Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тэмцээнүүд Урианхай сур болон шагайн харваагаар энэ сарын 7-нд эхэлсэн билээ. Энэ удаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс 315 харваач цэц сорьсноос Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул, “Цагаан шонхор” багийн харваач Э.Бумбаяр 25 оноогоор тү рүүлж, Урианхай сурын улсын мэргэн боллоо. Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул, “Алдар” спорт хорооны залуу харваач Б.Үнэнбат 25 оноогоор хоёрдугаар байр эзлэн улсын цэгц, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, “Хантайшир зурхай”-н харваач П.Лхагвабаатар 24 онож III байрт шалгаран улсын хавт харваач цол хүртлээ. Тэдэнтэй өрсөлдсөн мэргэчүүдээс Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, улсын хавт харваач Б.Энхтүвшин 24 онож IV, тус аймгийн Буянт сумын уугуул, “Өлгийн мэргэчүүд” баг, “Таван богдын бүргэдүүд” клубийн харваач А.Артаг 23 онож, V байр эзэллээ.
Уг харвааг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Г.Лхагвасүрэнд Урианхай сурын холбооны хүндэт мэргэн цол олгосон юм. Тус холбооны V их чуулганаар баталсан урианхай сурын харвааны дүрмийн дагуу улсын баяр наадамд II, III байр эзэлсэн харваачдад улсын цэгц, хавт харваач цол нөхөн олгожээ. Ташрамд дуулгахад, баяр наадмын үндэсний сур харваанд (халх сур) нийт 850 харваач бүртгүүлсэн байна. Монголын үндэсний харваач дын холбооны тэргүүлэгчдийн олонхын шийдвэрээр үндэсний сур харваанд дараах түр журмыг мөрдүүлэхээр болов. Энэхүү зохицуулалт нь оролцогчдын тоо өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэн тул наадмын үйл ажиллагааг товлосон хугацаанд зохион байгуулах зорилготой аж. Тиймээс хана сурын харваанд 12 болон түүнээс доош оносон харваач цааш үргэлжлүүлэхгүй. Маргааш 06:00 цагт хананы харвааны дунд өргийн адаг, 11:00-ээс адаг өрөг, 17:00-д хасааны эхэн өргийн харваа болох аж.