Хөдөлмөрийн баатар цол хүртээд удаагүй байгаа, зохиолчдын дундаас энэ өндөр алдарт хүрсэн цөөн хүний нэг Чинагийн Галсантай хэд хоногийн өмнө гэрт нь очиж уулзав. Энэ хүн миний багш юм. МУИС-ийн оюутан байхад бидэнд герман хэл зааж байлаа. Бас намайг ажил төрөлтэй шүү ухаантай болсон ч өөрийн гэх орон гэргүй, амьтан царайчилж явахад Улаанбаатарын гудамжинд тааралдаад “Даруйхан хэдэн төгрөг олбол байртай болох боломж байна, авах гэсэн хүн зөндөө, ийм боломж байгааг би өөр хүнд дуулгалгүй хүлээж байя” гэж надад хэлж, аз болоход тэр хэдэн төгрөг ч нэг их эрэл сурал бололгүй олдож, эхнэр, хүү бид гурав оромжтой болж ёстой л “тэнгэрийн умдаг атгана” гэгч болж билээ. Эцэг нь хүүдээ гэр төхөөрч өгдөг бол багш минь манайх гэдэг айлыг бий болголцсон буянтан юм.
Багш маань гадаад (герман) хэлээр голдуу зохиолоо бичнэ. 50 гаруй номынхоо 42-ыг нь герман хэлээр бичсэн юм билээ. “Хөх тэнгэр сонсож бай” роман нь хэвлэгдсэн 16 дахь хэл нь монгол хэл гэж байгаа. Монгол хэлээр хэвлэгдсэн шүлгийн анхны ном нь “Эр хар сур”.
Багш маань тува хүн юм байна. Үүнээ нуухгүй явсаар олныг дуулжээ. Уг нь нуух ёстой л байж гэмээр. Зохиолчдын эгнээнд албан ёсоор орох хүсэлтээ 1968 онд гаргаад 20 жил болж байж гишүүн нь болсон гэдэг. “Тува”-гийн эхний “гай” энэ. “Номой эр” тууж нь “Залуучуудын үнэн” сонинд хэвлэгдсэний дараа “Тувагийн тууж”-аа бариад МХЗЭ-ийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Лодонгийн Түдэвийн өрөөнд яваад орчихож. Тэр их хүн “Нэрийг нь өөрчлөхгүй бол хэвлэгдэхгүй байх шүү” гэж хэлэхэд нь тэр дор нь Ч.Галсан өөрийн гараар “Аянгат цагийн тууж” хэмээн өөрчилж өгөхөд “Ингээд Монгол Улс бас нэг зохиолчтой болж буй нь энэ” гэж хэлээд гарыг нь барьсан гэнэ. “Тувагийн балаг” цааш үргэлжилж, тунгалаг мэлмийтэй ухаан цэлмэг Түдэв агсан ч үүний үнэрийг авчихсан байсан хэрэг биз.
Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхад 2006 онд багш маань Соёлын гавьяат зүтгэлтэн цол авсан юм байна. “Галсан гэдэг хүн бүх шагналаас хасагдаад байдаг, тэр ер нь яачихсан хүн юм бэ?” гэж Ерөнхийлөгч асан хэлж Зохиолчдын хорооноос нэхэж байж тодорхойлолт гаргуулж авч уг цолыг өөрийн гараар гардуулж өгсөн байна. Н.Энхбаяр уран зохиолд их ойр хүн учраас багшийг шагналаас “хоцроод” буйг, энэ цолыг авах ёстой хүн болохыг нь анзаарсан байх нь. Н.Энхбаярыг их юм уншдаг, мэдлэгтэй хүн гэж үнэлж явдгаа багш хэлнэ лээ.
Багш зохиолчийн хувьд гадаадын орнуудын шагнал хүртээд байдаг нь бидний чихэнд мэр сэр дуулддаг л байсан. Гэлээ ч би сая уулзахдаа “хэрэгт дурлаж” энэ талаар сонирхлоо. Гадаад орнуудаас 20-иод шагнал авчээ. Зах зухаас нь дурдвал, ХБНГУ “Холбооны загалмай” хэмээх төрийн дээд шагналаа, Ази, Африк, Далайн орнуудын зохиолчдын шилдэг бүтээлд таван жилд нэг удаа олгодог АЛУА хэмээх шагналаа Дани улс, Европын Холбоо Европын соёлын шагналаа, Олон улсын аялал жуулчлалын байгууллага бас шагналаа хүртээж. Манай улсын тухай зохиолч Ч.Галсангийн зохиолоос уншаад очиж өөрийн нүдээр үзэх хүсэл төрсөн гэж Монголд Европоос ирсэн жуулчдын 70 шахам хувь нь хэлж байсан аж.
1977 онд Ю.Цэдэнбал агсан Зүүн Германд айлчлах болж, түүнд бэлтгэж бичиг цаасны бүх ажлыг нь МУИС-ийн багш байсан Ч.Галсан хийсэн байна. Том даргын өрөөнийх нь нэг буланд нэг сар ажиллаж. Тэр үед лав л Засгийн газрын ордонд герман үсэгтэй бичгийн машин байсангүй, зөвшөөрөл авч байж өөрийнхөө бичгийн машиныг ашиглаж, бүх материалыг хоёр хувь бичиж, хэзээ ямар арга хэмжээн дээр хэрэглэхийг нь бичээд дугтуйд хийгээд өөрт нь өгөх гэтэл Батцэнгэлд (туслах) өг гэж. Тэгээд наашаа суу гээд цай авчруулж хэсэг ярьж сууж. Баян-Өлгийн хүн гэсэн чинь Цэдэнбал агсан “Казах хүн юм уу” гэхээр нь “Тува” гээд л үнэнээ хэлчихэж. Тэр үед Улс төрийн товчоо хуралдах гэж байсан юм уу, гишүүд нь ороод ирчихсэн байв гэнэ. Гарах гээд үүд рүү зүглэтэл тэдний нэг нь “Дарга дуудаж байна” гэв. Эргээд иртэл нөгөө том даргын царай, дуу нь жигтэйхэн хувирчихсан “Монгол Улсад нэг ч тува хүн байхгүй, мэдэв үү чи” гээд хуруугаараа чичлээд байсан аж. “Тува”-гийн явдал үргэлжлээд л байв.
АИХ-ын депутатаар хоёр удаа сонгогдож, хошой аврага малчин болсон Цэцэг гэж Галсангийн үеэл эгч нь байж. Сарлагийн нэг үнээнээс жилд 1125 литр сүү саадаг алдарт саальчин түүнийг Хөдөлмөрийн баатарт нэрийг нь дэвшүүлж тодорхойлсон ч цолыг нь өгөхгүй л байж. Ч.Галсан “Хөдөлмөр” сонинд сурвалжлагчаар ажиллаж байхад Үйлдвэрчний эвлэлийн нэг их хурал болж, тус хуралд Баян-Өлгийгөөс сонгогдож ирсэн төлөөлөгч, Хөдөлмөрийн баатар саальчин Улболганаас сэтгэгдлийг нь авч сонинд нийтлэх үүрэг өгч. Зочид буудлынх нь өрөөнд яваад очтол нөгөө үеэл эгч Цэцэгээ нь хамт байв гэнэ. Зорилгоо хэлтэл Улболган нь Цэцэг рүү харснаа “Энэ хүний дэргэд би юугаа ярих билээ” гээд хулмалзаад байсан аж. Цэцэгээ ч нүдээ ирмээд “Хүссэнийг нь хэлээд өг. Бидний хэн нь ч ярьсан ялгаагүй нутгийн маань л нэр гарна” гэжээ. Улболган нь сарлагийн нэг үнээнээс жилд 976 литр сүү саасан хүн байв. Тэгэхнээ анкетаа бөглөхдөө нөгөө Цэцэгээ нь “яс, үндэс” гэсэн асуулт дээр “Тува” гээд биччихдэг байж.
Баян-Өлгий аймгийн 60 жилийн ой 2000 онд болоход МАХН-ын Төв хороо казах биш нэг хүнд Хөдөлмөрийн баатар цол олгох бодолтой байв. Тэгээд хэд хэдэн хүнийг тодорхойлсны дотор Ч.Галсан, том ахынх нь том хүү Бадарын Варнышка нарын нэр оржээ. Энэ Варнышка сайн замчин, байгууллагын олон удаагийн аварга, Хөдөлмөрийн баатарт хэд хэдэн удаа нэрийг нь дэвшүүлж байсан хүн байв. Гэтэл тува гаралтай бүсгүйгээс төрсөн, яс, үндсээ “урианхай” гэж бичсэн, урианхай нарын дунд төрсөн, тэдний амьдардаг сумын хүн уг өндөр цолыг хүртэж, “тува” гээд биччихсэн Галсан, Варнышка хоёр хоосон хоцорч. Ийм ийм юм үзсэн болохоор найдвар тасарсан байснаас Монгол Улсынхаа төрд үнэлэгдэнэ гэдэгт итгэл алдарсан тул Хөдөлмөрийн баатар цол олгох Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлиг гарсан гэхэд чихэндээ итгэхгүй байхаас аргагүй. Гурав дахь удаагаа тодорхойлуулж байж энэ төрийн өнгөн дээр багш маань “баатар” болох нь тэр.
1992 онд бидний амьдрал хүнд байв даа, дэлгүүрийн лангуун дээр гоймон, давснаас өөр юм үгүй байсан гэж ярьдаг шүү дээ. Тэр үед Ч.Галсан Германы шашны байгууллагаас 80 тонн хүнс, дулаан хувцас, эм, тариа оруулж ирсэн байдаг. Шашны тэр байгууллагад хүсэлтээ уламжилтал уухайн тас зөвшөөрч, өөрийг нь урьж агуулахуудаараа оруулж, манай хүн ч “Түүнээс төдийг, үүнээс өдийг” гээд заагаад байсан гэж байгаа.
“Өнөөдөр” сонин “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн уран зохиолын анхны нүүрэндээ Хөдөлмөрийн баатар Чинагийн Галсанг заллаа.
Ээжий бүүвэй
Бүл бүлхэн сэвшээ асгасан
Бүгээн гэгээн энгэр бүүвэй
Бүүвэйлэнхэн намайг өсгөсөн
Бүлээн, зөөлөн ээжий бүүвэй
Хоног хоногийн мөр л гэмээр
Холын шаргал толгод бүүвэй
Хонгор ээжийн зүрх л баймаар
Хонхон цэнхэр яргуй бүүвэй
Ээжийн нараас ээж л болох
Эвий борхон охид бүүвэй
Элж дундраад төрж дүүрэх
Ээлж халаатай хорвоо бүүвэй
Эргээд ирэхгүй эжийгээ санаад
Элгэнд бүгтэрсэн уй минь бүүвэй
Энэхэн насны жамыг таниад
Эвлэрч хайлсан дуу минь бүүвэй
1994.05.10-16
Алтайн бүүвэй
Өвлийн жавраас биеэрээ хаамаар
Өдөртөө нартай гэгээн хорвоод
Өлгийдөж байгаад бүүвэйлж хономоор
Өрөл хөх Алтай бүүвэй
Өрөл их Алтай бүүвэй
Эй бүүвэй, ай бүүвэй
Эмээлт мориндоо дүүрээд явмаар
Элэхийн жамтай эрээн хорвоод
Элгэндээ наагаад энхийлж суумаар
Эвий ганц Алтай бүүвэй
Эвий ганц Алтай бүүвэй
Ээ бүүвэй, ай бүүвэй
Хомтой тэмээндээ тэгнээд явмаар
Хоногийн шөнөтэй бүгээн хорвоод
Хорьхон насаа зүслээд өгмөөр
Хоймор их Алтай бүүвэй
Хоймор их Алтай бүүвэй
Ээ бүүвэй, ай бүүвэй
Алган дээрээ өргөөд авмаар
Азын нартай алаг хорвоод
Аяга цайгаа хуваагаад уумаар
Амин ганц Алтай бүүвэй
Амин ганц Алтай бүүвэй
Ай бүүвэй, ээ бүүвэй
1992.01.01
2020 онд дахин хэвлүүлсэн “Эр хар сур” түүврээс нь авав
Эзэн
Мухулай өвгөн зөнөчихжээ. Тэр нь яаж танигдав гэвэл өдөр бүр үүрийн гэгээгээр мордож Хар үзүүрийн давааны овоон дээр очоод тэнд өдөржин сууж үдшийн бүрэнхийгээр буцаж ирдэг болсон гэнэ. Энэ хэрэг Дунд Харгайтын амны овоо алга болсны дараахнаас эхэлжээ. Харганатын гол хавиас дуулдсан үг Хотон, Ховд, Цагаан голыг гаталж тэдгээрийн сав нутгаар нэг тарж гүйцэтгэхийн үеэр түүнд хөндлөнгийн хүн байтугай, өвгөн өөрөө ч итгэжээ. Гэтэл тэглээ гээд өглөө, өдөр бүр ажилтай хүн адил үүр цүүрээр мордоод шөнийн бор хоногт л арай гэж багтан буцаж ирдэг этгээд зангаа орхисонгүй.
Үзтэл хатаж, харангадахын наана болчихсон өвгөнөө самган нь эхэндээ амьтан хүн сонсоход ч муухай юм, миний хутгаж өгсөн балга цайг ууж, үмх хоолыг идчихээд бор гэртээ хэвтэж байхгүй, юугаа л хийж халуун нар, хүйтэн салхинд уулын тагт сахиж суудаг байна аа гэх мэтээр үглэж, заримдаа ч бүр уйлан хайлдаг байснаа яваандаа дуугарахаа болиод халуунаар хадгалж суусан хоол, цайг нь амаа олохгүй шахам ууж, идэхийг нь хайр, уярал дүүрсэн харцаар харж суухдаа өтлөх гэж хэцүү ч юм даа гэж бодно. Сүүлдээ бүр өглөө явахад нь хоолой дэвтээх айраг хоормог, ходоод ивэлгэх ааруул бяслагхан бэлдэж өгдөг болжээ.
Өвгөн даваан дээр гараад юу хийдэг байв гэвэл овооны наахна дор бууж хашин зээрдийгээ амгайвчлан чөдөрлөж тавьчихаад хөл дороосоо нэг чулуу аван өгсөж аль нялх багадаа сурсан шившлэгээ хэлсээр овоонд өргөнө. Овоог тойрно. Тэгээд л шинжлэх ажилдаа орно.
Эхлээд овоог шинжинэ. Анхандаа юм юм л харцанд нь тордог байж. Хогийг нь түүн түүсээр нэгэнт нимгэлжээ.
Элдэв навтас, эсгий болон савхин гутал, арьс, нэхий зэргийг ялган цааш жалга руу зөөн овоолж байгаад шатаана. Нэг удаа бас хаймар дугуйг шатаах гэж үзжээ. Харин баахан хар утаа баагиад унасанд цочин, дээрээс нь элс асган байж унтраав. Тэгээд доошоо өнхрүүлсээр жалгын адагт хүргэж хаясан боловч хэд хоногийн хойно буцааж чирсээр арай гэж даваан дээр гаргаж аваад нөгөө тал руу өнхрүүлэн буулгажээ. Тэгээд ганзагалаад үзэх гэсэнд нэгт даах шинж алга, хоёрт хашин зээрд хэдийгээр нохой номхон ч тос тортог болсон тэр эдээс бас чиг үргэх янзтай. Тэгэхээр нь морио ардаа хөтлөн дугуйг урдаа түрэн унагаж босгосоор явж сумын хог хаядаг хонхорт хүргэжээ. Өнөөх нь овооноос бараг тал өртөө зайтай тул тэр өдөр өвгөн онцгой оройтов. Гэхдээ ганц оройтох ч биш, дээлийн хормой, ханцуй, гар хурууных нь арьс харахын аргагүй болжээ. Урьд өдөр нь баахан шил, төмөр ганзагалан явж өнөөх хонхорт хүрсэн тул дугуй аваачихыг мөн л нэг тэр дайны ажил гэж бодсоноос гарцаагүй. Гэтэл ардаа морь хөтлөн явсаар тэр хүнд дугуйг түрэх нь эвгүй, хүнд ганзагалаатай ч гэсэн хөл дүүжлэн гэлдрэхтэй жишихийн аргагүй болохыг өвгөн хэсэгхэн биш, шүд зуун тэмцсээр зорьсон газраа хүргэжээ. Хог хөглөрсөн хонхрыг ажаад байвал бяцхан ч гэсэн зайлуулж замбараалмаар юм мөн ч их байх санж. Харин ардаа ажилтай хүн овоогоо эзгүй орхилтой биш, яах ч билээ хэмээн бодсоор буцжээ.
Дараа нь өвгөн мэргэн арга олсон нь зарим өглөө нэмэгдчихсэн байх шил, төмөр мэтсийг замын жолооч нарт дайж явуулна. Гэхдээ энэ бол самган хүнд базааж өгдөг болсноос хойших хэрэг. Үүнийг хэлэхийн учир гэвэл жолоочийг гуйхаас өмнө өнөө жаахан хүнсээрээ дайлна. Тэгээд хаа хамаагүй асгачихгүй, заавал хогийн хонхорт хүргэж хаяхыг ахин дахин гуйна. Гэхдээ үнэнээсээ ам алдав уу, эсвэл зөнөг өвгөнөөс салахын түүс болохдоо зүгээр л ам алдав уу гэдгийг хөх тэнгэр л харж, ялгах буй заа.
Өвгөн тийнхүү овоог шинжиж, нэмэгдсэн хог новшийг зайлуулах арга ухаанаа бодож олсны дараа хавь орчныг шинжинэ. Харц нь хөл дороос эхэлж хайргатай толгод, хадтай уулс дээгүүр зугуухан тэмтрэн холдсоор тэнгэрийн хаяанд тулснаа эгшин зуур буцаж ирж дараагийн зурвасыг нэгжин шинжих гараагаар эхэлнэ.
Хөглөгөр их Алтайн уул, ус байр байрандаа байх мэт атал юм юм нь л өөрчлөгдөөд орхисныг хараа, бодол хоёр зэрэг нэгэн цэгт уулзах гэгээн эгшинд гэнэт анзаарна. Газар дэлхий бас л өтөлж, зүдэрч байна даа, яамаар ч юм билээ хэмээн намжаан хар хөвчөө үгүйлэн байхдаа бодно.
Эцэст нь өөрийгөө шинжинэ. Үйлдэл, бодлоо мөрдөн, зөв, бурууг нь цэгнэнэ. Овоон дээр буугаад өнгөрөх хүмүүсийн харцны оч, дууны өнгөнөөс өөрийгөө хүнд яаж харагдаж байгааг олж харна. Гэхдээ амьдралын өчүүхэн ашиг хонжоонд шамдаж, тэвдэж яваа тэдний хараа бүдэг, ухаан муруйг ч бас мэднэ.
Нэг өдөр баахан залуутай ам муруйжээ. Тэд том тэрэгтэй давхиж ирснээ овоог юу юугүй нурааж ачих нь байна гэнэ. Мухулай “Уухайс даа, овооны хулгайчид та нар байсан юм бий, одоо мэдэж авлаа” гэсээр очиж замд нь хөндөлсжээ. Залуус тэр үгэнд нь хариу хэлэхийн оронд нэг нь “Та биднээс айхгүй байна уу?” гэх нь үзтэл занасан шинжтэй.
“Зодвол чинь би шүүхэд хэлчихнэ, албал чинь сэргийлэх мөрдөөд олчихно, тэгэхлээр юунаас чинь айдаг юм, аа?” гээд өвгөнийг тачигнатал хөхөрсөнд занагч яаж ч чадсангүй арга нь барагдахдаа “Ийм хэдэн өгөр чулуугаар хүн ер нь юугаа хийдэг байна аа” гэж түүнд хандахаас өмнө өөртөө болон нөхдөдөө хандан хэлжээ. Гэтэл тэр үгэнд өвгөний хилэн улам ч бадарч “Чулуу гэдэггүй, овоо гэдэг юм. Овоо овоондоо Мухулайн эцэг Мундур, Мундурын эцэг Жамака, Жамакаан эцэг Жунгар, Жунгарын эцэг Оорчу, Оорчийн эцэг Магнай, Магнайн эцэг Жүвейдей, Жүвэдейн эцэг Жоспак, Жоспакийн эцэг Түменек, Түменекийн эцэг Өзенез тахиж явсан овоо юм шүү. Тэднийг овоогоо тахиж, Алтайгаа дээдэлж явахад чиний элэнц хуланц далан уулын цаана байсан юм чинь чиний нүд, ухаан хоёрт чулуу, чулуундаа бүр өгөр чулуу байхаас ч яах вэ” хэмээн агсарчээ. Тийм үгсийг залуус даасангүй. “Чи биднийг доромжлов, чамайг шүүхэд өгнө” гэсээр эргээд давхижээ. Гэхдээ зөнөглөв хэмээн дуулдаж байсан өвгөний гал хийморь, ой тойг тэрхүү харь омгийнхон гайхахгүй байж чадсангүй.
Өвгөн харин тэр өдөр өөрийгөө зөнөглөсөн гэдэгт итгэжээ. Хүний юман дээр туйлж байгаа, тэгэхдээ бухалдсан өвсийг үхэр гишгэлэхтэй адил зүгээр нэг туйлах ч биш, бүр эвдлэх, бусниулахыг шүтээн болгож өссөн араатан ухаантай нялцгай биетнүүдтэй ам бузарласнаа, тэдний тэртэй тэргүй дуулахаа өнгөрсөн дүлий чихэнд дээдсийнхээ нэрийг хавируулж хиртүүлснээ сая л ухаарчээ. Алив хүнд бусадтай хувааж, бусдад түгээж, хүртээж явдаг юм гэж байхад, бас хэнтэй ч хуваашгүй, бусдын гар хүргэх байтугай, харц тусгах эрхгүй зүйл ч гэж байдаг атал амин шүтээн алагхан Алтайгаа замаар явсан зайгуул амьтсын бүр хөлд нь дэвсээд өгсөн биш үү, бид хэмээн халаглав. Гэхдээ энэ чинь ширхэг чулуу нь хүртэл эзэнтэй нутаг юм шүү гэдгийг тэдэнд үзүүлнэ дээ хөө хэмээн өөртөө хэлж, түүнийг нь Хар үзүүрийн буурал овоо, хан Алтай дээгүүр мэлтийгч Хөх Тэнгэр хоёр сонсжээ.
Зөнөсөн өвгөнөөр аян замын амьтад хоёр жил зугаагаа гаргав. Гурав дахь жилийн хавраас Мухулай үзэгдэхээ байжээ. Харин залгах зун нь улаан хажлагатай хөх дээл, улаан залаат хөх тоорцог өмссөн хүмүүс ирж овоог тахивай.
1991.01.23-24, 2017 онд хэвлүүлсэн “Туужууд” номоос нь авлаа