
Өдгөө уур амьсгалын өөрчлөлт ньдэлхий нийтийн өмнө тулгарч буй хамгийн том сорилтуудын нэг болоод байна. Дэлхийн дундаж температур нэмэгдэхийн хэрээр хэт халалт, ган, үер, ой, хээрийн түймэр зэрэг байгалийн аюулт үзэгдлийн тоо, давтамж олширч, хүн төрөлхтний өдөр тутмын амьдрал, бүс нутгийн улирлын хэмнэл төдийгүй аялал жуулчлалын чиг хандлагыг ч өөрчлөх болжээ.
Европыг нөмөрсөн ой, хээрийн түймэр, Азийн орнуудад уртсаж буй зуны улирал, хэт халуунаас зугтан сэрүүн бүсийг зорих европчуудын шинэ хандлага болон Монгол орны ирэх сарын цаг агаарын төлөвийг хүргэе.
ФРАНЦ, ИСПАНИД ТҮЙМРИЙН УЛМААС 300 МЯНГАН ИРГЭНИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖЭЭ
Европ тивийг нөмөрсөн хэт халалтын үеэр Франц, Испанид дэгдсэн ой, хээрийн түймэр хяналтаас гарч, хүний амь, орон байр, байгаль орчинд ихээхэн хохирол учруулж байна. Хоёр улсын хэмжээнд 300 мянга гаруй иргэнийг аюултай бүсээс нүүлгэн шилжүүлсэн бөгөөд Испанийн зүүн хэсэгт нэг хүн галд өртөж амиа алджээ.
Францын баруун өмнөд нутгийн Жиронд мужид гарсан түймрийн улмаас 167 мянга, хөрш Ланд мужид 30 мянган иргэнийг түр хоргодох байранд шилжүүлсэнаж. Түүнчлэн тус улсад он гарснаас хойш 98 мянган га талбай түймэрт өртсөн нь түүхэн дээд үзүүлэлт болов. Харин Испанийн Гвадалахара мужид гарсан ойн түймэр 13 мянга гаруй га талбайг хамарчээ. Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Францын Засгийн газар аврах баг, нисэх хүчнээс гадна цэргийн ангиудыг дайчлан, түймрийг унтраах болон иргэдийг аюулгүй бүсэд шилжүүлэх ажиллагааг эрчимжүүлсэн гэнэ.
“COOLCATION” БУЮУ СЭРҮҮН БҮСИЙГ ЧИГЛЭСЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ШИНЭ ҮҮДЭЛ
Дэлхийн дулаарал европчуудын амралт, аяллын хэв маягт ч өөрчлөлт оруулжбайна. Өмнө нь Газар дундын тэнгисийн дулаан уур амьсгал, наран шарлагын газрыг зорьдог байсан жуулчид өдгөө хэт халуунаас зайлсхийж, сэрүүн бүс нутгийг сонгох болжээ.
Аялал жуулчлалын салбарт энэ шинэ чиг хандлагыг “Coolcation” буюу “сэрүүн амралт” хэмээн нэрлэжээ. Үүний хүрээнд Скандинавын орнууд, Исланд, Шотланд зэрэг сэрүүн уур амьсгалтай бүсийг зорих аялагчдын тоо нэмэгдэж буй аж.
Зуны улиралд агаарын хэм 40-өөс давах, ой, хээрийн түймэр гарах, агаарын чанар муудах зэрэг эрсдэл нэмэгдэхийн хэрээр жуулчид аяллын чиглэлээ сонгохдоо зөвхөн үзэсгэлэнт байгаль, дулаан уур амьсгалыг бус, аюулгүй байдал, тав тухыг илүүчухалчлах болжээ. Шинжээчдийн үзэж буйгаар “сэрүүн амралт”- ын угчиг хандлага цаашид олон улсын аялал жуулчлалын урсгал, салбарын бүтэц, эдийн засгийн орлогын хуваарилалтад ч мэдэгдэхүйц өөрчлөлт авчрах төлөвтэй байна.
ЗҮҮН АЗИД ЗУНЫ УЛИРАЛ УРТСАЖ, ХАЛУУН ӨДРИЙН ТОО НЭМЭГДЭВ
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Зүүн Азийн орнууд, тэр дундаа БНСУ-д зуны улирал уртсаж, хэт халуун өдрийн тоо нэмэгджээ. Сүүлийн жилүүдийн цаг уурын ажиглалт, судалгаанаас харахад тус улсад зуны улирал тавдугаар сарын сүүлчээс есдүгээр сарын эцэс хүртэл үргэлжлэх болсон нь жилийн дөрвөн улирлын тэнцвэрт байдлыг алдагдуулахад хүрчээ.
Халуун, чийглэг өдрүүд олшрох тусам хотуудын агаар шөнийн цагаар ч төдийлөн сэрүүцэхгүйбайна. Үүний улмаас агааржуулалтын системийн хэрэглээ, эрчим хүчний ачаалал нэмэгдэхийн зэрэгцээ иргэдийн эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлөх болжээ. Тиймээс Зүүн Азийн орнууд цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох шинэ дэд бүтэц, хот төлөвлөлт, бодлогын шийдлийг эрэлхийлж буйаж.
НАЙМДУГААР САРД ИХЭНХ НУТГААР ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ДУЛААН БАЙХ НЬ
Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлт эрчимжиж буй энэ үед манай орны цаг агаарын төлөвт ч өөрчлөлт ажиглагдахнь. Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээлснээр ирэх наймдугаар сард манай орны ихэнх нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас 1-3 хэмээр дулаан байх аж. Сарын эхээр баруун аймгуудын нутгаар сэрүүхэн байх ч цаашид ихэнх нутгаар дулаарна. Ялангуяа наймдугаар сарын 20-30-нд ихэнх нутгаар өдөртөө агаарын температур 30 хэмийг давж халах төлөвтэй.
Мөн зүүн болон төвийн аймгуудын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу хэмжээний хур тунадас орох гэнэ. Тодруулбал, сарын 10- 20-нд зарим нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орох аж. Иймд үер усны аюулаас болон наршихаас сэрэмжлэхийг мэргэжлийн байгууллагуудаас анхаарууллаа.
Э.СҮЙЛЭН