Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом 43” яруу найргийн наадам Бүгд Найрамдах Улсаа тунхагласан өдөр болж өнгөрөв. Уг наадам нь зөвхөн шилдэг шүлэг шалгаруулаад зогсохгүй шинэ авьяасыг түгээн дэлгэрүүлэх, уран зохиолын ертөнцийг шинэлэг санаагаар баяжуулдаг хэмээн үзэгчид үздэг. Энэ жилийн шилдгээр МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч, сэтгүүлч Н.Минжинсайхан тодорсон бол дэд байрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Торой, гутгаар байрт “Болор цом”-ын эзэн найрагч До.Болдхуяг, дөрөвдүгээр байрт М.Цэдэндоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Б.Эрдэнэ-Очир, тавдугаар байрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Ганхүрэл нар шалгарсан юм.
Жил бүр тус наадмыг тойрсон “Ийм шүлэг түрүүллээ гэж үү дээ”, “Хуучинсаг, хэн шалгарах нь анхнаасаа тодорхой байдаг”, “Хэдэн шүлэг шүүж, уралдааны морь шиг үзүүр түрүү өгөх нь утгагүй зүйл” гэхчлэн шүүмжлэл өрнөдөг. 1983 оноос хойш эдүгээг хүртэл зохион байгуулж ирсэн “Болор цом” бол олон түмнээ танигдсан яруу найргийн наадам гэдэг нь гарцаагүй үнэн. Гэвч уг наадмаар Монголын яруу найраг, үндэсний уран зохиолын цар хүрээ, түүний сэтгэлгээг барагцаалж, хэмжиж болохгүй. “Болор цом” зохион байгуулснаараа дотоодын уран зохиолын дэвшилд ахиц авчирч буй хэмээн сэтгэх дарга, сайд нарт л асуудал байна. Хүний оюун бодол, сэтгэлээс “ургах” мөртүүдэд оноо өгч, сайн муугаар жагсаах нь ч анхнаасаа дэндүү утгагүй хийгээд зохимжгүй. Түүнчлэн “Болор цом”-ын эздийг жил бүр “нулимж” сууснаас мөр мөрөөрөө уран бүтээлээ туурвиж, олон улсад өрсөлдөх нь илүү чухал сан.
Уг наадам уламжлал ёсоор жил бүр болно. Олон найрагч оролцож, цаашид ч шилдгээ шалгаруулна. Үүнийг буруутгах аргагүй. Харин хов, хор хутгаж, харааж, ерөөж, “наадам хэсэгч” гэж нэгнээ гоочилсноос унаган авьяас билгээрээ яруу найргийн өндөрлөг өөд мацаж, бусдын сэтгэлийг хөвсөлзүүлсэн олон сайхан шүлгээрээ мөнхөд дурсагдах, уран зохиолын салбараа өнгө, өөдтэй болгох нь хэн бүгдэд нээлттэйг сануулах нь зөв биз.
ТЭРГҮҮН БАЙР
Үг
Хамаг хайрыг би үгнээс авч
Хамаг хайраа би үгэнд юүлсэн
Үг миний үндэс хөрс
Үг миний өвөг дээдэс
Үггүйгээр би өнөөдрийг барж чадахгүй
Үггүйгээр би өчигдөрт харьж чадахгүй
Үггүйгээр би үнэн аж төрж, амьсгалж чадахгүй
Үггүйгээр би өргөн олон, өрөөл бусдыг ч хайрлаж чадахгүй
Үг миний мөргөлийн сүм
Үг миний өргөлийн сум
Үг миний өстөн дайсан, бас хань нөхөр
Үг миний өрөвч зан, бас тэсвэр тэвчээр
Дардан мөртөө замаа олоогүй үгэнд
Зам болж
Далавчтай мөртөө тэнгэрээ олоогүй үгэнд
Тэнгэр болж явдаг би
Үгэн дотор далавч байдгийг харж
Үг шувуу шиг нисэж дүүлдгийг ч үзэв би
Үгэн дотор өвс ногоо хөтлөлцөн ургаж
Үг үгийнхээ салхинд гандаж хагдардгийг ч танив би
Үг миний энхрий үрс
Үг миний эх нутаг
Үг миний эх орон
Үг миний эх дэлхий билээ.
Чулуу шиг үгэнд ус хадгалж
Нэлийсэн их далайг хурааж үзсэн би
Чулуу шиг үгнээс ус мөрнийг суллаж
Цэлийсэн тэнгэрийг амрааж ч явсан би
Уул шиг үгэнд тал сөхөрдгийг харж
Ухаант өвгөдийнхөө үг сургаалыг дагасан би
Ус мөрөн шиг үгнээс амьтан хүн ундаалахыг үзэж
Улс гэртээ эзэн суухыг ч таньсан би
Үг миний өдөр хоног
Үг миний чөдөр аргамж
Үг миний мөр зам
Үг миний мөрөөдөл хүсэл
Үг төрж, үг өсдөг хорвоод
Үг өвдөж, үг эдгэдэг орчлонд
Үг уйлж, үг дуулдгийг таньснаас
Үг өтөлж, үг үхдэгийг харсангүй би!
Үг миний туургат-гэр орон
Үг миний тусгаар тогтнол-эрх чөлөө!
ДЭД БАЙР
Явуугийн нүднээс гэрэл цацарна
Явуугийн нүднээс тэнгэрийн өехийг уулсын оргил өргөн алсалж
Янгирын сүрэг хавцлын хяраар цувран давах харагдаад
Хагших бүргэдийн сүрлэг далавч хацрыг минь шүргэж
Хаваржааны айлуудын утаа хачин гоёор угалзран гогцоорох үзэгдэнэ
Явуугийн нүднээс эртний харгуйн улбаа холхи одож
Янагийн болзоонд давхисан морьтны бараа тодроод
Тоонын дунгалд буусан сарны гэрэл дотор
Тохиол учралын шарангуй туульс уянгална
Явуугийн нүднээс цөөрмийн ус руу шөнийн одод харван шумбаад
Яруу сайхнаар хангинах бугын дуу уулс өртөөлж
Анчны отогт түүдгийн гал улалзан бадарч
Аргамаг хүлэг уяан дээр алсыг анирдан үүрсэнэ
Явуугийн нүднээс уттын болор мөрөн гилтэлзэн урсаж
Ятгын эгшиг бөмбөрч эргийн бургас найгаад
Эрт ирсэн хоёр ангир энхрий дуугаар ганганаад
Эвийн долгис эцэсгүй холд мяралзан одмуу
Явуугийн нүднээс адбиш шидийн гэрэл цацарч
Ягуухнаар тэлэн түгж тэнгэрийн мандал дүүрээд
Хөх дэлхий минь, дэлхий минь гэж хүү рүүгээ харах эх шиг
Хөлгөн их хайраар хайрлан ширтээд
Явуугийн нүднээс гэрэл цацарна
ГУТГААР БАЙР
Монгол бичиг
Судсаар нь хааны цус гүйсэн
Суут монгол бичиг мину
Мөрөөр нь үнэний нар гийсэн
Мөнх тэнгэрийн таалал мину
Есүнгэ мэргэний цэцийг гэрэлт хөшөөнд мөнхөлж
Есөн өрлөгтэй өнчин хөвгүүний шастирыг цэцэлсэн
Ертөнцийн хаад хас эрдэнийн тамгаа сийлүүлж
Есүхэйн хүү Тэмүгэ Нууц товчооноо сийрүүлсэн
Гэрэлт нарны дор аугаа хүчин нэмэгдэхэд
Гэрэгэ өвөрлөсөн элчтэй холхи замыг эвхсэн
Шихихутаг заргач их цаазаа дэвтэрлэж
Сэцэн Хубилай Цагаан түүхээ тэрлэсэн
Эзэн хааны зарлиг шиг эгц шулуун нуруутай
Эрхэс тэнгэрийн сувд Цолмон од шиг дусалтай
Эхнэр хүний намба шингэсэн анхил хар гэзэгтэй
Энхрий хүүхдийн согсоо шиг уян зөөлөн эвэртэй
Баян чинсан хөхөлбөр уулсыг илдээрээ хага зурж
Бандид Чойжи-Одсэр Зүрхэн тольтоо зүлгэсэн Гоо Филипп, Ромын папад Ил хаад зарлигаа хүргүүлж Гунгаа-Одсэр тэргүүтэн хөлгөн
Ганжуурыг хөрвүүлсэн
Цармын хярд зогссон тэхийн эвэр шиг титэмтэй
Цавчим өндөр хясааны ташсан сүүдэр шиг шилбэтэй
Цааны тасмаар гөрсөн чөдрийн алга шиг нумтай
Цаст уулын савдаг цагаан барсын соёотой
Алтан товчоо Лувсанданзан нойр хугаслан шигтгэж
Алтан ордын үйсэн дээр эхийн сэтгэлээр шимширсэн
Жанжаа хутагт Мэргэд гарахын орондоо заларч Жамбадорж бичээч Болор толио цайрдсан
Хиад боржигоны шүтээн цагаан шонхрын хумстай
Хаад дээдсийн сүлд онгин тамга шиг зартигтай
Халиун бугын эврээр матсан нум шиг орхицтой
Хангай говийн эзэн гэндүү ирвэсийн сүүлтэй
Саган сэцэн хунтайж Эрдэнийн товчоо барлаж Шамба эрх дайчин Асрагч нэртээ баринтагласан
Түмэдийн Алтан хааны цадиг туужийг дурайлгаж
Түмэнхэн цогт хунтайж Дуутын хадыг дуурсгасан
Аадрын үүлнээс нүргэлсэн аянгын гялбаа шиг ацагтай
Ам цагаан хул морины алтан зуузай шиг гэдэстэй
Ашид өөдөө дүрэлзэх галын сор шиг завжтай
Алив эрдмийг дэлгэрүүлж нүд нээх увдистай
Илэрхий зөөлөн авирт
Ногоон дарь эхийг дуртгаж
Эрдэнэ мэргэн бандид
Эсэруагийн охинд дурласан Тэнгэрлэг Гулиранс гурван ямхын хулсандаа шингэж
Дандар лхаарамба Хэлний чимгээ сайтар номлосон
Монгол дархны гагнасан цоожны өргөс шиг ацтай
Морины ташаанд дарсан дэгэрээ тамга шиг ангархайтай
Мөнх бусыг огооруулсан үүрийн туяа шиг цацлагатай
Мөрөн голын урсгал шиг тохойрч сүлжсэн зурлагатай
Цагаан толгой нүдэлмэгц Оюунтүлхүүрээр нээж ордог Жангар, Гэсэр, Хан харангуйн домог туулийн ертөнц
Номч мэргэн Инжиннаш Хөх судраа үзэглэж Ноён хутагт Равжаа Цаасан шувуугаа өдлүүлсэн
Аугаа их үндэстний аль ч ястан торолгүй уншдаг
Аялгуу бүхэнд зохирсон гайхамшигт өв соёл мину
Цагийн будан, мянган оны бартаа бүхнийг туучин
Цадиг түүх, өвгөдийн ухааныг тээж ирсэн хөсөг мину
ДӨРӨВДҮГЭЭР БАЙР
Дуртгалын алтан цулбуур
Дун цагаан будантай
Дуулга уулсын шилээр
Даавуун дээлтэй жиндээд
Даагатай шогшуулах сайхан юм
Дундаасаа дээш тооноор өнгийх уулсын
Дуртгал бүдэг дуут асгыг сэрээж
Аав Алтай уулсынх нь өндөрт
Адуу, хүн хоёр насаа гээж явах сайхан юм
Ботгоо алдсан ингэний сөөмөл саарал гуниганд
Бор тойрмын манан хөл алдан согтоод
Бөгтөр шаргал дэрсний сормуус нулимстахыг үзээд
Бүгээн хулдын говьд удаан амьдарсан нь жаргал юм.
Зуугуул цэнхэр салхинд нь зүрхний минь уянга хөг ороод
Зөрүүд хонгор чамд дурлаж явсан сайхан юм
Зүглээ цагаан сэтгэлээ зүүдэн нуурын захад тайлчихаад
Зөн цагийн аялгуунд нууж явах хөндүүрхөн юм
Хөлчүү цагийн салхи өвчүү цээж рүү минь алгадаж
Хүнийх болсон чинийхээ нүдийг санаж явах уйтай юм
Хөндүүр дүүрсэн зүрхнийхээ битүү цагаан лугшилтаас
Хүний охин заяаг харамлаж явах амьдрал юм аа
Амьдрал гэдэг алаг хүрдэн дунд
Ардын дуу шиг алтан үгс хүлхээд
Хөл минь сэм сэмхэн солбивч
Хүн мэдчих вий гэсэндээ аяар аяархан гишгэж
Хайрандаа дүрсэн дуртгалын цулбуурыг атгаад
Хаяа хааяахан би халамцуу алхдаг болсон.
ТАВДУГААР БАЙР
Чиний гар
Санаа бодлын минь үлэмжийн тод эгшиг чинийхээ гарыг зөөлхөн илбэе
Сайхан хайрын илхэн дурсамжаа сэрээж, өнгөрөгч цагийн хуудсыг эргүүлье
Аальхан чамдаа зүрхний дууг дуулж, хоёул хаврын цэцэрлэг рүү алхалья
Амраг чиний үзэсгэлэнд хорвоогийн үдэш үргэлжид мишээхийг мэдэрье
Чинийхээ гараас анх хөтөлсөн тэр нэгэн өдөр би усны бидэр мэт тунгалаг
Миний харцанд чи урьд үзээгүй тэнгэр, төөнүүлж үзээгүй гал мэт эрхэмсэг
Атгалцсан алган дээрээ үүрээ засах модны шувууд мэт чи бид ашид гэгээхэн
Алаг үрс, дулаан гэр, амтат жаргалын үр нүдэн дээр унах нь гайхамшиг
Үсний чинь долгио өдөр хоногуудын өнгө толио, цаг хугацааны яруухан гоёл
Үргэлжид чиний гараас хөтлөн нисэж яваа нь сэтгэл зүрхний чинь ариухан шид
Зовох, жаргахын алинд ч мөнхөд орших мэт мөрийг минь түшсэн чиний энхрийхэн гар
Зоргоор, дураар үйлийг минь ч илбэ мэт мартуулж зүүдийг минь манасан хөтөч
Тоост цэцэрлэгийн тэр нэгэн сандал дээр чиний гарыг дэрлэсэн хавар, зуны өдөр
Тогоруут намрын тэр нэгэн орой чиний гараас хөтөлж зогссон бодлогоширолдоо эргэж
Өндрийн цасан хаялсан өвлийн харанхуйд чиний гарыг атган зогссон мөчүүдээ тэвэрч
Үүрдийн энэ орчлонгийн аз жаргалтай инээмсэглэл мөн гэдгийг би хэзээд мэдэрлээ !
Ууланд минь ургасан Цагаан уул цэцгийн энхрий тунсаг адил чинийхээ гараас Ү
ргэлж мөнхийн шидэт рашааныг өдөр бүр уух адил чинийхээ дэргэд ярууснам
Ирж, одох цагийн дундаас мөнхийн нэгэн зүүдийг олж зүрхэндээ нууснаа илчлэх мэт
Эгшиглэнт тэр л цэцэрлэгийн сандал руу хэзээ үргэлжид хоёул хөтлөлцөн алхнам
Чинийхээ гараас атгасан амьдрал мөнх гэдгийг би өвлийн цасны будраанаас сонсож
Чимээгүй үүрийн алтан гэгээнд үлгэр мэт чинийхээ гарыг энхрийлэх нь үүрдийн зүүд ээ.
Санаа бодлын минь үлэмжийн тод эгшиг чинийхээ гарыг зөөлхөн илбэе
Сайхан хайрын илхэн дурсамжаа сэрээж, өнгөрөгч цагийн хуудсыг эргүүлье.
Д:Сэлэнгэ