Шатахууны хомсдол үүсээд байгаатай холбоотойгоор өчигдөр АМГТГ-аас мэдээлэл өгөв. Манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг, худалдан авалтын 95 хувь нь ОХУ-д ногддог билээ. Тэгвэл энэ сард АИ-92 авто бензин 62 700, дизелийн түлш 130 000, АИ-95 1560 тонныг худалдан авахаар захиалсан гэнэ. Нийтдээ 193 500 мянган тонныг импортлох нь сарын хэрэглээнд хүрэлцэхүйц дүн гэв. Мөн урд хөршөөс 20-23 мянган тонн авто бензин авах захиалгын саналаа хүргүүлжээ. Түүнчлэн улсын хэмжээнд 1560, Улаанбаатарт 225-230 шатахуун түгээх станц үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдгээрийг бүтээгдэхүүнээр хангах явцад саатал гарч байгааг АМГТГ-аас дурдлаа. Өчигдрийн байдлаар Улаанбаатарын ойролцоо шатахуунтай 443 чингэлэг байгаа, нийлүүлэлтийг тасралтгүй хангаж байна гэв. Тиймээс иргэдийг шатахуун тасалдана гэж санаа зовж, дараалал үүсгэхгүй байхыг хүслээ.
С.Дулам