Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдээ наадмын өмнө томилж, сайд нар тангараг өргөснөөр хамтарсан Засгийн газраа байгуулав. Ингэхдээ Ерөнхий сайдаас гадна 22 сайд, 16 яамтай ажиллахаар баталсан юм. Яамдад дэд сайд томилохгүй. Үндсэн хуулийн 39.4, Засгийн газрын тухай хуулийн 23.1.2-т “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ, Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах хүмүүсийг томилсон нь энэ. Төрийн тэргүүний тухайд сонгуулийн үеийн талцал, хийрхэл, улс төржилтийг ардаа орхиж, улс орны эрх ашгийн төлөө нэгдэж ажиллахыг захиж, ёс зүй, сахилга бат, хариуцлагатай ажиллахыг анхааруулахын сацуу Засгийн газрын зөв, зүйтэй үйл ажиллагааг дэмжиж, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, эв нэгдлийг хангахаас ангид үйл ажиллагаанд хуулийн хүрээнд хяналт тавьж ажиллахаа санууллаа.
Тэгвэл УИХ-ын дарга анхдугаар чуулганыг хаахдаа “Хамтарсан Засгийн газрын зүгээс Шинэ сэргэлтийн болон бүсчилсэн хөгжлийн бодлого, Үндэсний баялгийн сан, 20 минутын хот, “Шинэ хоршоо”, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг бодлого, арга хэмжээг эрчимжүүлэхэд онцгой анхаарал хандуулах нь зүйтэй. Эдгээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь Монгол Улсын эрх ашигтай холбоотой. Иймд энэ Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж байгаа намууд үндэсний зөвшилцөл бий болгож, бодлогын залгамж чанарыг хадгалсан, ирээдүйг харсан “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” боловсруулна гэдэгт итгэж байна” хэмээн онцлов. Харин Ерөнхий сайд юуны түрүүнд эдийн засаг, хөгжлийн бодлоготой шинжлэх ухааныг уялдуулж, аливаа асуудлыг шинжлэх ухаанч, бүтээлч байдлаар их өгөгдөлд тулгуурлан шийдвэрлэх, бүх салбарт тухайлсан шинжилгээг хийж байх бодлогын өөрчлөлт оруулж буйгаа онцолсон. Хоёрдугаарт, Герман болон сонгодог парламентын засаглалтай бусад улсад Ерөнхий сайд аль намаас байна, Хууль зүй, дотоод хэргийн яамыг хамтран ажиллаж байгаа тал нь удирддаг хяналт-тэнцлийн нийтлэг жишгийн дагуу АН-аас сайд томилж буйгаа тайлбарлана лээ. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны бүтцийг гэр бүл гэдэг үндсэн агуулга руу чиглүүлж, нийгмийн хамгийн анхдагч нэгж болох гэр бүлээс бүх зүйл эхэлнэ гэж үзэж буй гэнэ. Түүнчлэн бүсчилсэн хөгжил, нийслэл Улаанбаатар хот, хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийн зорилтыг “хот байгуулалт” гэж томьёолон яамны үндсэн бүтцийн нэгдүгээрт тавьсан аж.
Уг нь сайдаар томилох хүмүүсийнхээ нэрийг парламентад уламжилж, хууль тогтоогчдод сонсгохоос бус, тэднээс санал гуйж, олонхын дэмжлэг авах гэж царай алдах шаардлага Л.Оюун-Эрдэнэд байхгүй. Өмнөх дөрвөн жилд ч түүнд ийм л дүрэм үйлчилсэн. Энэ бол түүний давуу тал, хэнтэй ч үл хуваалцах бүрэн эрх юм. Үндсэн хуульд 2019 онд оруулсан дээрх нэмэлт, өөрчлөлтийн хүчийг хоёр бүрэн эрхийн хугацаанд тэр л ганцаар мэдэрч, мэдрүүлж байх учиртай. Харин тэр хуульд заасанчлан, хар дээр цагаанаар бичсэнчлэн хүчтэй, хараат бус байж чадсангүй. У.Хүрэлсүхийг эс тооцвол Ерөнхий сайд нарыг “шүдгүй арслан” болгосон хуулийн хүлээсийн гадна ажиллах боломж түүнд л хуулиар олгогдсоныг дахин тодотгоё.
Парламентын ес дэх удаагийн сонгуульд 68 суудал авч, олонх болсон ч МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 42 суудалтай АН, найман суудалтай ХҮН намыг Засгийн газартаа урьсан яриа хэлэлцээ ийн биеллээ олов. Эл гурван нам 2024-2028 онд хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсны дагуу Засгийн газарт АН-аас найм, ХҮН намаас хоёр, МАН-аас 12 хүнийг сайдаар томиллоо. Цаашлаад АН, МАН-ынхан бүлэг, фракцдаа сайдын суудлыг хуваарилав. Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нар бүгд УИХ-ын гишүүн. Ерөнхий сайдтайгаа хамт бүхэлдээ “давхар дээл”-тэй танхим ажиллах нь. Энэ нь Л.Оюун-Эрдэнэ хоёр жилийн өмнө Засгийн газрын бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийг танхимдаа олноор оруулж ирснийг ч давж буй хэрэг. Тухайн үед тус танхим “давхар дээл”-тэй 13 сайдтай болж, бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, яамгүй буюу Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга-сайд нарыг бүтэцдээ нэмж байв. Харин одоо Ерөнхий сайдаас гадна 22 сайд томилсон нь ч, танхимаараа УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч байгаа нь ч манай гүйцэтгэх засаглалын түүхэнд байгаагүй нүсэр, хяналтгүй бүтэц болчихлоо. Н.Алтанхуяг болон Ч.Сайханбилэгийн Засгийн газар 19 сайдтай ажиллаж байхад тухайн үеийн сөрөг хүчин, өнөөгийн эрх баригч Ардын намынхан шүүмжилж, дээл давхарлан өмсөөд төв талбайд жагсаж байсныг тэд мартсан байж болох ч бид мартаагүй. Тухайн үед салбар дундын зохицуулалтыг хангах, салангид чиг үүргүүдийг нэгдсэн бодлогоор зангидна гэж Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороог байгуулж, сайд томилсон ч өдгөө ямар үр дүнд хүрэв. Сайдыг нь ч, нийслэлийн Засаг даргыг өөрчлөөд ч иргэд нь ид хүйтнээр зам дээр тэг зогсон түгжирч, осгохоо шахсаныг санахад аагим халуун энэ өдрүүдэд ч хүйт дааж, дагжих мэдрэмж төрж байна. Үүнийг одоо “20 минутын хот” үндэсний хороо болгон нэрийг нь сольж. Харин УИХ-д таван удаа сонгогдсон “аварга”-д зориулсан Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайдыг байхгүй болгож, соёл, аялал жуулчлалын салбартай нэгтгэжээ. Засгийн газрыг, Л.Оюун-Эрдэнийг тасралтгүй “тоншиж”, түншсээр сайд болсон тэр бөхийг сая сонгуульд нэр дэвшүүлэлгүй салсан учраас үндэсний хороог нь үгүй хийсэн биз. Тэгвэл мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгаж, чиг үүргийг нь яамдад хуваарилахын сацуу Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрыг байгуулчхаад Хяналт, үнэлгээний үндэсний хороо гээчийг бий болгосон нь Э.Одбаярт зориулсан албан тушаал гэлтэй. Түүнчлэн мал аж ахуй ярихаас хэтрэхгүй байсаар өнгөрсөн дөрвөн жилийг үдсэн Ц.Туваанд аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарыг хариуцуулсан нь эрсдэл мэт.
Хамгийн гол нь 126 гишүүнээс 23 нь сайдаар ажиллаж буй УИХ, танхимаараа “давхар дээл”-тэй Засгийн газрыг хэн хянаж, хариуцлага тооцох вэ. Гачлантай нь, эрх баригчдыг бүхий л талаас нь хянах үүрэгтэй АН, ХҮН намынхан Засгийн газрын бүтцэд багтсан учраас ингэж асуумаар байгаа юм. АН-аас гэхэд дарга нь ерөнхий нарийн бичгийн дарга (хэдхэн хоногийн өмнө ажлаа өгсөн), дэд дарга нараас авхуулаад УИХ, нийслэлийн түвшинд удирдах албан тушаал хашиж байсан “том”-чууд нь бөөнөөрөө гүйгээд очлоо. Өрөөлийн буруугаас илүүтэй өөрсдийнхөө алдаанаас болж сүүлийн найман жилийн турш гудамж метрлэж, лааз өшиглөсөн тэд “өл” дарж чадалгүй, өрсөлдөн зүтгэв. Парламентад бүлэг байгуулж дөнгөөгүй Үндэсний эвсэл, ИЗНН-ыг эс тооцвол сөрөг хүчний орон зай, дуу хоолой үгүй болох нь. АН, ХҮН намынханд итгэл хүлээлгэж, нүд, чих болгон ажиллуулах гэсэн дэмжигч, сонгогчдынхоо эрх ашгийг уландаа гишгэж, уухайн тас нэг “хөнжил” нөмөрчихлөө. Иргэд эрх баригчдаас илүүтэй тэдэнд гомдож, цөхөрч байна. Сайд нараа УИХ-д танилцуулах үеэр Ерөнхий сайд “126 гишүүнтэй, сонгуулийн холимог тогтолцоогоор бүрддэг парламентын засаглалыг бий болгосноор цаашид Засгийн газар үргэлж эвсэх, хамтрах замыг сонгосон гэсэн үг” хэмээн тэмдэглэж, улс төрийн эл шинэ соёлд дасан зохицох шаардлагатай гэсэн юм. Мөн институц хоорондын зөвшилцөх механизм, УИХ-ын төлөөллийн чадавх, мэтгэлцээний зарчим, хяналт-тэнцэл хангагдсан байх зэргийг харгалзан хамтарсан Засгийн газрын бүтцийг зурснаа тайлбарлана лээ.
Онцгой байдлын салбарт олон хүн амь үрэгдсэн атал С.Амарсайханыг улираан томилж, түгжрэлийг тэг зогсолт болтол даамжруулсан Б.Дэлгэрсайхан, боловсролын салбарыг элгээр нь хэвтүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан Л.Энх-Амгалан, иргэдийн эрчим хүчний хэрэглээг хүртэл хязгаарлаж, хэдэн арваараа угаартан үхэж, улсыг нийслэлээр нь, аймгаар нь утаанд хордуулж байгаа Б.Чойжилсүрэнгээс авхуулаад хариуцлага хүлээх ёстой ч салбар салбарыг сэлгэж, “сэглэж” яваа сайд нарыг нэрлэж болно.
Шадар сайд С.Амарсайхан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарын 10 хүн Засгийн газарт үргэлжлүүлэн ажиллах нь. Гэхдээ Н.Учрал, С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан нарт өмнөхөөс өөр салбар хариуцуулж, заримд нь “өртэй” мэт сайдаар үлдээснийг эрхбиш анзаарч буй биз ээ. Онцгой байдлын салбарт олон хүн амь үрэгдсэн атал С.Амарсайханыг улираан томилж, түгжрэлийг тэг зогсолт болтол даамжруулсан Б.Дэлгэрсайхан, боловсролын салбарыг элгээр нь хэвтүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан Л.Энх-Амгалан, иргэдийн эрчим хүчний хэрэглээг хүртэл хязгаарлаж, хэдэн арваараа угаартан үхэж, улсыг нийслэлээр нь, аймгаар нь утаанд хордуулж байгаа Б.Чойжилсүрэнгээс авхуулаад хариуцлага хүлээх ёстой ч салбар салбарыг сэлгэж, “сэглэж” яваа сайд нарыг нэрлэж болно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 онд танхимын бүрэлдэхүүндээ салхи оруулахдаа сайд нарын ажлын гүйцэтгэлийг жил бүр үнэлж, хариуцлага тооцох зарчим баримтлан, олон нийтийн үнэлгээтэй уялдуулан ажиллахаа мэдэгдсэнээ мартсан юм уу. Хоёр Засгийн газрыг үргэлжлүүлэн удирдаж, гүйцэтгэх засаглалын тэргүүнээр хамгийн удаан ажиллаж буй түүний үлдээх өв юу юм бэ. Танхимаа бие даан бүрдүүлж, явцын дунд болохгүйг нь буцаах бодит эрх мэдлийг одоо ч Л.Оюун-Эрдэнэ бодитой эдэлж чадахгүй байгааг Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдын хийсэн томилгоо дахин харууллаа.