Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн туурвисан бүтээлүүдийн ноён оргил гэгддэг “Инээмтгий хүн” романыг “Про” театрынхан 2023 онд тайзны бүтээл болгосон. Түүгээр үл барам тайзны бүтээл болгохдоо визуал хэлбэрээр туурвиж, олонд хүргэсэн юм. Тэгвэл тус театрынхан “Инээмтгий хүн” визуал драмын жүжгээ Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн тайзнаа энэ сарын 28-30-нд дахин үзэгчдийн хүртээл болгох нь. Жүжгийн үйл явдал XVII-XVIII зууны зааг үед Англид өрнөнө. Энэ зохиолд Лорд Линней Кленчарлийн азгүй хайр дурлал, золгүй хувь тавиланг зүрх шимширмээр өгүүлсэн бөгөөд тэрбээр юу ч мэдэхгүй нялх багадаа муу хүмүүсийн гарт орж үзэшгүй муухайгаар зэрэмдэглүүлнэ. Золоор амьд үлдсэн лордын хүү Гуинплен хэмээх нэр зүүж хэрмэл жүжигчин болсноор жүжиг цааш үргэлжилнэ. Эл уран бүтээлийг 2023 онд анхлан үзэгчдэд хүргэсэн бөгөөд тухайн жилдээ “Гэгээн муза” олон улсын театрын наадмаас шилдэг найруулагч, жүжигчин, хөгжмийн зохиолч, залуу уран бүтээлч тэргүүтэй шагнал хүртэж байв. Мөн 2023 оны “Мөнгөн мод” наадмаас шилдэг зураач, шилдэг жүжигчний шагналыг тус тус хүртсэн юм.
У.Цэцэг