Төв цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр хөл хөдөлгөөн ихтэй байна. Наадмын нээлтийн тасалбар авч чадаагүй жуулчид болон зарим иргэд нээлтийн өмнөтгөл тоглолтыг үзэж сонирхлоо. Энэ үеэр сандал хоорондын зай нь хүн зөрөх нь битгий хэл хөл тавих зайгүй байгааг иргэд цахим орчинд шүүмжлэв. Тухайлбал, Дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн цахим хуудаснаа " Хэл ам хийх гээгүй шүү. Би бол үнэхээр ингэж сууж багтахгүй юм байна" хэмээн Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн сандал дээр сууж буй зургаа цахим хуудаснаа нийтэлжээ.
Ийнхүү төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн суудал стандартын шаардлага хангаагүй гэх асуудал цахим орчинд олон нийтийн шүүмжлэл дагуулаад байна. Энэ нь Үндэсний их баяр наадмын үеэр олон мянган иргэн тухтай суух, мөн суудал хооронд чөлөөтэй зөрөх боломжийг хязгаарлаж байна.

