Сүүлийн үед хот, орон нутгийн залуус гараар татах хүчний спортыг үндэсний бөхтэй хослуулан хичээллэн дотоод, гадаадын тэмцээнд амжилт гаргах болсон. Тэдний нэг бол Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, улсын заан Цанлигийн Дамдиндоржийн ач хүү, сумын заан Д.Баярсайхан юм. Түүний өвөө наадмын зүлэг ногоон дэвжээнд өмсдөг мэхээр олонд алдаршсаныг бөхийн хорхойтнууд одоо ч дурсан ярьдаг. Аавынхаа талаас бөхийн удамтай тэрбээр хүч, бярыг нь өвлөн, замналыг нь үргэлжлүүлэн охин Б.Цэлмэгээ гараар татах хүчний спортоор хичээллүүлж, дасгалжуулагчаар нь ажилладаг. Казахстаны Алматы хотод өнгөрсөн жил зохион байгуулсан “Дэлхийн цом”-ын тэмцээнд аав, охин хоёр насныхаа ангилалд түрүүлж, дараа нь Киргиз улсыг зорин Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медальтай ирсэн юм. Гараар татах хүчний аймгийн АШТ-д хошой алт, Орхон аймагт энэ сард болсон нээлттэй тэмцээний M1 ангилалд түрүүлсэн тэрбээр аймаг, сумын цолтой залуу бөхчүүдийн барилдаанд олон жил зодоглон түрүүлж, үзүүрлэжээ. Түүнийг нутгийнхаа бөхчүүдийг ахлан наадмын бэлтгэлд гарсан байхад нь зочноор урьж ярилцлаа.
-Сайхан зусаж байна уу. Наадмын хоногууд ойртож байгаа тул бөхчүүд гал болон нэгдэж, хэдийн бэлтгэлээ базааж эхэлжээ.
-Энэ жил бороо хур эрт орсон болохоор нутгийн зуншлага сайхан байна. Наадам дөхөхөөр уяачид морьдынхоо уяа сойлгыг тааруулах, бөх, сур, шагайн харваачид гал болон нэгдэж, бэлтгэлээ базаах завгүй ажил өрнөдөг. Тариалан сумын бөхчүүд Гурван бадрах шүтээн уулынхаа “Баавгай хад” хэмээх газар өдрийн сайныг шинжиж, морь жилийн морь өдрийн морь цагт бэлтгэлээ эхлүүллээ. Өвс ногоо, зүлэг, ус сайтай эл газарт бэлтгэл хийсэн бөхчүүдээс жил бүр аймаг, сумын цолтон төрдөг болохоор нутгийн зон олон бэлгэшээдэг юм. Саяхан Хөвсгөл аймагт урлаг, спортын наадам болоход манай сумын хүчтэнүүд багийн дүнгээр дэд байрт шалгарч, хувийн дүнгээр аймгийн арслан Ж.Хатанзоригт түрүүллээ. Аймаг, сумын удирдлагууд наадмын товоо түрүүчээсээ танилцуулж байна. Хөвсгөл аймгийн баяр ирэх сарын 8, 9, Тариалан сумынхан 5, 6-нд тэмдэглэхээр болсон. Манайхтай хөрш сумын баяр ойролцоо болдог тул бөхчүүд барилдахаар уригддаг. Сумын наадам сайхан. Хүн бүр хоног тоолон догдолж хүлээнэ. Уяач, бөх, сур, шагайн харваачид бүтэн жил хэрхэн хөдөлмөрлөснөө хуран цугласан олонд харуулж, наадан цэнгэдэг үндэсний, өв соёлын баяр юм. Багадаа хурдан морь унаж өссөн надад Цагаан сар, Улсын наадам хоёр л хамгийн сайхан санагддаг сан. Тэнгэрт тоос бостол давхих морьдын уралдаан, наадмын дэвжээнд ид хаваа гайхуулах хүчтэнүүдийн зодоглохыг үзэж суугаа олныг хараад бөхчүүдийн хийморь сэргэдэг юм шүү дээ.
-Бөхчүүдэд Улсын наадмаар л цол, чимэг олгодог тул хариуцлагатай барилдахыг хичээдэг. Хүмүүс баярын өдрүүдэд цэнгэн баясаж байхад бөхчүүдийн хувьд бүтэн жил хэрхэн хөдөлмөрлөснөө харуулах томоохон шалгуур болдог шиг ээ.
-Тийм ээ. Үндэсний спорт өндөр хөгжсөн өнөө үед 10, 20 жил барилдсан зорилгоо биелүүлж, амжилтаа бататгана гэдэг амаргүй даваа. Наадмаар хүмүүс хэний хүлэг шандастай давхих, хэний хүү үзүүр, түрүүнд тунах, хэний харвасан сум мэргэн байхыг харах гэж догдолж хүлээдэг. Тиймээс бөх бүр даваа өгсөх тусам хариуцлагатай барилдаж, цол хүртэхийг хичээнэ. Бидний хувьд улсын наадам нэг талаар өөрийнхөө ур чадварыг харуулах боломж, нөгөө талаар хэр хөлс дуслуулж, хөдөлмөрлөснөө тайлагнах томоохон шалгалт болдог.
-Багадаа хурдны морь унаж өссөн хүүг өдгөө зүлэг ногоон дэвжээнд зодоглохыг нь нутгийнхан тань харж, баярлаж суудаг байх.
-Аав минь наадам эхлэхээс сарын өмнө морьдоо барьж, их, бага сунгаанд уралдуулан, өнгө, зүсийг нь өдөр бүр ажигладаг байсан нь санаанд тод үлджээ. Нутгийн уяачид тойрч суугаад хүлгүүдийнхээ уяа сойлго, идэш тэжээл хэр таарсныг шинжин өөр хоорондоо ярилцахыг нь сонсож суух сайхан бодол төрүүлдэг сэн. Тариалан сум таван багтай. Багийн дарга нар өдөрлөг зохион байгуулж, овоо тахилгын бэсрэг наадам хийхэд аав уясан морьдоо уралдуулж, хэр давхихыг нь харж, ээж бидний өмсөх дээлийг зэхдэг байсан дурсамжууд наадам дөхөхөөр бодогдож, нүдэнд харагддаг юм. Багадаа хурдан морь унана гэхээс баярлаж, маргааш хурдан болоосой гэж яардаг сан. Аав цэргийн алба хааж ирээд, 25 насандаа морь уях эрдэмд шамдсан гэдэг. Цэргээс халагдталаа хурдан хүлгийнхээ нуруунд гурван жил эмээл тохоогүй гэж нутгийн хөгшчүүл ярьдаг байв. 1974 онд Тариалан сумын наадамд аав тэр хүлгээ сойж, их насанд түрүүлүүлснээр уяач болсон түүхтэй. Би долоон хүүхэдтэй өнөр гэр бүлд өссөн. Таван хөвгүүн нь аавынхаа уясан морьдыг унаж, наадамд уралдсан даа.

-Таныг үндэсний бөхөөр үеийнхээсээ хожуу хичээллэсэн ч богино хугацаанд амжилт гаргасан гэж сонслоо.
-Би хүүхэд байхдаа үндэсний бөхөөр сонирхож хичээллээгүй. Сумынхаа сургуулийг 2004 онд төгсөж, Дархан-Уул аймаг дахь ХААИС-д инженер механикийн мэргэжлээр сурсан. Төгсөж ирээд нутагтаа хөдөө аж ахуйн чиглэлээр ажиллаж, хаврын тариалалт, зуны уринш, намрын ургац хураалтад явна. Тэр үедээ үеийнхээ залуустай барилдаад хэд давчихна. Аав минь Монгол Улсын заан, олны дунд “өмсдөг” мэхээрээ алдаршсан Ц.Дамдиндоржийн хүү. Намайг бага байхад аав “Миний хүү бөх болохоор харагдана” гэдэг сэн. 28 нас хүрэх жил аймгийн начин П.Лхагвадорж ах сумдаа залуу бөхчүүдийн барилдаан зохион байгуулахад 100 гаруй залуус таван хэсэгт хуваагдаж тойргоор барилдав. Хэсгээсээ гурваар гарсан надад хойшид барилдаж болох юм байна гэсэн бодол төрсөн юм. Түүнээс хойш аймаг, сумд болсон үндэсний бөхийн барилдаанд зодоглож, сумын наадмын давааны аманд гардаг болсон. Нутгийнхан ч надад “Өвөө тань бөх, аав тань уяач хүн байсан. Чи бөхийн сайхан удамтай. Өвөөгийнхөө залгамж халааг үргэлжлүүлж, наадамчин олныг баясгаж барилдах нь зүйтэй” гэж урам хайрлаж зөвлөсөн. Тэр цагаас барилдах тусам бөхийн спортод татагдаж, тууштай хичээллэхээр шийдсэн. Миний хувьд сумын наадмын барилдаанд гурав үзүүрлэж, нэг түрүүлэн, нэг удаа тав давж шөвгөрсөн. Бөхийн дэвжээнд зодоглож, өвөөгийнхөө залгамж халааг үргэлжлүүлсэндээ баярладаг.
-Морь, хүн хоёр удмаа дагадаг гэх яриа олны дунд бий. Энэ үг үнэний ортой санагддаг. Өвөөгийнхөө барилдаануудыг үзэж, сурсан мэх бий л байлгүй.
-Бөхийн сургуульд сураагүй болохоор надад мэх заасан багш байхгүй. Газар тариалангийн ажилд дайчлагддаг комбайны жолоочид бэлтгэл хийх зав тэр бүр гарахгүй. Сумд бөхийн барилдаан болбол оролцоно, зэргэлдээх аймагт наадам болбол очоод барилдчихна. Иймэрхүү маягаар ноцолдож явсаар бөх болсон. Би үндэсний бөх сонирхдог болсон үеэс өвөөгийнхөө барилдааны ганц нэг олдсон бичлэгийг нь үзэж, ном, сэтгүүлд хэвлэгдсэн ярилцлага, наадмын дэвжээнд таарсан бөхчүүдийн дурсаж өгүүлснийг уншин уран, дайчин, зоримог, шийдэмгий барилдаантай бөх байсныг нь мэдсэн юм. Өөрийнх нь нэгэн ярилцлагад “Дэвжээнд барилдахаар өрөхөд аварга, арслан цолтнуудын өвдөг нь чичирдэг сэн” хэмээн өгүүлснийг уншаад өвөөгөөрөө маш их бахархаж билээ. Үеийнх нь бөхчүүд өвөөг “Залуудаа өөрийгөө хурцалж, иртэй тонгорог шиг хурдан, шаламгай барилддаг байсан” хэмээн дурсахыг цөөнгүй сонссон.
-Улсын заан Ц.Дамдиндоржийн хөшөөг үр хүүхэд, ач зээ, хамаатан садны ах дүүс нь сумд нь босгоно гэх яриаг сонсоод нутгийн олон талархан хүлээж авсныг санаж байна.
-Өвөөгийн хөшөөг уран барималч Д.Энхтайван урлаж, төрсөн нутаг болох Хөвсгөл аймгийн Тариалан сумд 2016 онд үр хүүхэд, ач зээ, ах дүү, хамаатан садны хүмүүс нь босгосон. Үүнээс хойш би ач хүүгийн хувьд өвөөгийнхөө нэрэмжит барилдааныг 10 жил зохион байгуулж байна. Тэр үед барилдаанд оролцсон хүүхдүүд одоо сайхан залуус болж, түрүүчээсээ сумын цол хүртлээ. Тэднээс Э.Цэнд-Аюуш сумдаа үндэсний бөхийн дасгалжуулагчаар ажиллаж, тамирчдаа аймаг, сумын тэмцээнд оролцуулдаг. Монгол бөхийн дэвжээнд уран барилдаан, өмсдөг мэхээр олныг баясгаж явсан өвөөгийн минь залгамж халааг үргэлжлүүлэх улсын цолтон нутгаас минь төрнө гэдэгт итгэдэг.Нутгийн олон ч битүүхэндээ харж хүлээдэг нь жил бүрийн наадмаар анзаарагддаг. 2025 онд аймгийнхаа наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн Ж.Хатанзоригт энэ жил улсын наадамд анх удаа зодоглоно. Бид нэг нутгийн бөх тул олон жил ах дүүсийн холбоотой нөхөрлөж байна. Тэрбээр сумын заан цолтой байхдаа өвөөгийн хөшөөний нээлтийн барилдаанд түрүүлж, тэр жилээ аймгийн наадамд зодоглон аймгийн харцага цол хүртсэн юм. Сумдаа босгосон улсын заан цолтны хөшөө, 90 насных нь ой, жил бүр зохион байгуулдаг нэрэмжит барилдааныг таслалгүй үргэлжлүүлсний үр дүнд нутгийн бөхчүүдийн хийморь, цог золбоо сэргэсэн болов уу гэж боддог. Нэр алдрыг нь нутагт нь мөнхжүүлж, хөшөө босгоход хүмүүс баярлаж, сумын удирдлагууд дэмжин “Зөв зүйл хийлээ” хэмээн сэтгэл өндөр хүлээж авсан.

-Өвөөг тань 30 насандаа улсын заан цол хүртэж шөвгөрсөн гэж бөхийн хорхойтнууд ярихыг сонссон. Та ч энэ насандаа сумын цолд хүрсэн шүү дээ.
-Би 2014 онд 30 насандаа сумын начин цол хүртсэн. 2018 оноос үндэсний бөхөөр шаргуу хичээллэн, дараа жил нь сумынхаа наадамд түрүүлснээр сумын заан цол хүртсэн юм. Бөхийн спортод 35 нас бараг зодог тайлах үе шүү дээ. Хэдийгээр хожуу барилдсан ч хичээсний үр дүнд богино хугацаанд амжилт гаргасан. Энэ жил 40 нас хүрсэн ч дүү нартайгаа ана мана барилдаж л байна. Өвөө 1931 онд Тариалан сумд төрсөн. 1958 онд улсын баяраар зургаа давж, улсын начин, 1960 онд улсын заан цол хүртэж байв. 1963, 1970 оны наадмаар зургаа даван “Хуйрнин шуугигч” чимэг хүртсэн бол 1971 онд тав давж “Уран мэхт” чимэг нэмсэн.
Өвөөг залуу байхад аваргуудаас Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, Д.Дамдин, С.Цэрэн, Ш.Батсуурь, арслан цолтнуудаас Ц.Бадамсэрээжид наадмын дэвжээг чимж барилддаг хүчтэй өрсөлдөгч нь байсан гэдэг. Өвөө 1960 оны наадамд Ш.Батсуурь аваргаар долоо давж, Монгол Улсын заан цолны босгоор алхсан юм билээ. Тэр жил тавын даваанд С.Цэрэн аварга өвөөг амлахад дөрөв давсан бөхчүүдээс хамгийн ахмад нь байж. Аварга ид хав нь тэгширсэн залуу бөх тул өвөөг насаар арай ахмад гэж бодоод амласан байгаа юм. Харин өвөө багаасаа өнчин өссөн, аймгийн арслан цолтой танил бөхөө амлаж, улсын начин цолд хүргэх бодолтой байсан юм билээ. Тэгтэл С.Цэрэн аварга амласныг сонсоод өвөөгийн шар хөдөлж “Чи намайг хөгшин гэж гоочилж амлаж аваа юу. Тэгвэл одоо би чамайг өмсөж хаяна даа” гэж хэлээд өвдөг шороодуулсан юм гэнэ лээ. Саяхан болсон улсын арслан цолтнуудын хүндэтгэлийн барилдаанд өвөөгийн энэ барилдааныг дурсаж байсан. Тухайн жил Х.Баянмөнх, Ж.Мөнхбат аварга нар наадмын өмнө гадаадын тэмцээнд оролцохоор явахдаа С.Цэрэн аваргад “Чи энэ жилийн наадмаар сайн барилдаж түрүүлнэ шүү” гэж захиад, амлаж авах бөхчүүдийн нэрийг цаасан дээр бичээд өгчээ. Аварга уначихаад нөгөө цаасаа хартал өвөөгийн нэр байгаагүй гэдэг.
-Бөхчүүд заан цолонд дуртай байдаг нь барилдааны үед анзаарагддаг л юм.
-Би сумын заан цолондоо хайртай, маш их бэлгэшээдэг. Заан урт настай, тайван дөлгөөн, хүч бяр ихтэй амьтан. Наадмаар долоо давж шөвгөрсөн бөхөд улсын заан цол олгодог бэлгэдэл нь үүнтэй холбоотой. Наадамчин олон улсын заан цол хүртсэн бөхийг их хүндэлдэг. Монгол Улсын заан гэж цоллуулж байгаа бөх сайхан харагддаг шүү.
-Та энэ жил бөхийн зодог, шуудаг урлав уу. Аймаг, сум, хотын бөхчүүд захиалж оёулдаг гэсэн.
-2013 оноос хойш 100 гаруй бөхийн зодог, шуудаг урлажээ. Сумын хүүхэд залуусаас гадна, өөр нутгийн бөхчүүд ч урлуулдаг юм. Зургаан настай хүүхдүүдийн дунд улсын заан Ц.Дамдиндоржийн нэрэмжит “Ирээдүйн цолтон” хэмээх барилдаан жил бүр болдог. Тиймээс захиалга их ирдэг. Сүүлийн үед үндэсний бөхийн болон гараар татах хүчний спортод тамирчид бэлтгээд завгүй болсон тул өөрийн болон эхнэрийнхээ эмэгтэй дүүд зодог, шуудаг хэрхэн урлахыг зааснаар ажил минь хөнгөрсөн. Эхнэрийн дүү биеийн тамирын багш. Өвөрхангай аймагт “Арвай зодог” нэртэй брэнд гаргаад аймаг, сум, хотын бөхчүүдээс захиалга авдаг. Хааяа зав гарвал би өөрөө ч оёно. Өнгөрсөн жил өөртөө шинэ зодог, шуудаг урлалаа. Энэ жил бага хүүдээ зориулж, өөрийн гараар оёсон. Наадмаас өмнө нэг залуу бөхийн зодог, шуудгийг урлаж дүүргэнэ дээ.
-Бөхчүүд тухайн жилийнхээ өнгийг дагаж, наадмаар өмсөх гоёлоо урлуулдаг. Ямар өнгийн дээл өмсөхөөр зэхэв?
-Бөхчүүд жил бүрийн наадмаар өөр өнгөтэй дээлээр гоёдог. Би энэ удаа шар өнгөтэй дээл өмсөнө. Хөвсгөл аймгийн бөхчүүдээс Монгол Улсын арслан Ц.Содномдорж бид хоёр нэг онд төрсөн, үе тэнгийн чацуутан. Энэ жилийн наадмаар хоймор нутгийн хүчтэнүүдээс түүнийг түрүүлж, улсын аварга цол хүртээсэй гэж нутгийн олон харж, хүлээж буй нь анзаарагдлаа. Тариалан сумаас улсын цолтон төрөлгүй 66 жил болж байна. Тиймээс төрийн наадамд зодоглох аймгийн арслан Ж.Хатанзоригтыг улсын цол авчихаасай гэж бодож сууна даа.
-Монголчууд “Хүү төрвөл бөх болно” гэж бэлгэшээдэг. Хөвгүүд тань барилддаг уу?
-Манайх хоёр хүү, хоёр охинтой. Бага хүү барилдах сонирхолтой. Одоо дөрөвдүгээр ангийн сурагч. Намайг дагаад наадамд явна. Хүүхдийн барилдаанд зодоглоно. Хүүхдийг багаас нь ингэ тэг гэж шахаж, шаардахаар халшраад дургүй болчихдог юм билээ. Ууган хүү оюутан. Барилддаг байхад нь би шаардсанаас болсон уу яваандаа бөхийн спортоос холдсон. Тиймээс бага хүүгийнхээ хүсэл сонирхлыг хүндэлнэ. Хэрвээ үнэхээр дурлаж хичээллэвэл дэмжинэ дээ. Охид аавынхаа талын удмыг илүү дуурайдаг. Би охиноо хүчний спортоор хичээллэ гэж зөвлөөгүй. Өөрөө л сонирхож хичээллэсэн. Өнгөрсөн жил “Дэлхийн цом”, Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж сумынхаа олныг баярлууллаа. Саяхан болсон төгсөлтийнхөө баяраар спортын дэд мастер цол хүртлээ. Хэд хоногийн өмнө Орхон аймагт болсон нээлттэй тэмцээнд охин 80 гаруй тамирчинтай өрсөлдөж, өсвөр үе, насанд хүрэгчдийн ангилалд хошой мөнгө, би мастер ангилалд аваргаллаа. Тамирчин хүн гурван өнгийн медальтай байх сайхан. Манай сумын залуус тус тэмцээнд амжилттай оролцож, нутагтаа шагналтай ирсэн шүү. Наадмын өдрүүдэд аавтайгаа адуу манаж хонодог, уралдах морьдоо өвсний сорыг идүүлж, усны тунгалгийг уулгаж явсан хүүхэд насны минь дурсамжууд хамгийн их бодогддог. Тариалан нутгаас улсын тод манлай уяач Г.Доржпүрэв, улсын алдарт уяач Д.Бадрах нарын сойсон хүлгүүд улс, бүс, даншиг наадамд айраг, түрүү авсан удаа олон. Сүүлийн үед үеийн залуусаас Д.Ариуннарангийн уясан морьд улсын наадамд мөн айрагдаж, шандастай болохоо харуулж байна. Энэ ташрамд, нутгийнхаа зон олонд баяр наадмын мэнд дэвшүүлж, уясан хүлэг нь хурдтай, унаач хүүхэд нь цовоо сэргэлэн, хүчит бөхчүүд нь цолоо ахиулж, сур, шагайн харваачдынх нь сум мэргэн байх болтугай гэж ерөөе.