг яамдын албаны хүмүүс танилцуулж харагдсан. Иргэдээр хэлэлцүүлсэн гэж харагдах боловч ямар ч санал авах боломжгүй мэдээлэл хүргэхийн оронд төсвөө төлөвлөх үе шатнаас эхлэн иргэдээс санал авах нь хамгийн үр дүнтэй. Мөн яамд ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж, ямар үр дүнд хүрэх гэж төсөөлсөн бэ гэдгээ танилцуулаад явбал илүү бодитой болох байв. Одоо бид төсөл хэрхэн батлагдаж, яаж хэрэгжихэд үргэлжлүүлэн хяналт тавих болно.
- “Төсвөө мэдье, төсвөө мөшгөе” нөлөөллийн ажлыг өрнүүлээд хоёр жил болжээ. Энэ хугацаанд төсвийн хяналтын чиглэлээр ямар өөрчлөлтүүд гарсан бол?
-Төрийн зарим байгууллагуудтай албан байдлаар түншилж ажиллаж байна. Өмнө нь үр дүнгүй зарцуулалтуудын талаарх тоон мэдээллүүдийг олон нийтэд хүргэж, шүүмжлэх талаас ажиллаж байсан бол одоо төрийн нээлттэй эх сурвалжуудаас дүн шинжилгээ хийх мэдээллээ авдаг болсон. Төсвийн болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу эдгээр мэдээллийг хүсэж байна гэсэн утгатай албан бичигт төрийн зарим байгууллага хариуцлагатайгаар боломжит хариуг өгдөг болсон. Харин Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар гэх зэрэг байгууллагаас бидэнд өгч байгаа хариу албан бичгийг харахаар үнэхээр ойлгомжгүй, хариу л явуулах ёстой гэсэн хандлагаар учир битүүлэг, төөрөгдүүлсэн, өөрсдөд нь хамаарах мэдээллийг холбогдох байгууллагаас авна уу гэх мэт төрийн албан тушаалтан бичсэн үү гэмээр алдаатай, утга зүйн хувьд асуудалтай хариулт ирэх тохиолдол бий. Тэгэхээр бид аль болох төртэй түншилж, иргэдэд хэрэгтэй мэдээллийг албан эх сурвалжаас авахад илүү анхаарч байна. Тухайлбал, энэ жил төсвийн үр ашиггүй зарцуулалттай холбоотой ажлуудад АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийнхэнтэй хамтран шалгалт хийлээ. Үүний үр дүнд Баянгол дүүрэгт явган зам, ногоон байгууламж бүхий тохижилтын ажлын явцад гарсан зөрчлүүдийг олон нийтэд танилцуулсан. Энэ нь илүү иргэдийн амьдралд ойр буух асуудлууд байв. Сүүлийн үед явган зам, бордюр солих ажлуудад иргэд маш их шүүмжлэлтэй хандах болсон шүү дээ. Тэгвэл эл шалгалтаар төсөл төлөвлөлтөөс гүйцэтгэл хүртэлх бүх шатанд хариуцлагагүй байдал, ашиг сонирхлын зөрчил, мэргэжлийн хяналтгүй, хууль тогтоомжийн зөрчлүүд байсныг ил болгосон. Өөрөөр хэлбэл, иргэдийн шүүмжлэлийг бид баталгаажуулсан. Газар дээрээ энэ ажлууд гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт хангалттай өрсөлдөөнгүй буюу бидний ярьдгаар тендерийн асуудалтай, зураг төсөлгүй, чанар стандарт нь нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц бүтээн байгуулалт хийж байгааг харах үнэхээр харамсалтай. Бусад дүүрэгт зөрчилтэй байсан компани дахин шалгарч, бүрэн бүтэн байсан явган замыг хуулж аваад шинээр сольж байлаа. Үнэхээр л төсвийн үр ашиггүй зарцуулалтын хамгийн том жишээ тэнд өрнөсөн. Тиймээс энэ үзэгдлийг дахин давтахгүй байх, иргэдэд ээлтэй төсөвлөлт байгаасай гэж ажиллах ёстой юм байна гэж бодсон. Үүнийхээ хүрээнд АТГын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран ажиллах хэд хэдэн төлөвлөгөө гаргаад байгаа.
2026 оны Улсын төсөв батлагдахаар өнгөрсөн оны болон энэ жилийн төсөвт тусгасан авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тендер, төсөл арга хэмжээг хянахыг хичээнэ. Мөн манай байгууллагаас өнгөрсөн тавдугаар сард “Берлиний хана” гэгдээд байсан “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд хийсэн үерийн далангийн ажлын дүн шинжилгээг олон нийтэд танилцуулсан. Түүний үргэлжлэл болгон “Сэлбэ сэргэлт” багц төслийн талаар олон нийтэд танилцуулах дүн шинжилгээ хийхээр бэлтгэж байна. “Сэлбэ сэргэлт” төслийг хэрэгжүүлэхээр 2021 онд судалгаа хийж, 2023 онд зураг төслийг нь баталсан гэх боловч төрийн нээлттэй мэдээллийн санд үүнтэй холбоотой захирамж, шийдвэр, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө байдаггүй. Худалдан авах ажиллагааны зарлал оруулсан ч үр дүнгийн мэдээлэл байхгүй. Мөн 2020-2025 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнгийн тайланд энэ талаар огт тусгаагүй нь анхаарал татдаг. Мөн 34 км урттай, 33 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт бүхий замын борд¬юр солих ажил, авто зогсоолуудын асуудлаар АТГ-ын шалгалтуудын дүгнэлт, тайланд тулгуурлан иргэдийн өдөр тутмын амьдралд ойр төсөв төлөвлөлтийн талаар тоон баримт, дүн шинжилгээ танилцуулахаар ажиллаж байна.
-Монгол Улсад төсөв хэлэлцэх батлах үеэр л иргэдийн дунд шүүмжлэл, мэтгэлцээн өрнөөд түүнээс хойших зарцуулалт, гүйцэтгэл, тайлагналын шатанд олон нийтийн анхаарал суларчихдаг. Үүнтэй санал нийлэх үү?
-Тийм ээ. Гэхдээ иргэдийг хяналтгүй байна гэж шууд хэлж болохгүй. Өдөр тутмын завгүй амьдралтай иргэд төсвийн нарийн мэдээллийг ухаад сууж байхгүй шүү дээ. Харин тэр завгүй иргэдэд төсвийг ойлгомжтой болгох, “зажилж” өгөх ёстой. Бүр хуулиараа нээлттэй, ил тод, ойлгомжтой хүргэх үүргийг төрийн байгууллага хүлээж байгаа. Гэтэл тийм хүсэл эрмэлзэл сайн биш учраас манай төрийн бус байгууллага аль болох залуучуудыг төсвийн асуудалд оролцуулах, анхаарлыг нь татах, тэр олон тоог “зажилж” өгөх зорилготой ажиллаж байгаа юм. Төсөв гэдэг асуудал өөрөө ямар ч улс төрийн тоглоом, эсвэл хэн нэгний эрх ашгийн төлөө батлах, хэрэглэх сэдэв биш. Гагцхүү иргэдийн татварын мөнгөөр бүрэлдэж буй төсөв Монгол Улсын иргэдийн эрх, үр ашигт суурилсан тэдэнд ээлтэйгээр төлөвлөн батлах ёстой. Гэтэл хамаарал бүхий эрх ашигтнууд тендерээр бизнес хийж, улс төрийн сандал суудал, тойргийнхоо сонгогчдод таалагдахын тулд ямар ч тооцоо судалгаагүй төсвийг улсын төсөвт суулгуулахаар улайрдаг асуудлууд байж болохгүй. Энэ мэт шуурганаас иргэдэд чиглэсэн үр ашигтай төсвийг төлөвлөхөд хэвлэл мэдээллийн салбарын үүрэг, бас боловсон хүчний чадамж их чухал гэж хардаг. Завгүй иргэддээ төсвийн асуудлаар дагнан бичдэг хэд хэдэн байгууллага байдаг бол их дэмтэй. Иргэд ойлгомжтой мэдээлэлд өгөх хариу үйлдэл нь утга учиртай шаардлагуудыг Засгийн газарт тавьдаг болно гэж боддог.
-Сая та иргэд оролцоогоо хангахад гадаад хүчин зүйлсүүд хангалтгүй байгаа тухай ярилаа. Иргэдийг төсөвт хяналт тавьдаг болоход нь ямар хөшүүрэг хэрэгтэй вэ?
-Тасралтгүй мэдээлэл. Би дээр яриандаа дурдсан, Засгийн газар анх удаа иргэдээрээ төсвөө хэлэлцүүллээ гээд байна. Гэхдээ тэдний оролцоог оромдсон, иргэдийг тайвшруулсан үр дүнгүй хэлэлцүүлэг болсон гэж. Жишээ нь яамдын хэлэлцүүлгийн үеэр ямар ч мэдээлэлгүй иргэд очоод, засаг төр сонсож байна гэж итгээд баахан амьдралын асуудал, зарим нь бараг төсөв төлөвлөхтэй огт хамааралгүй, зүгээр салбарт нь ажилладаг хүний дотоод бухимдлаа ярьсаар тайвширч харьдаг, төрийн байгууллага болох яамд иргэдээ сонссон болоод тарж байх жишээтэй. Дараа жил ингэмээргүй байгаа юм. Төсөвт үнэхээр санал авах бол эхлээд тооцоо судалгааг нь танилцуулж, эрэмбэлэн гаргаад иргэдэд улсын эдийн засгийн асуудлыг ойлгуулахыг хичээх хэрэгтэй. Шинэ оны гуравдугаар сараас эхлээд төсөв боловсруулж эхлэх, төлөвлөх үе шатнаас нь иргэдийг оролцуулдаг механизмуудаа ажиллуулах хэрэгтэй байна.
Түүнээс биш аль хэдийн төслөө боловсруулчхаад бид ингэлээ гэж танилцуулахгүй, ингэж тооцоо хийлээ, яамд ийм үр дүнд хүрнэ гэсэн зорилтуудаа танилцуулдаг байх шаардлагатай. Залуучуудын хөгжил оролцооны чиглэлээр ажилладаг манай байгууллагын хувьд энэ жил Монгол Улс хөгжлийн бодлого төлөвлөлт хийгээд төсөвт залуусын асуудлыг хэрхэн тусгасан байна гэдгийг илүүтэй ажиглалаа. Залуучууд бор зүрхээрээ, ажил, амьдрал гээд үнэхээр өөрсдийн эрүүл мэнд, сэтгэл зүй, гэр бүл төлөвлөлт, хөгжилд анхаарахгүй чимээгүй аж төрдөг, гомдоллодоггүй бүлэг юм байна. Тийм нийгмийн бүлэг учир улс залуучуудад дэмжлэг хэрэггүй гэдэг бодлого түлхүү байдаг нь яам болгоны хэлэлцүүлгийн үеэр тэтгэвэр, халамжийн зарлага л илүүтэй яригддаг. Гэтэл хүн амын гуравны нэг нь 15-34 насныхан. Ажиллах хүчин гээд татварын орлогыг бүрдүүлэгчид гэхэд хилсдэхгүй. Тэд анхдагч хэрэгцээгээ хангахын тулд завгүй ажиллаж, орон сууц, машин л чухал байна. Залуучууд яах вэ халамж хүсэх эрхгүй, нэг бол өөрсдөө оролцдоггүй гэсэн хандлагатай төрийн бодлого шийдвэр гараад байж болохгүй.
Манай байгууллага жил бүр залуучуудын хөгжлийн үндэсний чуулганыг зохион байгуулдаг. Энэ жил бид онцгойлон төсвийн асуудлаар, мөн залуучуудын асуудал бол бүх яамны бодлого шийдвэрт хамааралтай байх ёстой гэж үзэн уялдаа холбоотойгоор хэрэгжих нь эргээд нэгдсэн үр дүнд хүрнэ гэсэн зорилготой чуулганаа төлөвлөсөн. Энэ сарын 3-14-нд салбар яамд урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулахаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Европын холбоотой хамтран ажиллаж байна. Мөн бид 21 аймгаас бүсчилсэн байдлаар Дорноговь, Архангай, Ховд, БаянӨлгий аймагт урьдчилсан хэлэлцүүлэг хийлээ.
Хэлэлцүүлгээр Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга, 2025-2030 он хүртэлх төрөөс залуучуудын хөгжлийг дэмжих бодлого зэрэгт залуучуудаас санал авсан. Эдгээр урьдчилсэн хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгдсэн чуулганд танилцуулах юм.