Хүчтэй хөгжсөн бөөн үүл энэ сарын 7-8-нд шилжих шөнө Улаанбаатар хотыг баруунаас зүүн тийш чиглэлтэй дайран өнгөрсний улмаас аадар бороо орж, нийслэлийн олон байршилд их хэмжээний ус тогтон, барилгын зоорийн давхрууд усанд автаж, уулархаг бүсүүдээр үер буужээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Баянхошуу, Зүүн салааны зуслан орчмоор хэдхэн минутад орсон ширүүн борооны улмаас гудамж, талбай үерлэсэн бол Баянгол дүүргийн 26 дугаар хороо, “Нарны хороолол”-ын урд талын 34 дүгээр байрны В1 давхар бүхэлдээ усанд автсан байна. Оршин суугчид энэ талаар 8-ны 05.00 цагийн орчимд мэдэж, онцгой байдлын байгууллагад мэдэгджээ. Улмаар ус соруулах ажил үргэлжилж байв.
УСАНД АВТСАН ГЭХ 28 ДУУДЛАГА, МЭДЭЭЛЭЛ БҮРТГЭГДЖЭЭ
Хан-Уулын тодорхой байршлуудад, мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, “Бөмбөгөр” худалдааны төвийн хажуугийн хамгаалалтын далан үүрээр хальж, холбогдох албаныхан тухайн хэсэгт өчигдөр 06.00 цагаас үүрэг гүйцэтгэжээ. Энэ талаар Геодез, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Үерийн хамгаалалтын далан хальсан хэсэгт нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй баг, том оврын гурван техник хэрэгсэлтэй ажиллаж, 40 тонн элс шуудайлан, хаалт хийж хариу арга хэмжээ авлаа. Одоо үерийн дараах ариутгал, цэвэрлэгээг хот тохижилт, ус сувгийнхантай хамтран гүйцэтгэж байна. Өнгөрсөн шөнө орсон борооны улмаас нийслэлийн Онцгой байдлын газар (НОБГ)-т 28 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн” гэлээ. Хотын дарга Б.Пүрэвдагва үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн онцгой комиссыг хуралдуулж, ус тогтсон байршлуудад шаардлагатай машин, техник ажиллуулан яарал тай соруулах, ариутгал, цэвэрлэгээ хийх үүргийг холбогдох албаныханд өгчээ.
АРХАНГАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛИЙН УУЛСААР НОЙТОН ЦАС ОРОХ НЬ
Баасан гаргаас эхлэн Төв аймгийн Лүн, Баянхангай, Баянцагаан сум, мөн Улаанбаатар хот, нийслэлийн хойд бүсийн зуслангууд, Тэрэлж, Багануур, Налайх дүүргийн нутгаар усархаг аадар бороо орох төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас сэрэмжлүүллээ. Түүнчлэн 11-нд Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Сүхбаатар аймгийн нийт, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгэ, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын зарим сумын нутгаар, Өндөрхаан, Баруун-Урт, Арвайхээр хот орчмоор их хэмжээний усархаг бороо орох тул наадамчид, аялагчдыг үер усны аюул, ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулсан. Эдгээр бүс нутагт уулын ам, усанд автаж болзошгүй нам дор газар байрлаж буй айл өрх, аж ахуйн нэгж, объектуудыг үерийн уснаас сэргийлж, хамгаалалтын суваг шуудуу татахыг зөвлөлөө. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үерийн эрсдэл бүхий газраас хол амарч зугаалахыг албаныхан ард иргэдэд уриалав.
Уржигдар нийслэлд орсон аадар хотын зарим дүүрэг, хороог дайран өнгөрсөн бол наадмаар илүү өргөн газар нутгийг хамарч болзошгүй байна. Цаашлаад 10-11-нд шилжих шөнө Хөвсгөлийн Цагааннуур, Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Ханх сумын нутгаар, уулсаараа бага зэргийн нойтон цас орж, агаарын хэм шөнөдөө 0+4 градустай хонох нь. Мөн Хангайн нурууны зарим газраар буюу Завханы Идэр, Архангайн Цахир, Хангай сумын нутгийн уулсаар нойтон цас орох төлөвтэй.
ХОЁР ХҮҮХЭД ТУУЛ ГОЛД ОСОЛДОЖ ЭНДЭВ
Нийслэлийн хэмжээнд 2026 он гарснаас хойш долоон иргэн усны ослоор амь эрсэджээ. Үүний хоёр нь бага насны хүүхэд аж. Сүүлийн өдрүүдэд энэ төрлийн дуудлага, мэдээлэл нэмэгдэх хандлагатай байгааг НОБГ-аас сэрэмжлүүлэв. Тухайлбал, энэ сарын 6-нд Хан-Уул дүүргийн VIII хороо, Яармагийн гүүрний хойно хүүхэд усанд живж алга болсон гэх дуудлага тус газарт иржээ. Дуудлагын дагуу аврах ангийн бүрэлдэхүүн долоо болон 11 настай хоёр хүүхдийг эрэн хайж олоход хэдийн эндсэн байжээ. Иймд иргэдийг бага насны хүүхдийнхээ аюулгүй байдлыг тогтмол хангаж, гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа хараа хяналтаа салгалгүй, уулын ам, голын ай саваар хоноглохгүй, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус руу ойртохгүй байхыг онцгой комиссынхон анхааруулсан юм.
ХАРХИРАА, ХОВД, ТУУЛ ГОЛ ҮЕРИЙН ТҮВШНИЙГ ДАВЛАА
Цаг уур, орчны шинжилгээний газрынхан гамшгаас хамгаалах эрт сэрэмжлүүлэх системийг хөгжүүлэх зорилтын хүрээнд Монгол орны ус судлалын 117 харуулын мэдээллийг цахим системээр нээлттэй, шууд дамжуулдаг болгоод буй. Тус системийн мэдээллээр манай орны гол, мөрний усны түвшин өчигдөр 43 байршилд олон жилийн дунжийг, гурван газарт үерийн түвшнийг давсан байв. Тодруулбал, Ховд гол Мянгад, Хархираа гол Тариалан, Туул гол Төв аймгийн Лүн сум орчимд үерийн түвшнийг 5-12 см-ээр давсан юм. Түүнчлэн Сэлэнгэ, Орхон, Хануй, Хүдэр, Ерөө, Зэлтэр зэрэг гол, мөрний усны түвшин олон жилийн дундийг давж, нэмэгдэв. Мөн Туул гол Босгын гүүр, Тэрэлж гол Тэрэлжийн амралт, Сэлбэ Санзайн амралт, Дамбадаржаа орчимд олон жилийн дундаж түвшнийг давжээ.
О.Ундрах