Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат ургацын урьд чилсан балансын дүн мэдээг Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Монгол Улс энэ хавар 370 мянган га-д тариалалт хийснээс улаанбуудай 318, төмс 13, хүнсний ногоо 14, ногоон тэжээл 90, тосны ургамал 94 мянган га-д тариалсан байна. Улмаар улаанбуудай 555.3, төмс 168.2, хүнсний ногоо 220, тосны ургамал 50, малын тэжээл 200 мянган тонныг хурааж авах урьдчилсан дүн гарсан аж. Ингэснээр улаанбуудай, төмсний хэрэгцээг 100, хүнсний ногооны 70 хувийг дотоодоос бүрэн хангах боломж бүрдэх юм байна. Мөн уг хуралдаанаар сүү боловсруулах үйлдвэр, цехэд шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталжээ. Тухайн оны арваннэгдүгээр сарын 1-нээс дараа оны гуравдугаар сарын 31 хүртэлх хугацаанд нийлүүлсэн сүүний хэмжээгээр тооцож урамшууллыг олгох аж. Ингэхдээ литр сүүг 1000 төгрөгөөр тооцох нь. Малчид урамшууллаа авах хүсэлтээ тухайн сарын сүүлийн өдрөөр тасалж, дараа сарынхаа 1-10-ны хооронд холбогдох газар буюу tus. mofa.gov.mn-д илгээх шаардлагатай. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээс хойш 2400 фермерээс 19.6 сая литр сүү нийлүүлсэн байна.
С.Уул