“Зөвөөс болж зовсон амьдралын чинь зам дуусаж
Зөрж, хараалгасаар яваад л баатар чи орчлонг орхино
Харин тэгэхэд хаврын дэлхий амилан сэргэх мэт
Хатан дэлхийд алдар чинь амьдралаа эхэлнэ”
Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангаас билгүүн номч Бямбын Ринченд зориулсан энэхүү дөрвөн мөрт гар бичмэлээрээ Завхан аймгийн музейд буй. ХХ зууны Монголын тэргүүн эгнээний сэхээтэн, их зохиолч, нэрт эрдэмтэн, дуун хөрвүүлэгч, угсаатан судлаач Б.Ринчен баавай 32-хон насандаа “хувьсгалын эсэргүү” гэгдэн хэлмэгдэж, ид хийж бүтээх үедээ амьдралынхаа хайран сайхан таван жилийг шоронд өнгөрүүлжээ. Тэрбээр насан туршдаа “үндсэрхэг үзэлтэн” гэдэг хоёр үгийг нэрнийхээ өмнө овог шигээ хамт “авч” явсан тул найрагч нөхөр нь 1956 онд ийм мөртүүд зориулж байж. Үнэхээр ч Б.Ринчен хэмээх эрхэм хүмүүн монгол хэл, соёл, угсаатны үнэт өвийг хамгаалан хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэрийг таниулах зорилгод бүхий л амьдралаа зориулсан, түүний роман, тууж, өгүүллэг, яруу найргийн бүтээлүүд үндэсний ёс суртахуун, эх оронч үзэл, монгол хүний гоо зүйн итгэл үнэмшлийг гүн ухааны түвшинд өгүүлдгээрээ утга зохиолын түүхэнд онцгой байр суурь эзэлдгийг хойч үеийнхэн өдгөө магтах үгээ олж ядан бахархдаг.
Монгол Улсын Засгийн газраас 67 дугаар тогтоол гарган, Төрийн шагналт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, академич Бямбын Ринчений мэндэлсний 120 жилийн ойг 2025 онд улсын хэмжээнд тэмдэглэхээр шийдвэрлэсэн билээ. Уг тогтоолын дагуу ССАЖЗ-ын сайдын тушаалаар ШУА, Хэл, зохиолын хүрээлэн, Архивын ерөнхий газар, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, МУИС, МУБИС, Олон улсын Улаанбаатарын их сургууль, МОНЦАМЭ агентлаг, Сэлэнгэ аймгийн ЗДТГ болон олон улсын монгол судлалын байгууллагууд, судлаачдын төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулагдаж, нэрт эрдэмтний мэндэлсний 120 жилийн ойн арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна. Ойн хүрээнд “Б.Ринчен судлал-120” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнгөрсөн баасан гарагт Архивын ерөнхий газарт зохион байгуулж, “түүхийн гэм”-ийг цайруулах үүрэгтэй өнөөгийн судлаачид нэрт академичийн амьдрал, эрдэм судлалын замнал, бүтээл туурвилын өвийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хамтран хэлэлцсэний зэрэгцээ архивын ховор баримт, ном зохиол, эд өлгийн зүйлсийн үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүлэв.
Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, монгол хэл шинжлэлийн ухааны ууган доктор, Төрийн шагналт, еншөөбү овогт Б.Ринчен 1905 оны арваннэгдүгээр сарын 21-нд Хиагтын Наймаа хот буюу одоогийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт сэхээтэн Раднаажавын ууган хүү болон мэндэлсэн байдаг. Аав нь манж, хятад, орос хэл сайн мэддэг тул Хиагтын хязгаарын комиссарын яамнаа манж, хятад, монгол хэлний орчуулаг чийн алба хааж явжээ. Тэрбээр Ринчен хүүгээ долоон настайд нь монгол, манж хэлтэй нэгэн хүмүүнд шавь оруулж, бичгийн хүн болох замыг нь нээж өгснөөр цаашид номын амтанд улам орж, Оросын хязгаарын комиссарын яамны монгол, манж хэлний орчуулагчаар орос хэл заалгасан байна. Түүнчлэн 1914 онд Дээд Шивээний дундад сургуулийн бэлтгэл ангид шалгуулан тэнцэж, гурван жилийн дараа хоёрдугаар шатны сургуулийг нь төгсөн, 1924 онд Ленинград хотын Дорно дахины хэлний хүрээлэнд суралцжээ. Чухам тэнд л монголч эрдэмтэн Владимирцов, Козин, энэтхэг судлаач Олденбург, төвдөч Шербатской, дорно дахины түүхч, академич Бартольд, түрэг хэлний профессор Юдахин, академич Шерба, Марр зэрэг “аварга”-ын үг сургаалыг сонсон ухаан тэлж, амжилттай суралцан төгсжээ.
Академич Б.Ринчений бичгийн машин, гар бичмэлүүд
120 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД Б.РИНЧЕНИЙ ГЭР МУЗЕЙГ БАЙГУУЛЪЯ
1927 оноос Гэгээрүүлэх яамны харьяа Судар бичгийн хүрээлэнд ажиллаж, эрдэм шинжилгээний бүтээлүүдээ бичиж эхлүүлсэн тэрбээр орос, чех, англи, герман, польш, франц, эсперанто, манж хэлтэй байж. Ийм ховорхон эрдэмтнээ 1937 онд хэрхэн хэлмэгдүүлэн баривчилсан тухай хүү Барсболдтой нь одоогоос 10 жилийн өмнө уулзахад ийн ярьж байлаа. “Бид түүхээ сайнтай, саартай нь хамт мэддэг байх ёстой юм. Монголын ирээдүй болсон залуус маань өмнөх ой санамжаа мартаж, хоосон, цэвэрхэн толгойтнууд болох вий гэхээс эмээдэг. Тийм хүмүүсийг удирдахад их амархан байдаг. Ямар ч Засгийн газарт, дээд зэргийн ардчилсан оронд ч хүртэл дуулгавартай ард түмэн хэрэгтэй байдаг гэж үгтэй юм. 1930-1940өөд онд Монголын сэхээтэн, жирийн ажилчид, орчлон ертөнцийн бодит байдлыг ухаарч эхэлж байсан залуу үеийнхэн голдуу 100 орчим мянган хүнээс 40-өөд хувийг нь хэлмэгдүүлээд цаазаар авчихсан шүү дээ. Аавыг хүртэл Японы тагнуул гээд 1937 онд ялын дээд хэмжээ оноож байсан. Азаар тэр үед манай нам засгийн удирдлагуудад Сталинаас ирсэн захиаг орчуулж, хариу би чүүлэх орос хэл сайн мэддэг хүн хэрэгтэй болоод аавыг санан, “Хэрэгтэй нөхөр байна” гээд цаазаар авахаа больж, 10 жил хорих ял ногдуулсан байдаг юм. Харин 1943 онд Эх орны дайны үед манайхан оросуудыг дэмжих сонин гаргахаар болсон тул аавыг суллаж, редактороор нь ажиллуулсан. Хэдийгээр шоронгоос гаргасан ч бүр хожим буюу 1963 онд л аавыг ямар ч гэмгүй гэдгийг нь тогтоож, төр засгаас цагаатгасан шүү дээ. Бас л хэцүү шүү. Ямар сайндаа 2005 онд 100 жилийнх нь ойгоор Дэнзэнг өвөөгийнхөө хөшөөг бүтээхэд би нээлтэн дээр нь очоод “Энэ бол зөвхөн манай аавд биш, тэр үеийн Монголын төлөө гэсэн чин сэтгэл, зүтгэлтэй олон монгол хүнд зориулсан хөшөө болох байх” гэж хэлсэн” хэмээсэн түүний дуу хоолойны өнгөн дэх хөндүүр одоо ч тодхон санагдаж байна.
2015 онд нэрт эрдэмтнийхээ 110 жилийн ойг Монголын төр, засаг тэгж ингэсхийгээд өнгөрүүлсэнд сэтгэл дундуур байсан Р.Барсболд агсан өдгөө “Үндэсний бичиг соёл-Монгол бахархал” уриан дор улс орон даяар бү тээлч аяныг өрнүүлж, академич Б.Ринчений соён гэгээрлийн үйл хэргийг олон нийт, хүүхэд залуучуудад таниулах, эх хэл, бичиг соёлоо эрхэмлэн дээдлэх сэтгэлгээг төлөвшүүлэх ажлыг өргөн цар хүрээтэй зохион байгуулж байна” гэх мэт хөөргөн мэдэгдэл, мэдээллүү дийг тэнгэрээс хэрэв харж байгаа бол нэг зүйлд ихээхэн гомдож, санааширч буй биз. “Аавын минь амьдарч байсан байшинг (хуучнаар Багш нарын 28 айлын орон сууц) хотын захиргааныхан бидэнд мэдэгдэлгүй, нууцаар дуудлага худалдаанд оруулж, зарсан нь өдгөө хямдхан баар цэнгээний газар болсонд үнэхээр харамсдаг” хэмээн тэрбээр ярьж байлаа...
Монгол хэл, соёлын төлөө амь биеэ үл хайрлан тэмцсэн билгүүн номчийн үр хүүхдүүд, ач зээ нар нь тэнд үндэсний өв соёлоо сурталчлан таниулах гэр музей байгуулах чин хүсэлтэй байж. Монгол хэлний зүйн 50100 жилийн түүхийг өгүүлэх номуудаас нь эхлээд Б.Ринчен гуайн бичиж туурвисан болон хэрэглэж байсан үнэ цэнтэй, ховор нандин бүтээлүүдийг өөрсдөө л өмчилж хав дарах бус, гэр музейд нь байрлуулж, хэрэгтэй хүмүүс нь хүссэн үедээ ашиглаж байг гэсэн санааг нь гүйцэлдүүлэх төр, засаг байх, эсэхийг таашгүй. Достоевскийн, Бальзакийн гэр музей гээд соёлт хүн төрөлхтний дунд, өв соёлоо эрхэмлэн дээдэлдэг улс орнуудад ийм жишээ бишгүй олон билээ. Харин Монголд болохоор “Энэ байшинд Бямбын Ринчен амьдарч байлаа” хэмээн нэрт барималч Лхамсүрэнгийн гараа гарган чулуун дээр сийлж бичсэн гэсэн гоёмсог самбарыг далдлан өнөө хэр цэнгээний болон үйлчилгээний газрын хаягууд ээлжлэн байршдаг нь гунигтай.
“БАГШ МИНЬ МОНГОЛЫН ТӨЛӨӨ Л ТЭГЖ АМЬ ХАЙРГҮЙ ЯВСАН БОЛОХООС МОНХОР ГАЛСАНГИЙН ТӨЛӨӨ БИШ”
Хэл шинжлэлийн нэрт эрдэмтэн Чой.Лувсанжав, С.Лувсанвандан, Я.Цэвэл, Ц.Шагдарсүрэн, Д.Цэрэнсодном, угсаатны зүй судлаач Х.Нямбуу, С.Бадамхатан зэрэг цөөн боловч чанартай шавь төрүүлсэн хүн бол гарцаагүй Ри багш гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Б.Ринчен гуайн отгон шавь, Төрийн соёрхолт Ц.Шагдарсүрэн “Багшийнхаа нөмөрт жаран хоёр жил” нэртэй цогц бүтээлээ 120 жилийнх нь ойд зориулан туурвижээ. Багш, шавь хоёрын хамт өнгөрүүлсэн үнэ цэнтэй дурсамж, урьд өмнө хэвлэгдэж байгаагүй архивын ховор түүхэн баримтууд болон шинжлэх ухааны эрдэм судлалын өвийг анх удаа олон нийтэд нээлттэй хүргэж буй нь соёлын өв судлаачид, эрдэмтэд, оюутнуудад үнэтэй эх сурвалж болох гэнэ. Хүний эрхийн тунхаглалыг аль тэртээ 1940-өөд онд эх хэлээрээ орчуулан, манайд хүний эрх ямар байгааг эргэж нэг хараач гэдэг ухуулга сурталчилгааг өөрийнхөө хэмжээнд хийж явсан түүх ч энэ эрхэм хүмүүний намтарт бий.
Т.Галсан зохиолчийг хөдөө цөлөгдөж, тэмээ хариулж явахад нь Ринчен гуай хүнээр хэл дамжуулан, “Төдөн сарын төдөнд Түйн голын гүүрэн дээр уулзъя” гэдэг болзоо тогтоосон байна. Өөрийнхөө “дагуулууд”-ыг архи, хүүхэн хоёроор аргалж, С.Лувсанвандан шавиараа мануулчихаад, Т.Галсан гуайтай очиж уулзаж байжээ. Тэгээд “Мөс мөнх биш шүү. Нэгэн цагт бүх зүйл өөрчлөгдөнө. Чи дэлхийн сонгодгуудыг сайн унш. Бас юуны төлөө долоон үеэрээ туульч удамтай хүн билээ. Монгол “Жангар”-аа хэлхээд бай” гэж захисан гэдэг. “Багш минь Монголын төлөө л тэгж амь хайргүй явж байсан болохоос монхор Галсангийн төлөө биш шүү дээ. Хэрэв миний төлөө байсан бол хэдэн талх, хиам аваачиж өгнө биз дээ. Ийм л агуу их сэтгэлтэй хүмүүн насан туршдаа үзэл суртлын хар сүүдэрт “дарагдаж” байсан. Гэхдээ аугаа их хайрхан бол галан галавт хайлдаггүй, усан галавт урсдаггүй юм билээ. Шоронд байхад нь ариун цэврийн хэрэгслийн зориулалтаар өгсөн франц хэлний толь бичгийг нүдлээд, хэлийг нь сурчихсан хүн шүү дээ” хэмээн Ардын уран зохиолч тэрбээр эрхэм багшийгаа дурсан ярив.
Б.Ринчен гуайнх гурван охин, ганц хүүтэй. Голомт залгах хүү Р.Барсболд нь Монголын урдаа барьдаг палеонтологич, түүний хөвгүүд болох Б.Лигдэн, Б.Дэнзэн нар ч нэртэй сэхээтэн, уран бүтээлчид болцгоон, удмаа залгаж яваа. Нэрт эрдэмтэн маань насан туршдаа үзэл суртлын хатуу хараа хяналтын дор амьдарч ирсэн ч үе үе зохиол бүтээлээ хэвлүүлсний хөлс гэж хөөрхөн хэдэн төгрөг авдаг байжээ. Гэхдээ түүнийгээ хань ижил, үр хүүхдэдээ зарцуулахаас илүү номонд үрдэг хүн байсан гэнэ. Гадаадын ховор, сонин сайхан номуудыг захиалж авахын тулд өнөөх мөнгө нь рубль, долларын ханшийн зөрүүнээс болоод хэд дахин хуваагдаж, нүдэн дээр нь хэдхэн валют болохыг ч үл ажран Монголын ирээдүй хойчид хэрэгтэй гэсэн ном болгоныг цуглуулдаг байж. “Өвөөгийн маань гэрт үнэтэй тавилга үгүй, гайгүйхэн хивс хүртэл байгаагүй. Энгийн л нэг дундаж амьдралтай айл байсан. Харин эрдэм номын төлөө бол юугаа ч хайрлахгүй. Үр хүүхдүүд, ач, зээ нарынхаа мэргэжил сонголтод ч өвөө тодорхой хэмжээгээр нөлөөлсөн” хэмээн ач хүү Б.Лигдэн нь саяхан болсон эрдэм шинжилгээний хурлын үеэр тодотгон хэлсэн юм.
Л.Ганчимэг