Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
МАН-ын жагсаалтын 17 дугаарт нэр нь бичигдэж, 126 гишүүнтэй анхны парламентад суух болсон казах түмний төлөөллийн нэг бол Сархадын Зулпхар. Ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн Удирдлагын академийнхаа захирлаар ажиллаж байсан түүнийг 2020 оны долоодугаар сард тухайн үеийн Засгийн газрын хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар томилсноор хүмүүст илүү танигдах болсон юм. Тэрбээр 1975 онд Улаанбаатар хотод төрсөн аж. 1992 онд нийслэлийн 56 дугаар сургууль төгсөж, 1993-1998 онд Туркийн Мимар Синаны их сургуульд суралцан, социологич мэргэжил эзэмшжээ. Ирсэн даруйдаа МУИС-д суралцан, эзэмшсэн мэргэжлээрээ магистрын зэрэг хамгаалсан байна. МАН-аас Баян-Өлгийд нэр дэвшин удаа дараа сонгогдож байсан, квотгүй үлдсэн ч Эрчим хүчний зохицуулах хорооны дарга болсон улс төрч А.Тлейханы садан төрлийн хүн болох С.Зулпхар 1998 онд “дарга бэлтгэх” сургуульд багшилж, ажлын гараагаа эхэлжээ. Удирдлагын академид багш, ахлах багшаар 10 жил ажиллаад Нийгмийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, ижил нэртэй төслийн удирдагчийн албыг 2012 он хүртэл хашсан аж. Дараагийн дөрвөн жилд нь Улс төр, нийгмийн удирдлагын тэнхимийн эрхлэгчээр ажиллаад 2016 оноос Удирдлагын академийн захирлаар томилогдсон байна. Тэрбээр сургуульдаа ажиллаж байх хугацаандаа буюу 2008 онд “Пост-коммунист орнуудын төрийн тогтолцооны харьцуулалт” сэдвээр төрийн захиргааны докторын зэрэг хамгаалсан аж. С.Зулпхарын хувьд Английн Кэмбрижийн, Унгарын Төв Европын, Швейцарын Женевийн, АНУ-ын Флоридагийн их сургууль болон БНСУ, Энэтхэгт мэргэжил дээшлүүлсэн, Дэлхийн болон Азийн хөгжлийн банк, НҮБ-ын салбар байгууллагууд, Азийн, Фридрих Эбертийн зэрэг сангаас хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдэд зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай, боловсролоороо хаана ч гологдохгүй хүн хэмээн мөр зэрэгцэн суугаа танхимын нөхөд нь үнэлэх юм билээ.
2024 оны УИХ-ын сонгуулийн дараа хууль тогтоогчдын “гал тогоо”-нд сууж буй тэрбээр Төрийн байгуулалтын болон Нийгмийн бодлогын байнгын хороонд харьяалагдахын сацуу Монгол-Туркийн парламентын бүлгийн даргаар ажиллаж байна. Нээлттэй мэдээллийн хуудаснуудад С.Зулпхарын санаачилж, ажилласан хууль хараахан үгүй гэж бичжээ. Түүний ХАСХОМ-ийг харахад сүүлийн хоёр жилд өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний орлого нь өссөн байна. “Эрдэнэс Тавантолгой” болон “Улаанбаатар БҮК” ХК-ийн хувьцааг эзэмшдэгээ мэдүүлэгтээ тусгасан бөгөөд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14.10-т “Гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай шууд холбоотой үйл ажиллагааны үр дүнд өөрөө болон гэр бүлийн гишүүд нь орлого олж байгаа, эсхүл бусад хэлбэрээр ашиг сонирхлын зөрчилтэй бол энэ тухай хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэж, санал хураалтад оролцохгүй” гэж заасан байдаг тул түүний хувьд барилгын материалын үйлдвэрлэлтэй холбоотой асуудал хэлэлцэх үеэр оролцож, санал өгвөл ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзнэ.
С.Зулпхар тэргүүтэй казах гишүүдийн төлөөлөл Казахстан Улсын Засгийн газрын дэргэдэх сангийн хөрөнгөөр хэвлүүлсэн 5000 номыг авч, Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 43 сургуульд тарааж өгсөн гэх мэдээлэл бий. Энэ нь Казахстаны төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж буй бүрэн эрхт “төлөөлөгч” гэхэд хилсдүүлсэн болохгүй биз.