“Silk way star” шоуны эцсийн шатны шалгаруулалт Казахстаны Астана хотноо уржигдар болсон юм. 10 дугаарын туршид Казахстаны төдийгүй гадаадын орнуудын олон сая үзэгчийг байлдан дагуулсан эл шоуны тэргүүн байрын шагналыг Ж.Мишээл хүртлээ. Тэрбээр уралдааны эхний шатанд “Бундан улаан” хэмээх бүтээлийг дуулж үзэгч, шүүгчдээс өндөр үнэлгээ авсан бол хоёрдугаар шатанд Казахстаны алдарт дуучин Аяугийн “Сыбырлайн” хэмээх хит дууг амилуулсан юм. Тэгвэл Ж.Мишээл финалын шатанд өөрийн зохиосон “Монгол” хэмээх дуугаа амилуулж шилдгээр шалгарав. Харин хоёрдугаарт Казахстаны дуучин шалгарсан бол гуравдугаар байрт Узбекистаны уран бүтээлч эрэмбэлэгдсэн байна. “Silk way star” уралдааны эхний улирлын ялагчийг шүүгч дийн шийдвэр 50, олон нийтийн цахим санал хураалт 50 хувь гэсэн хосолсон системээр тодруулсан бөгөөд үзэгчид silkwaystar.org цахим хуудсаар дамжуулан дэмжиж буй оролцогчдодоо санал өгчээ.
Энэхүү шоуны финалын шатанд Монгол, БНХАУ, Армени, Гүрж, Казахстан, Узбекистан, Малайз улсыг төлөөлөн Азийн хамгийн хүчирхэг дуу хоолойтой долоон оролцогч эх хэлээрээ дуулан өрсөлдөж, үндэстний соёлын өв, дууны хэв маягийн олон янз байдлыг үзэгчдэд толилуулснаараа онцлог юм. Финалын шатны үзүүлбэрүүд өвөрмөц содон найруулга, визуал дүрслэл болон тайзны шийдлээрээ үзэгчдийг бишрүүлж байв.
“Silk way star” шоу нь цар хүрээгээрээ өдгөө дэлхийн хамгийн том дууны уралдаануудын нэг болсон бөгөөд “Eurovision”-той эн зэрэгцэхүйц түвшинд хүрчээ. Түүнчлэн дуулах урлаг, тайзны шийдэл, зохион байгуулалт, олон улсын хамтын ажиллагааг өндөр түвшинд харуулснаараа улс орнуудын соёлын солилцооны чухал талбар болсныг зохион байгуулагчид онцоллоо.
Э.Сондор