“Хүннү эйр” компани Улаанбаатар-Дели чиглэлийн шууд нислэгээ маргаашаас албан ёсоор эхлүүлэхэд бэлэн болсноо зарлалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад өнгөрсөн онд төрийн айлчлал хийх үеэр хоёр орны төлөөлөгчид стратегийн түншлэлийн харилцаа, эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтын хүрээнд Улаанбаатар-Дели чиглэлийн шууд нислэгийг тогтмолжуулах асуудлыг тусгайлан хэлэлцсэн байдаг. Улмаар “Хүннү эйр” компани 2025 оны сүүлчээр “Embraer E195-E2” агаарын хөлгөөр тус чиглэлд анхны, түүхэн шууд туршилтын нислэгийг зургаан цаг гаруйн хугацаанд амжилттай үйлдсэн юм. Тэгвэл агаарын тээврийн шинэ маршрутын дагуу тогтмол нислэг үйлдэх бэлтгэл ажлыг талууд бүрэн хангаж, цаашид долоо хоног бүрийн даваа гарагт Монголоос Энэтхэг рүү зорчигч тээвэрлэхээр болжээ.
Ж.Сувд