Монгол Улсаас хууль бусаар хил давуулан худалдаж, Францын нутагт 2015 онд хураагдсан махан идэшт үлэг гүрвэлийн нэг төрөл болох Тарбозавр батаарын бүтэн олдворыг Монголын талд хүлээлгэн өгөх ёслол Парис хотод боллоо. Бүгд Найрамдах Франц Улс (БНФУ)-ын Төрийн сан, үйл ажиллагааны сайд Амели дэ Мончалин энэ сарын 8-нд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам, Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч У.Нямхүү нарт манай орноос гаралтай палеонтологийн 217 олдвор болон Тарбозавр батаарын чулуужсан араг ясыг албан ёсоор хүлээлгэн өгсөн юм. Францын гаалийн болон холбогдох бусад байгууллагын 2013 оноос хойш явуулсан мөрдлөгийн үр дүнд хураасан эдгээр палеонтологийн олдворын нийт өртгийг зургаан сая еврогоор үнэлж буй юм.
Хураагдсан эд зүйлсийн дундаас онцлох олдвор нь 70 сая жилийн настай, Тирексийн гаралтай гэгддэг Тарбозавр батаарын араг яс бөгөөд түүнтэй хамт динозаврын өндөг, өөр төрлийн үлэг гүрвэлийн олдворууд байжээ.
Ёслолын арга хэмжээний үеэр ССАЖЗын сайд Ч.Ундрам “Монгол Улс соёлын үнэт зүйлийн хулгай, хууль бус худалдаатай тэмцэх, түүний хор хөнөөлийг арилгах зорилгын төлөөх олон улсын гэрээ хэлэлцээр, конвенцын үзэл санааны талд тууштай зогссон. Энэ төрлийн гэмт хэргийг бууруулах, таслан зогсоох чиглэлд дэлхийн олон оронтой нягт хамтран ажиллаж байна. Үүний үр дүн ийнхүү гарч, Монголын говиос хулгайлагдсан үлэг гүрвэлийн чулуужсан олдворуудыг эх орондоо буцаах боломж бүрдлээ” гэв. Мөн “Эл үйл явдлын утга учир зөвхөн Монгол Улсын эрх ашгаар хязгаарлагдахгүй. Нийт хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийг хамгаалахын төлөөх хамтын ялалт юм” хэмээн тодотголоо.

Франц Улсын Гааль болон Төрийн сангийн дэргэдэх Гаалийн тагнуулын албаны мөрдөгчид, Санхүү, эдийн засгийн яамны залилангийн эсрэг Үндэсний албаны шүүхийн гаалийн байцаагчид хамтран удаан хугацааны турш мөрдөх ажиллагаа явуулсны үр дүнд эдгээрийг илрүүлж, хураан авчээ. Францын хууль сахиулах байгууллагынхан археологи, палеонтологийн олдвор, ялангуяа Бразил, Монголын газар шорооноос хууль бусаар ухаж авсан динозаврын чулуужсан ясыг худалддаг нэгэн томоохон сүлжээг 2013 онд илрүүлэн шалгаж эхэлсэн юм байна. Улмаар 2015 оны хоёрдугаар сарын 16-нд Лион хот дахь Гаалийн тагнуулын болон мөрдөн шалгах Үндэсний газрын хэлтэс, албад өөр нэг компанийн байранд нэгжлэг хийхдээ Тарбозавр батаарын араг яс бүхий есөн хайрцгийг илрүү лэн хураан авчээ. Үүний үр дүнд Лион хотын шүүхээс гаалийн байгууллагад мэдүүлэлгүйгээр зохион байгуулалттайгаар, хориотой бараа, бүтээгдэхүүнийг гарал үүслийн зохих нотлох баримтгүйгээр хадгалсан, эзэмшсэн гэх үндэслэлээр палеонтологийн олдворын хууль бус наймаачдад эрүүгийн хэрэг нээн шалгаж эхэлсэн аж. Мөн 2015, 2016 онд хийсэн нэмэлт нэгжлэг, үзлэг шалгалтаар палеонтологийн 217 шинэ олдвор хурааж авсан байна.