Судалгааны “Economist intelligence unit” (EIU) байгууллагаас дэлхийн 173 хотын амьдрах орчныг үнэлжээ. Тодруулбал, тогтвортой байдал, эрүүл мэндийн үйлчилгээ, соёл ба хүрээлэн буй орчин, боловсрол, дэд бүтэц гэсэн үндсэн таван бүлэг үзүүлэлтийн хүрээнд тухайн нийслэлд аж төрж буй хү ний амьдралын чанарыг хэмждэг аж. Үнэлгээг EIU-гийн шинжээчдийн дүгнэлт, Дэлхийн банк, “Transparency international” зэрэг байгууллагын мэдээлэлд тулгуурлан 100 онооны системээр тогтоодог байна.
Энэ онд уг үнэлгээ өмнөх жилийнхээсээ бараг өөрчлөгдөөгүй ч Ойрх Дорнодын бүс АНУ-Ираны дайны улмаас тогтвортой байдлын үзүүлэлтэд тааруу дүн авсан бол Хойд Америк болон Азийн хотууд эрүүл мэндийн салбарт урт хугацаанд хөрөнгө оруулсны үр дүнд байраа ахиулжээ. Харин амьдрахад хамгийн таатай хотоор Данийн Копенхаген нэрлэгдэж, Австрийн Вена, Австралийн Мельбурн, Сидней, Аделаид, Швейцарын Цюрих, Женев, Канадын Ванкувер, Японы Осака, Токио удаалсан аж. Харин Шинэ Зеландын Окленд өмнөх жилийнхээсээ таван байраар ухарсан тул эхний 10-т багтаж чадаагүй юм. EIU-гийн мэдээлснээр эл хотууд эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол, тогтвортой байдлын үзүүлэлтээр бүгд 100 оноо авсан гэнэ.
Энэ болон өнгөрсөн жилийн тайланд Энэтхэгийн нэг ч хот амьдрахад хамгийн таатай болон хүндрэлтэй жагсаалтад багтаагүйг онцолсон байна. Харин Сирийн Дамаск хоёр жил дараалан амьдрахад хамгийн таагүй хотуудыг тэргүүлсэн аж. EIUгийн шинжилгээний захирал Ана Николс “Хүн ам шигүү суурьшсан томоохон хотуудад гэмт хэрэг их бүртгэгдэж, дэд бүтцийн хөгжил тааруу байна” хэмээжээ.