Хөвсгөл аймгийн нийтийн номын сангаас монголчуудын үе дамжин тоглож ирсэн уламжлалт ардын наадгайг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, урлаачдын бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, худалдан борлуулах зорилгоор нэгэн сонирхолтой үзэсгэлэн дэлгэжээ. Үндэсний уламжлалт тоглоом наадгайн энэ үзэсгэлэнд сумын урлаачдын 40 гаруй бүтээлийг, тухайлбал, модон барын үүчүүр, шагай, сэнтий аравч зурхай бүхий шагайн харвааны иж бүрэн хэрэгсэл, уран нарийн сийлбэртэй хорол, алаг мэлхий, монгол шатар, оньсон тоглоомыг иргэдэд толилуулж байгаа аж.
Үзэсгэлэнгийн үеэр хүүхэд багачууд уламжлалт тоглоом наадгайгаар тоглож, номын сангаас зохион байгуулж буй бусад хөтөлбөрт хамрагдаж байна. Түүнчлэн монгол наадгайн гарал үүсэл, түүх, төрөл зүйл, тоглох арга, хийцийн талаар мэдлэгээ тэлцгээжээ. Уламжлалт тоглоом нь хүүхдийн сэтгэн бодох чадварыг сайжруулах, гарын жижиг булчингуудыг хөгжүүлэхээс гадна нөхөрлөл бий болгох, танин мэдэхүй, хүмүүжлийн олон талын ач холбогдолтой билээ.
Мөн нүүдэлчдийн ахуй амьдралд зохицсон, зан үйл, аж байдал, ёс суртахуун, оюун сэтгэлгээний тод томруун тусгал болдгоороо онцлогтой. Эрт үеэс л монголчууд хүүхэд ахуй¬гаасаа шилбүүр унах, чулуугаар гэр барин тоглох, чулуу таалцах, цүү хаях, шагай няслах, харвах, шүүрэх, морь, тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих, үүчүүр, хорол, алаг мэлхий өрөх, бөх барилдах, нум сум харвах, мөс мөргөлдүүлэх, дэмбээдэх, хуруудах, оньсон түлхүүрдэх зэрэг төрөл бүрийн найдгайгаар ур ухаан, авхаалж самбаа, мэдлэг чадвараа сорьсоор ирсэн юм .
М.Гэгээ