Дэлхийн адууны өдрийг хоёр дахь жилдээ, Монгол дархны өдрийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд “Монгол дархан-Адууны соёл” тусгай үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музейд толилуулж байна. Үүгээр нүүдэлчин монголчуудын оршихуйн үндэс болсон хурдан хүлэг, түүнийг дагасан баялаг өв уламжлал болон уран дархчуудын ухаан, мэлмий, гарын ураар бүтээсэн адууны соёл, тоног хэрэгслийг цогцоор нь сурталчлан таниулах зорилготой юм. “Монгол дархан-Адууны соёл” үзэсгэлэнд 101 дархны шигшмэл, сор болсон 205 бүтээлийг дэлгэснээрээ онцлог аж. Тухайлбал, СУИСийн Дүрслэх урлагийн академийн доктор, профессор, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Төрийн дархан” гэгддэг Д.Энхдаваагийн урласан Монгол төрийн хаан тамга, Төрийн их ган тулга зэрэг түүх, соёлын үнэт өв шингэсэн бүтээлийг тэндээс тольдох боломжтой. Мөн урлаач Т.Өлзий-Оршихын дан хүрлээр цутгаж, адууны дүрслэл, бэлгэдэл шингээсэн эмээл, хазаараас гадна Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн сурагчдын урласан баримал, морин хуур тэргүүтэй сонирхолтой бүтээл олны нүдийг хужирлаж байна.
Дэлхийн адууны өдрийг тохиолдуулан дөрвөн орны тамирчид оролцсон олон улсын морин уралдааныг Хүй долоон худагт энэ сарын 13-ны 07.0010.30 цагт зохион байгуулах юм. Үүний дараа 11.40-13.40 цагт “Түмэн морины жагсаал” хийхээр төлөвлөжээ. Уг жагсаалд 10 мянга орчим аргамаг хүлэг оролцуулахаар аймаг, орон нутаг болон төрийн бус байгууллагууд саналаа ирүүлсэн байна. Жагсаалд оролцох хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжүүд “Морин парад-2026” цахим хуудсанд хандаж бүртгүүлэх бөгөөд оролцсон хүн бүрд Ерөнхийлөгчийн нэрэмжит өргөмжлөл гардуулах юм.
Ташрамд дурдахад, НҮБ-ын Ерөнхий ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны зургаадугаар сарын 3-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Дэлхийн адууны өдрийн тухай тогтоолыг хэлэлцэн баталсан түүхтэй.
Э.Сонор