Энэ сараас эхлэн 537 000 ахмад настны тэтгэврийг нэмж, бусад халамж, тэтгэмжийн хэмжээг тодорхой хувиар өсгөсөн дүнгээр олгохоор болсон. Үүнд нэг жилд 760 орчим тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон билээ. Тэгвэл уг хөрөнгийн дийлэнхийг уул уурхайн салбарын орлого, үүний дотор зэсийн баяжмал, нүүрс, алт, төмрийн хүдрийн экспортоос бүрдүүлэхийг АҮЭБЯ-наас мэдээлжээ. 2025 онд эрдэс бүтээгдэхүүний экспортоос 15.8 тэрбум ам.доллар олсон бол энэ жил 16.6 тэрбумыг төвлөрүүлэхээр тооцсон байна. Түүнчлэн 2025 онд түүхэн дээд хэмжээгээр буюу 94.6 сая тонн нүүрс экспортолсон бол энэ жил 90 саяас мөн бууруулахгүй байх, багадаа 1.9 сая тонн зэсийн баяжмал борлуулахаар төлөвлөжээ. Улмаар экспортын орлогоо өнгөрсөн жилийнхээс нэмэгдүүлэх, ДНБ-ий хэмжээг 102.4 их наяд төгрөгт, эдийн засгийн өсөлтийг 5.7 хувьд хүргэх, инфляцыг долоон хувьд “барих” өөдрөг төсөөлөл байгаа юм.