Хүнд даацын цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх “Ногоон өртөө”-ний төслийг Замын-Үүдэд эхлүүллээ. “Монложистикс групп” энэ оны наймдугаар сараас Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд хүнд даацын бүрэн цахилгаан автомашины туршилтын тээврийг амжилттай зохион байгуулжээ. Тэгвэл энэхүү туршилтыг үйлчилгээнд шилжүүлэх дэд бүтцийн ажлыг хувийн хэвшлийн компаниуд ийнхүү албан ёсоор эхлүүлэв.
Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн 672 км замд долоон өртөө байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр нь нарны цахилгаан станц, эрчим хүч хуримтлуурын систем, түргэн цэнэглэгчтэйгээс гадна 24 цагийн хоолны газар, амрах цэг, дэлгүүр, кофе шоптой байх гэнэ. Өртөөнүүдийг ашиглалтад оруулж, ачааны 200 цахилгаан машин тогтмол явуулж эхэлснээр Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлийн тээврийн зардлыг 30 хувиар бууруулах боломжтой аж.
Тус төслийн нээлтийн үеэр Ерөнхий сайд Н.Учрал “Цахилгаан тээврийн хэрэгсэл айл өрхийн хэрэглээнээс давж, хүнд даацын тээвэрт нэвтрэх түүхэн цаг үе ирлээ. “Ногоон өртөө” байгуулах, дотоодын эрчим хүч үйлдвэрлэлийг өргөтгөх хувийн хэвшлийн санаачилгыг Засгийн газар бүх талаар дэмжиж ажиллана” гэв.
Түүнчлэн тэрбээр ачааны цахилгаан автомашинд зориулсан тусгай гарц байгуулах, Замын-Үүд-Эрээн боомтыг уртасгасан цагаар ажиллах боломжийг БНХАУ-ын талтай тохиролцохыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Боомтын үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, хүнд суртал, шат дамжлагыг бууруулж, бараа, бүтээгдэхүүнийг шуурхай нэвтрүүлэх, лабораторийн хүчин чадлыг бүрэн ашиглаж, газар дээр нь хийх боломжтой шинжилгээг төв рүү давхар илгээдэг байдлыг зогсоохыг үүрэг болгов.
Н.Дүүл