
Олон улсын хүний эрхийн Эмнести интернэшнл байгууллагаас хүний эрхийн сургалт зохион байгуулах бүртээ, орон байртай байх эрхийн чиглэлээрх хурал цуглаанд оролцох болгондоо нэг түүхийг байнга давтаж ярьдаг юм билээ. Энэ бол албадан нүүлгэлтэд өртөж, эд хөрөнгө, бие сэтгэлээрээ хохирсон нэгний гунигт түүх. Харамсалтай нь, Монгол Улсын гурван шатны шүүхээс эл иргэний гаргасан нэхэмжлэлийг хангахгүй орхисон байдаг. Үүнийг судлаачид Монголд хүний эрх, эрх чөлөө хэрхэн үнэгүйдсэн, хамгаалах үүрэгтэй институт ямар сул дорой байгааг илтгэсэн бодит явдал хэмээн тодотгодог.
Иргэн П.Даваанямын амьдарч буй байрыг ашиглалтын шаардлага хангахгүй хэмээн 2017 онд буулгахаар болсон. Энэ ажлыг гүйцэтгэх компаниар “Тэргүүн Чансаа” шалгарч, хуучны орон сууцыг буулгаж, шинээр барихаар болжээ. П.Давааням өөрийн орон сууцыг зохих журмын дагуу үнэлж, 2 болон 3 талт гэрээ байгуулах хүсэлтэй байсан ч “Тэргүүн Чансаа”-гийн төлөөлөлтэй зөвшилцөж чадаагүй гэдэг. Өөрөөр хэлбэл, тус компани иргэний эд хөрөнгийг хэт багаар үнэгүйдүүлэхийг санаархсан гэдгийг хохирогч хэлсэн.
Нэхэмжлэгч П.Давааням шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Би Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Давхарын 10 дугаар байрны 3 тоотын хууль ёсны өмчлөгч. Тус байрандаа 1978 оноос хойш амьдарч, 1990 онд хувьчилж авсан. 2006 онд орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан. Миний өмчлөлийн дээрх орон сууцыг ашиглалтын шаардлага хангахгүй болсон учраас 2017 оны А/176 тоот захирамжаар “Тэргүүн Чансаа” ХХК-г орон сууцыг буулгаж, шинээр барих төсөл хэрэгжүүлэгчээр сонгосон. Ингэхдээ орон сууцны өмчлөгч иргэн, аж ахуйн нэгжтэй 2 болон 3 талт гэрээ байгуулах эрхийг олгож шийдвэрлэсэн. Гэвч төсөл хэрэгжүүлэгч “Тэргүүн Чансаа” ХХК нь ажил эхлэх үедээ хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Жишээ нь 2018 оны аравдугаар сарын 7-13-ны өдрийн хооронд миний өмчлөлийн орон сууцны тал хэсгийг буулгасан бөгөөд ийнхүү буулгах үедээ хэрэглээний халуун, хүйтэн ус, тог, цахилгаан, дулааны шугам сүлжээг салгаж, хүн амьдрах аргагүй балгас болгосон. Дээрх үйл явдлаас хойш таван сарын дараа буюу 2019 оны гуравдугаар сарын 31-ний өдөр Тэргүүн Чансаа ХХК-ийн төлөөлөгч нар миний орон сууцанд хууль бусаар халдаж, гэрийн хаалгыг эвдэж, орон сууцнаас хүчээр гарган хууль бус үйл ажиллагаа явуулсан. Улмаар 2019 оны дөрөвдүгээр сарын 2-нд хүч хэрэглэн орон сууцыг минь албадан нураасан. “Тэргүүн Чансаа” ХХК нь орон сууцны өмчлөгч этгээдтэй 2 болон 3 талт гэрээ байгуулаагүй, гэрээ байгуулах талаар арга хэмжээ авч ажиллаагүй атлаа түүний өмчлөлийн орон сууцанд халдаж, албадан нураасан хууль бус үйлдэл гаргаж хууль бусаар үйл ажиллагаа явуулсан. Тэргүүн Чансаа ХХК нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон Орон сууцны тухай хуульд зааснаар орон сууц өмчлөгч надтай гэрээ байгуулаагүй, шүүхийн журмаар асуудал шийдвэрлүүлэхээр хандаагүй. Миний хувьд өөрийн орон сууцыг зохих журмын дагуу үнэлүүлэн, төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ хийх хүсэлтэй байгаа боловч төсөл хэрэгжүүлэгч миний хүсэлтийг хүлээн авалгүй хууль бусаар орон сууцыг чөлөөлж барилгын ажлыг эхлүүлсэн. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-т заасны дагуу Тэргүүн Чансаа ХХК-г хууль бусаар үйл ажиллагаа явуулж орон сууцыг нураасан болохыг тогтоож өгнө үү” гэсэн байдаг.
Уг нь албадан нүүлгэж байгаа бол шүүхийн албан ёсны шийдвэртэйгээр, мөн зуны улиралд нүүлгэх ёстой. Аравдугаар сараас тавдугаар сар хүртэл аливаа газар чөлөөлөлт, албадан нүүлгэлтийг хуулиар хориглодог. Харин “Тэргүүн чансаа” компанийн ажилтнууд харуй бүрийгээр айл руу дайран орж, хүүхдүүдийг нь уйлуулж, орондоо шээс алдтал нь айлгаж, бие давхар эхнэрийг нь ургаа алдтал хүч хэрэглэн байшинг нь нураасан гэдэг. Энэ явдал П.Даваанямын хүүхдүүд болоод гэр бүлийнхэнд нь маш их цочрол өгчээ. Тухайлбал, том хүү нь өсвөр нас буюу сэтгэл зүйн эмзэг үедээ байсан. Энэ явдлаас хойш тэр байнга бухимдаж, түгшүүртэй байх болсон. Зан төлөв нь дээрэнгүй, түрэмгий, дайсагнасан, амьдралд идэвхгүй нэгэн болж хувирчээ. Энэ нь сурлагад нь сөргөөр нөлөөлсөн. Мөн долоон настай дүү нар нь жилийн турш шөнө тайван унтаж чадахгүй айж цочин, уйлж, орондоо шээж байсан гэдэг. Хямралаас үүдэлтэй стресст өртсөнөөр болсон явдлыг байнга эргэн дурсах, нүдэнд нь харагдах, юм болгоноос айж зугтах, өөртөө итгэлгүй болох зэрэг хэлбэрээр илэрдэг аж.
Харин хариуцагч “Тэргүүн чансаа” ХХК шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан тайлбартаа “Манай компанийн зүгээс нийт оршин суугчдын 80-аас дээш хувь нь орон сууцыг чөлөөлсөнтэй холбогдуулан 3 тоотын оршин суугч П.Даваанямд байраа албадан чөлөөлөх мэдэгдлийг удаа дараа өгч байсан. Түүнчлэн П.Давааням нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцандаа дур мэдэн давхар нэмж мансарт болгон ашигласан бөгөөд энэ нь нурах аюулыг улам бүр нэмэгдүүлсэн. Иймд ч зөвшөөрөлгүйгээр баригдсан өргөтгөл, барилгын зориулалт, төлөвлөлтийг хууль зөрчин өөрчилсөн сууц өмчлөгч иргэдийн эрх ашиг, эд хөрөнгө, эрүүл мэнд, аюулгүй байдал, учирч болох эрсдэлийг хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Баянгол дүүргийн засаг даргын захирамжаар /2019.04.02. №А/174 тоот/ авч хэрэгжүүлсэн. Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2018 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн 10/805 тоот Барилга байгууламжийн галын аюулгүй байдлын тухай дүгнэлтэд "... тухайн 10 дугаар байр нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа холбогдох стандарт, норм дүрэм хангагдаагүй, болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймэр гарсан үед иргэдийн амь нас, эд хөрөнгөд хохирол учрах эрсдэлтэй, цаашид орон сууцны барилга байгууламж нь насжилт өндөртэй, нурах магадлалтай, гал гарах нөхцөл бүрдсэн, хүн амьдрах боломжгүй гэж тусгасан байдаг. Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн ... сууцыг хэлнэ. Мөн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг ашиглахыг хориглоно гэж маш тодорхой заан өгч хуульчилсан байна. Иймд нийтийн ашиг сонирхлыг үл огоорч, ашиглахыг хориглосон орон сууцыг чөлөөлөхгүйгээр уг байрандаа оршин суун амьдарч байсан П.Даваанямын дээрх үйлдлийг хууль бус болохыг тогтоож өгнө үү” хэмээн бичжээ.
Ийнхүү гурван шатны шүүх хурал болжээ. Эцсийн буюу Дээд шүүхэд шүүх хуралдааныг шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нар бүрэлдэхүүнд нь багтжээ. Улсын дээд шүүхийн шүүхээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн 102/ШШ2019/02984 дүгээр шийдвэр, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 63 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай гэсэн тогтоолыг гаргажээ. Нэгэнт хууль зөрчөөгүй хэмээх шүүхийн тогтоол гаргуулсан “Тэргүүн чансаа” ХХК-ийнхан хүн ёсны үүднээс П.Даваанямаас уучлал гуйгаагүй бөгөөд орон гэрээс нь хүчээр гудамжинд гаргаж, байрыг нь нураасан хэрнээ өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй аж. Олон жил хүлээж цөхөрсөн тэрбээр олон улсын шүүхэд хандана гэдгээ хэлсэн юм.
Албадан нүүлгэлт хүний нэг биш олон эрхийг ноцтой зөрчдөг учраас олон улсад хүлээн зөвшөөрдөггүй, зөвлөдөггүй. Гэтэл Монгол Улс 2023 онд хот дахин төлөвлөлттэй холбоотой хуульд албадан нүүлгэх арга хэмжээг авахаар баталсан. Энэ хуулийг хэрэгжүүлэх явцад хүний эрхийн олон зөрчил, асуудал үүссэнийг өмнөх манай цуврал нийтлэлүүдээс харж болно. Угаас албадан нүүлгэлт нь хууль бус, хүчирхийллийн шинжтэй үйлдэл бөгөөд хүний эрхийг зөрчиж, хүмүүсийн амьжиргааг устган, орон гэргүй болгоход хүргэдэг. Урьдчилсан мэдэгдэл, зөвшилцөл болон нөхөн олговоргүйгээр иргэдийг оршин суугаа газар, гэр орноос нь хүчээр хөөн зайлуулах үйлдэл өнөөдөр ч давтагдсаар байна. Албадан нүүлгэлтэд өртчих вий гэсэн айдастай өдөр хоногийн өнгөрөөж буй хүмүүс ч байгаа юм. Тухайлбал, өдгөө Баянгол дүүргийн III хорооны нутагт байрлах 35,36-р байрууд ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул нурааж, шинийг барихаар болжээ. Ингэхдээ “Тэргүүн Чансаа” компанийг орон сууцыг буулгаж, шинээр барих төсөл хэрэгжүүлэгчээр өрсөлдөгчгүйгээр шалгарсан байна. Тус байрны оршин суугчид “Өмнө нь хүний эрх зөрчсөн компанийнхан биднийг эрхийг зөрчихгүй гэх газаргүй. Тиймээс эл компаниас татгалзаж байна” хэмээн манай редакцад хандсан юм. Бид энэ тухай үргэлжлүүлэн сурвалжлах болно.