Л.Түдэвийн мэндэлсний 90 насны ойд зориулсан А.Цанжидын тэмдэглэлийг хүргэе
Хүн бүр нэг ертөнц юм. Оюун ухаандаа ертөнцийг тусгаж, өөрийнхөө хэрээр ойлгож, дүгнэж, түүнийхээ дагуу үйлдэж байдаг. Зарим нь аливаа юмны учрыг олох гэж зүтгэнэ. Зарим нь зүгээр л хүмүүс юу гэж ярьдгийг юм уу номд юу гэж бичсэн байдгийг дагана. Тиймээс хүн бүрийн ертөнц янз янз. Өргөн уудам, гэгээтэй, гэгээгүй, баян, ядуу. Түдэвийн ертөнц бол олон хэмжээстэй. Тэр ертөнц энд тэндээс нь гэрэл цацартал сайн боловсруулсан очир эрдэнэ шиг олон талтай. Түдэвийн ертөнц бол:
- Ухаарлын ертөнц
- Өргөн уудам, том ертөнц
- Баян ертөнц - Сонин ертөнц
- Хүүхдийн ертөнц
- Ёж ертөнц
- Дутагдалтай эвлэрдэггүй ертөнц
- Монгол ертөнц
Энэ удаад эл бүх ертөнцөд зоч лохыг түдгэлзэж Ухаарлын ертөнцийн нь өргөн үүдийг өчүүхэн төдий нээе. Түдэвийн бүхий л зохиол бү тээл нь өөрөө аливаа юмны учрыг олж ухаарах гэсэн, бусдыг, ялангуяа хүүхэд залуучуудыг ухааруулах гэсэн зорилго агуулж байдаг. Тийм учраас Түдэв гуайг “Ухааныг магтан дуулагч” хэмээн цоллож болно. Хорвоотой танилцсан туужис нь түүний өөрийн нь ухаарлын замнал, ухаарснаа бусдад түгээх сурах бичиг юм. Бага балчир үеэсээ бараг л өдийг хүртэл байгаль, дэлхий, хүний хорвоогийн учрыг олж, хужрыг тунгаах гэсэн эрмэлзэл, үүний үр дүнд олж авсан ухаан юм. Түүний “Ухаан” гэдэг туужид Гансум, Галцог гэдэг хоёр хүүхэд ухаан хүч чадал хоёрын аль нь илүү хүчтэй вэ гэдэг талаар маргалдаж, нотлох гэж оролдсон тухай гардаг. Түүнд ухаан хүчтэйгээс гадна нэг буй болсон ухаан өвлөгдөн нийгмийн баялаг болж байдгийг маш ойлгомжтой харуулсан байдаг. Эрдэм сурах, ухаарахын ач холбогдлыг уйгагүй сурталчлагч юм. Тэр бээр Монголын оюутны анхдугаар чуулган дээр “Хэрвээ техниктэй зүйрлэвэл оюутан хүн аккумлятор байж, нийгмийг хөгжүүлэх хөдөлгүүрийг ажиллуулах цэнэгээ оюутны ширээний цаана сууж байхдаа аль болох ихээр хуримтлуулж авах ёстой. Эрдмээр сайн цэнэглэгдэж чадвал бид төдий чинээ хол явна. Гэхдээ оюутан байх үеийнхээ дан мориор дагнавал бас л хол явахгүй нь тодорхой учраас зөвхөн цэнэг хуримтлуулах бус байнгын цэнэг шаардаж байдаг оюун санааны тийм өндөр идэвх олж, ардын ярьдгаар “зүгээр сууж чаддаггүй сайхан заншилтай хүн болох нь чухал байна. Нэгэнт оюун ухааныг үргэлж цангаж байдаг болгон сургасны дараа түүнийг тэжээх эх булаг арга хэрэглүүр шаардлагатай болно” гээд энэ нь хүн төрөлхтний хуримтлуулсан эрдэм ухааны баялаг гэжээ. (Хүн болох ухаан. Бүтээлийн чуулган. 13-р боть, 392 дахь тал) Тэрбээр зөвхөн эрдэм ном сурахыг сургамжлаад зогсохгүй хүүхэд залуучуудыг “суралцахад сургах” гэсэн орчин үеийн боловсролын шинэчлэлийн зарчмыг тэртээ 1980 онд ярьж байсан нь энэ хүний мэргэн ухааны нотолгоо юм. Түдэв гуай өөрөө тийм шинэ эрдэм мэдлэгээр “цангагч” байсан билээ. “Их унших, гүн сэтгэх, бүтээлч ажиллах, цаг хугацааг цагийн нарийн механизм шиг яг таг ашиглах, аливаа дэл сул занг үл таашаах, хүмүүст хариу нэхэхгүй тусч сэтгэлээр хандах, үзэл бодолдоо үнэнч байх, холч мэргэнээр угтан харах” гэсэн Түдэв маягийн аж төрөх ёсыг бий болгожээ (Х.Цэвлээ). Эрдэм ухааны ач тусыг бичсэн бараг бүх зохиол бү тээлдээ шингээсэн байдаг нь нэн сонирхолтой юм. Тэрбээр эцэг эхийнхээ тухай дурсамж бичсэн. Бичлэг нь ч өвөрмөц. “Миний аав, ээж тийм хүн байсан” гэж шууд бичээгүй бас л бага насандаа тохиолдсон үйл явдлуудыг хүүрнэх маягаар бичсэн байдаг. Гэвч тэдгээрийг уншихад эцэг эхийн нь дүр, хийж байсан ажил үйл нь ойлгомжтой байдаг. Тэгэхдээ анхааралтай уншвал эцгийн тухай дурсамж нь ажил хөдөлмөрийн тухай, юуг ч байсан хийгээд сурчихвал эрдэм ухаан байдаг тухай, эх оронч үзлийн тухай бичсэн болох нь ойлгомжтой болдог. Ээжийн тухай дурсамж бол монгол ёс заншлын танилцуулга, ардын ухааны толь байдаг. Ээжийн тухай дурсамжийн доторх жижиг хэсгүүдийн гарчиг нь “Шүд байхад ид, нүд байхад үз”, “Аргатай нь авдаг, аргагүй нь алддаг”, “Амны билгээс ашдын жаргал”, “Давс нэг эрдэмтэй, ерэн есөн гэмтэй, хужир нэг гэмтэй, ерэн есөн эрдэмтэй”, гэх мэт гол төлөв ардын цэц мэргэн ухааны охь шимээр нэрлэгдсэн байдаг билээ. Дотор нь бүр ч олон зүйр цэцэн үгийг ээж нь болон нутгийн буурлууд үйл явдалтай нь холбон хэлсэн байдлаар бичсэн нь ард түмнийхээ мэргэн ухааныг жишээ баримт дээр тулгуурлан ойлгомжтой, үнэмшилтэй болгосон Түдэв гуайн мэргэн ухааных юм. Тэрбээр ээжийнхээ тухай дурсамжийн эхэнд “Хөөрхий ээжээс минь тэгээд энэ хорвоод юу үлдэв? Арван зургаадугаар жарны цагаагчин гахай жилийн шинийн долоонд Өвөр замын бууцанд төрүүлсэн ууган хүү чинь үлдлээ. Ээжээс минь тэгээд хүү надад юу үлдэв? Яс махны чинь тасархай өчүүхэн хөвүүн наддаа насан туршдаа давтан хэлсэн үг сургаал тань үлджээ. Биеийг минь төрүүлсэн эжий таны минь үг сургаал хүүгийн тань сэтгэлийг төрүүлэн хатамжилжээ. Ээж таныхаа үг сургаалыг эхнээс нь эцэс хүртэл дахин нэг дурсан санаж буулган бичье дээ. Ганц хүүгийн чинь өмч байхаа больж, олон амьтны үрсэд хэрэг болбол болог. Тэгвэл ээж таны минь буян түмэнд хүртэх биз ээ. Таны минь үг сургаал хойчийн багачуулд өглөг болж, тэдний ээжийнхтэй нийлэн сүлэлдэж сэтгэл оюунд нь цагаан сүү болтугай” (Бүтээлийн чуулган, 4-р боть, 285) Эдгээр хэдэн өгүүлбэр ямар ч их ухаан, гүн санааг агуулна вэ? Түдэв гуай аливаа хөшөө дурсгалд дургүй байсан нь ярианаас нь мэдэгддэг байлаа. Түүний учрыг энэ хэдэн өгүүлбэрийг уншихад л ойлгогдоно. Эх, эцгийн дурсгалыг мөнхжүүлэх шилдэг арга бол буяныг нь түмэнд хүртээх юм байна шүү дээ. Тэгэх тэгэхдээ зан заншил, олон үеэр шалгарсан ухаан-эрдмийг түгээх нь түмэнд тустай, цаашилбал улс гэр ертөнцийн бууринаа бат орших хамгаалалт болдог байх нь. Түдэв гуайн бичсэнийг олон хүн, олон үеэрээ уншина гэдэгт би итгэлтэй байна. Тэгэхээр эцэг эхийнхээ хөшөө дурсгалыг мэргэн ухаанаар нь босгосон байна шүү дээ. Түдэв гуайгаас өөрөөс нь бидэнд ухаарал хайрласан олон боть ном нь үлдэж дээ. Тэдгээр нь түүний өөрийн нь, түүний мэргэн ухааны нь хөшөө дурсгал юм. Унших, судлах, ой тойндоо оруулах нь түүний буяныг өөртөө шингээж, түмэнд түгээж байгаа хөшөө дурсгал нь юм даа.
Түдэв гуайн зохиолыг уншихад сайн бодвол маш нарийн зүйлийг ч ухаарч болно. Түүний бичсэн “Ээж” гэдэг шүлэг 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойд зориулан гаргасан “Монголын шилдэг яруу найраг” номд гарсан юм. Тэгэхэд би арав гаруй настай, бусад хүүхдийн л адил аливаа юмыг гүнзгий ухаарах чадвараар хоосон л байж дээ. Тэр шүлэг нь:
“Хөвчийн өндөр модонд
Зулзган хөхөө хавшина.
Хөндий ногоон зүлгэнд
Зуслангийн айлууд цайрна.
Амралтаар яваа намайг
Өссөн нутаг минь угтана.
Алаглан ганхах цэцгүүд
Өнгө хослон дохилзоно.
Буудал мөөгний цуваа шиг
Өргөө гэрсийн дундаас
Буурал асын үүр шиг
Өөвгөр гэр тодров.
Мандарваа цэцгийн хүрээ шиг
Хонгор хүүхнүүд дундаас
Жадарваа модны хожуул шиг
Бөөвгөр авгай тодров.
Сиймхий ч бол гэр минь тэр билээ.
Сэгсгэр ч бол ээжий минь тэр билээ”
Энэ шүлгийг уншихад 1959 онд Сайн усны голд буусан албан журмын сүү бэлтгэх сүүний тасгийн олон гэр, мал сүрэг, тэр голын мод, хөхөө шувуу яг л дүрээрээ буудаг байлаа. Яг манайхны тухай биччихсэн ч юм шиг. Тэгэхдээ миний гайхлыг төрүүлсэн зүйл нь гэр болон ээжийгээ дүрсэлсэн хэсэг нь байв. Яагаад ингэж бичиж байгаа юм болоо. Үнэхээр л ийм гэртэй тийм авгай байсан юм болов уу гэж бодно. Тэгсэн ч гэсэн ингэж бич мээргүй юм. Нацагдорж ээжийн тухай “Монголын үзэсгэлэнт саран гуа, намайг төрүүлсэн эжий” гэсэн байхад Түдэв гуай ингэж бичиж байдаг. Монгол шилдэг яруу найргийн номд орсон болохоор сайн л шүлэг байж таарна.
Би үүнийг учрыг нэлээд хожим ухаарлаа гэж өөрийгөө боддог. Магадгүй амьдралын сайн муу юмыг үзсэн маань ч намайг ухааруулсан байж болох юм. Ертөнцөд сайн муугаас нь үл хамааруулан ямар ч болзолгүйгээр хайрлах ёстой юм гэж байдаг ажээ. Түүнд юуны өмнө эцэг эх. Цааш нь томсгоод бодвол төрж, өссөн нутаг, эх орон. Хөгжлөөр дорой байсан ч Монгол минь, утаа униартай байсан ч Улаанбаатар минь минийх чинийх, биднийх. Болзолгүйгээр хайрлах ёстой юмны чинь түрүүч билээ. Зарим хүн “Утаанбаатар” гэж шоолсон ч юм шиг, тавласан ч юм шиг ярихад хотоо биш, тэр хүнд дургүй минь хүрдэг билээ.
Энэхүү бяцхан тэмдэглэл маань Түдэвийн ухаарлын ертөнцөд бяцхан хөл тавих төдий юм. Түүнийг “ухааныг магтан дуулагч”-ийн хүүхэд залууст хандсан өөрийн нь үгээр төгсгөе дөө.
“Эрхэм дүү нар аа! Эрт урьдын цагт хүн дөнгөж бий болж байхдаа хүч чадлаар ч дорой, эрдэм ном ч мэддэггүй явжээ. Тэр хүн дээлээ ч оёж өмсөж чаддаггүй, хоолоо ч хийх аргыг мэддэггүй, гэр орон ч үгүй байлаа. Байгалийн ширүүн үзэгдэл, элдэв араатан амьтны зэрэг гар хоосон, бие нүцгэн хүн гагцхүү ухаанаараа тэмцсээр байж ялсан юм. Загас шиг сэлдэггүй, шувуу шиг нисдэггүй боловч хүн түүнийг хийж сураад газар, ус тэнгэр гурвыг эзэгнэн захирчээ. Дэлхий дээр хүнээс том, хүнээс хүчтэй амьтан асар олон боловч тэд цөм хүний захиргаанд оржээ. Яагаад тэгсэн бэ гэвэл хүн хэдийгээр эвэргүй, соёогүй, туурайгүй боловч ухаанаа задалж, хорвоог танин мэдэхийг чармайсны үрээр хүчээр биш ухаан хөдөлмөр хоёрыг хослуулснаараа ялагдашгүй хүчтэн болжээ. Тийнхүү миний бяцхан дүү та нар энэ хорвоогийн ялагдашгүй хүчтэн юмаа.” Одоо харин эзэгнэсэн байгалиа эргэж тордох Ухаан хэрэгтэй болсныг ч Түдэв гуай хөндөж “байгаль орчныг хамгаалах нь залуусын зайлшгүй үүрэг”, Байгаль-бидний хоёр дахь ээж” хэмээн одоогоос тавин жилийн өмнө бичиж байжээ. Энэ тухай дараа бас өгүүлэх болно.