Үргэлжлэл. Түрүүч нь 2025 оны арваннэгдүгээр сарын 19-ний №214 (8278)-д
Л.Түдэвийн мэндэлсний 90 насны ойд зориулан бичсэн А.Цанжидын тэмдэглэлийг хүргэе.
Хэрвээ гүйлгэхгүйгээр бодож, тунгааж унших юм бол Түдэв гуайн оюун санааны ертөнцөөр аялах нь маш урт хугацааг эзэлнэ. Унших тусам шинэ шинэ онцлог нь нүдний өмнө тодорч, тэгэх тусам гайхах, энэих хүнтэй уулзаж, учирч явсандаа бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрнө.
Түдэв гуайн оюуны ертөнц бол шинжээч ертөнц юм. Хорвоотой танилцсан түүхээс эхэлсэн шинжээчийн ажлаа тэрбээр насан туршаа хийж иржээ. Тийм болохоор хүмүүсээс хүсдэг, хүмүүст ерөөдөг зүйлийн нэг нь шинжээч байх тухайд юм. Надад бэлэглэсэн “Монгол шинжээч” гэдэг номынхоо эхний хуудсан дээр“Монголын нийгмийг шинжээч эрдэмтэн Цанжидтандаа дурсгав” гэж бичсэн байдаг юм. Их хүнээс ийм үгтэй номыг нь дурсгалд авсандаа бахархаж, баярлах боловч сайн бодоод үзвэл энэ нь надад зориулсан ерөөл, надад өгсөн даалгавар байжээ. За хүү минь, номд мэргэн, нойронд сэргэг, дайнд баатар, далайд усч болоорой гэдэг шиг.
Харин Түдэв гуайн өөрийн нь ботиудыг эргүүлж суухад тэрбээр ямар олон талыг хамарсан, нягт нямбай, гярхай шинжээч байсан нь мэдэгддэг. Өнгөрсөн, өнөө, ирээдүйг шинжинэ. Очсон газар орон, үзсэн юмаа шинжинэ. Цаг уур, ургамал амьтныг шинжинэ гэх мэтээр түүний оюуны дуран авайд өртөөгүй юм ховор. Одоо цагийн эрдэмтэн болохоор зүтгэж яваа залуусаас эхлэн улс орон, аймаг, сумыг удирдах ажилд сэтгэл шулуудсан хүмүүс хүртэл хэн бүхэн Түдэв гуайн ботиудыг шүүрдэн үзвэл шинэ санаа, арга барилыг олох нь гарцаагүй. Энэ эрхэм хүн биднийгээ орхин явснаас хойш ч хүмүүс Нүүр номын хуудсанд түүний үг сургаалаас дурдан бичих нь элбэг. “Хүмүүний хамгийн том албан тушаал бол хүн байх явдал”, “Тарж нутаглаарай, нутаг олдохгүй, хот олдоно”. Энэ хэдэн мөрийг бичиж суугаа мөчид Нүүр номыг нээхэд л ийм сургаал олдож байна. “Амьд мөртлөө үхсэн юм шиг хүн байх юм, үхсэн мөртлөө амьд юм шиг хүн байх юм” гэсэн үг байдаг. Түдэв амьд юм шиг байж, зохиол бүтээл нь олон үед ухаан хайрлах нь лавтай юм.
Хоосон үгт болохуйн тулд Түдэв шинжээчийн зарим шинжээнээс өчүүхэн төдий сануулья. Тэрбээр одоо нэгэнт хуучин зууны хүмүүс гэж нэрлэгдэхээс өөр аргагүй болсон зургаан тэрбум хүн XX зуунд юу хийсэн юм бэ хэмээн асуугаад эл асуултад бүрэн хариулах аргагүй ч товчхон хариулж болно хэмээн айлджээ.
Нэгд зууны буян. Юуны өмнө XIX зууны нээлт төдий байсан цахилгаан эрчим хүчийг эзэгнэн амьдрал ахуйдаа хүртэл хэрэглэх болсон нь хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, амьдралыг өөд татахад чиглэсэн буянт үйлс байжээ. Дараа нь түүнийгээ хөгжүүлэн цөмийн болон халуун цөмийн эрчим хүч гарган авдаг болж, шатахижээ.
XX зуун хүнд жигүүр хайрлаж, агаараар нисдэг аэроплантай болсноо улмаар пуужин зохион бүтээж сансарт нисжээ. “Улсынхаа хилийг алхахад бэрхшээлтэй байсан хүмүүс дэлхийнхээ дээснээс алдуурч саран дээр очоод эргэж ирснээр зориг орж, итгэл төрөөд мөдхөн улаан нүдэн гариг дээр морилохоор зэхэж байна”
XX зууны бас нэгэн буян нь гарвал зүйн ухааныг нээсэн явдал ажээ. “Гарвал зүйн ухааны нууцыг мэдэрснээр хүн мөнхийн шидийг олох түлхүүрийг гартаа хийлээ. Хонины арьснаас эс ялгаруулан төлжүүлээд Долли гэдэг хонь гаргаж авав”.
XX зууны буянг тоочивч баршгүй бөгөөд товчлон хэлбэл макро, микро ертөнцийг танин мэдэх чадвар эзэмшсэн, мэдээллийг холын зайд дамжуулж чаддаг, хүн хиймэл эрхтэн хийж, өөрийгөө сэлбэж чаддаг болсныг онцолсон байна. Хуурай хэдэн үгээр тухайлснаа хүлцэж, эдгээрийн заримынх нь талаар өөрийн нь хэлсэн үгээр дамжуулья. “Ганцын дуу хоолойг эхнэрээс нь өөр хүн үл сонсоно” гэдэг байсан хорвоод хэдэн сая хүн нэгэн зэрэг хэн нэгний үгийг сонсож дүрсийг нь үздэг болтлоо хүн төрөлхтний дуу хоолой чангарлаа.” …“Хүн өөрийнхөө зүрх, бөөр зэрэг таван цулыг орлуулах юм хийж чаддаг болсноор ёстой нөгөөх “чулуун зүрхтэй” гээч нь төрсөн ажээ. Тийнхүү “хүн сэлбэгийн” ухаан энэ зуунд бодитой болж аль ч эрхтэнээ сэлбэж, засаж чадах ухааныг оллоо. Харин уураг тархийг одоохондоо орлох зүйл гараагүй ч компьютерийн ухаан асар хүчтэй боллоо”.
Хоёр. Зууны нүгэл. Европоос дэгдсэн дэлхийн хоёр дайн бол ХХ зууны хамгийн том нүгэл ажээ. Энэ хоёр дайны хөлд амь үрэгдсэн хүний тоо энэ зууны эхэнд Африкт аж төрж байсан хүний тоотой тэнцэх ажээ. Бүхэл бүтэн тивийн хүнтэй тэнцэх хүн эрсэдэхээр тийм дайн гаргах нь зайлшгүй биш байсан гэдэгт Түдэв гуай итгэж байгаагаа илэрхийлжээ. Яагаад гэвэл дайн ямар нэг гадаад хүчний нөлөөгөөр биш, хүмүүсээс өөрсдөөс нь болж гарсан хэрэг. Үй олон хүнийг егүүтгэж, хот балгадыг нурааж, эдийн засгийг сүйтгэсэн дайн болоод өнгөрсөн боловч дэлхийд буун дуу гарсаар л байгааг сануулжээ. “НҮБ -ын Аюулгүйн зөвлөлийн гарын таван хурууны дайтай цөөхөн гишүүн орнууд өөрснөө цөмийн зэвсэг баригч юм”. Энэ өгүүлбэрийн цаана Түдэв гуайн хүн төрөхтний ирээдүйд зовнисон сэтгэл байгааг уншигчид мэдрэх биз ээ. “Хүн хүнээ хөнөөн түрэмгийлээд зогсоогүй, байгаль эхийгээ хохироож буй нь үдэж буй зууны арван хар нүглийн хамгийн хүнд юм”. “Түүхээс авсан хамгийн сайн сургамж бол хүмүүс түүхээсээ сургамж авдаггүй” гэсэнүг байдаг. Өнөөгийн дэлхий ертөнцийг байдлыг шинжвэл энэ үгэнд үнэний хувь бий бололтой. Тийм болохоорл Түдэв гуай хүн төрөлхтөнд өнгөрсөн үеийг нь байнга сануулж байх учиртай гэж бодсон ажээ.
Гурав. Зууны өв. ХХзууны өвд сайн нь, муу нь ч байгаа ажээ. Хамгийн үнэт өв бол хүн. “Эрх чөлөөтэй, эрдэм чадвартай, эрмэлзэл тэмүүлэлтэй хүн амаараа ХХзуун хосгүй буюу”. Зууны эхэнд ганц тэрбум байсан дэлхийн хүн ам зууны эцэст зургаан тэрбум болсон байна. “Зургаан тэрбум хүний 12 тэрбум гаруй гайхамшгийг бүтээж чадна” Учир нь хоёр дахь том өв бол хүний оюун ухаан, ур чадвараар буй болсон шинжлэх ухаан, техникийн ололт. Өөрөөр хэбэл хүн урьд урьдынхаасаа илүү танин мэдэх, бүтээх чадвартай болсон нь үнэлж баршгүй өв юм. Харин “Зууны маань хөлийн харавдарт “эргүү шийдэм” үлдсэн нь ХХ зууны өвийн хог новш юм. Улс бүрийн зэвсгийн санд тэсрэх бөмбөг, хүний хороор дүүрэгсэн бортогонууд, дэлбэрэх завь, бялтат сум, түүнийг шүрших их бага гарын буу, муу сайн жад, сэлэм хүртэл овоолоостой үлдлээ.”
ХХ зууны Монгол Улсыг шинжвээс ташуураасаа өөр зэвсэггүй шахам байсан монголчууд энэ зууны эхэнд хийсэн хоё рхувьсгалаараа тусгаар тогтнолоо сэргээсэн, гаднынхан мөхөж буй мөхөж буй үндэстэн гэдэг байсан 550 мянгахан хүн ХХзууныг хоёр сая таван зуун мянгуулаа үдэж байгаа нь зууны ололт ажээ. “Монголчууд ХХ зуунд эрх чөлөөг байлдан олж, эрүүл энхийг тэмцэнэ зэгнэж, эрдэм соёлыг чармайн хүртэж, улсынхаа тусгаар тогтнолыг 1911 онд ч, 1921 онд ч, 1945 онд ч, 1961 онд ч, 1981 онд, 1990 онд эр зориг, эрэмгий чадал, эрдэм номын хүчээр дахин дахин ертөнцийн чихнээ дуурсгаснаа хоёр зууны зааг дээр омог бардам хэлэх эрхтэй юм.” 1981 оныг онцлон дурдсан монгол хүн сансарт ниссэн нь Монголын амжилтыг ХХ зуунд мөнхөлсөн бас нэгэн үйл болжээ.
Бүхэл бүтэн зуунд хүн төрөлхтөний үйл хөдлөл, оноо алдаа ямар байсныг цэгнэж энэ нь хамгийн том ололт, энэ нь хамгийн том алдаа гэх нь хэр барагтай хүний хийх ажил биш юм. Энэ бол Түдэвийн энтэй хүний л хийх ажил юм даа.
Шинжлэхийн учир бол гэм согогийг олж, хүмүүс т сануулна, засна, арилгана гэсэн үг биз ээ. Түдэвгуай өнөөгийн амьдралыг шинжин юу нь болохоо больж байгааг бидэнд бас сануулсан байдаг юм. Тэрбээр өнөөгийн бидэнд зургаан зүйлийн эрдэнэ гэмээр эрхэм юм бий аж. “Ээ гурван эрдэнэ минь! Эрдэм ном, эрүүл бие, эд баялаг! Эх орон, эвнэгдэл, эрх чөлөө! Ээ гэх авиага арамалсан эрдэм ном, эрүүл бие, эдийн засаг, эвнэгдэл, эрх чөлөө, эх орон энэ зургаан зүйл хамаг үйлсээ дархалцгаая!” гэжээ.
Түдэв гуай эдгээрт гэм сэв оруулж байгаа нь маргаашийн муу ёр хэмээн бидэнд сануулжээ. “Өнөөдрийн бидэнд гурван эрдэнэ буюу “Эрдэм ухаан, эрүүл мэнд, эд баялаг байна уу хэмээн асуугаад “Эрдэм сурахаа эрхлэж цэнгэхээр сольсон. Эрүүл мэндээ архи, тамхи, зодоон нүдээн, осол, хордлогоор сольсон. Эдийн засгаа идэж ашиглах, гуйж гувших, өглөг горьдон бадар барихаар сольсон. Толгойд маань шартах, гэдсэнд маань шарлах, хормойд маань салхи орсоор байна” хэмээсэн нь ухааруулах гэснийх болохоос муулах гэснийх биш билээ. Эл шинжээг одоогоос хорь гаруй жилийн тэртээд хийжээ. Одоо ямар байгааг мэргэн уншигчид маань өөрсдөө шинжих биз ээ.
Түдэв гуайн шинжсэн болгоныг багтаан бичих боломжгүй юм. Бүх бүтээл нь ямар нэг хэмжээгээр шинжилгээг, шинэ санаа дүгнэлтийг агуулж байдаг. Нэг жишээ хэлэхэд хоолны хордлого гэдэг юу вэ гэдэг талаар шинжин энэ бол урьд нь “их юм уу хурц хоол идсэнээс болж шар хөдлөх, пологтох” зэргийг хэлдэг байсан бол орчин үед хүнсний чанар, агаар, усны бохирдол зэрэг олон хүчин зүйлээр үүтгэгдэн хоол далдуур, аажмаар хордуулж байдаг хэмээн шинжиж хоолны хордлого гэдэг бол “пологтохоос” өргөн ойлголт болсон хэмээн дүгнэжээ.
Хорвоотой танилцана гэдэг бол түүнийг шинжинэ гэсэн үг ажээ. Түдэв гуай хорвоог таних гэж зүтгэхдээ өөртөө гэхээсээ илүү төр түмэнд тустай байх гэж хичээдэг байсан билээ. Заримдаа түүний үг хатуу, ёжтой ч гэсэн юмны голыг олсон байдаг юм. Шинжлэхээс шинэчлэл эхэлдэг жамтай. Түдэв гуайн шинжээч уламжлалыг өвлөн авч өнөөгийн нийгмийг шинжин шинэчилбээс түүний алдар гавьяаг мөнхлөх нэгэн зүйл болох биз ээ.