ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Шашин судлалын салбар, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим хамтран, Зүүнхүрээ Дашчойлин хийдийн дэмжлэгтэйгээр “Шашин судлал ба орчин үеийн нийгэм” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр зохион байгууллаа. Эл салбарын эрдэм шинжилгээний ажлын үр нөлөө, цар хүрээг нэмэгдүүлэх, залуу судлаачдын оролцоог дэмжих, судалгааны шинэ үр дүнг түгээн дэлгэрүүлэх зорилготой тус хурлыг монгол, англи хэлээр явуулсан юм.
Судлаачид шашин судлалын онол, арга зүй ба орчин үеийн судалгааны чиг хандлага, буддын философи, эх сурвалж, зан үйлийн судалгаа, нийгмийн хөгжилд шашны гүйцэтгэх үүрэг, нөлөө, ач холбогдол, шашин шүтлэг ба хүний эрх гэсэн дөрвөн үндсэн чиглэлийн хүрээнд илтгэл хэлэлцүүллээ. Энэ үеэр ШУА-ийн Философийн болон Түүх, угсаатны зүйн хүрээлэн, МУИС, Удирдлагын академи, СУИС, “Отгонтэнгэр” их сургууль, Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийд зэрэг дотоодын эрдэм шинжилгээ, боловсрол, шашны байгууллагын эрдэмтэн, судлаачид, багш, оюутнууд судалгааны ажлын үр дүнгээ танилцуулав. Түүнчлэн Сева буддын судлалын академи, БНСУ-ын Данкүк, Тайванийн Хуйн Чуан, Шри-Ланкийн Келания их сургуулийн төлөөлөгчид танхимаар болон цахимаар оролцож, олон улсын харьцуулсан судалгааны шинэ мэдээллээс хуваалцан, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
У.Сүрэн