Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотод энэ сарын 26 хүртэл үргэлжлэх олимпын оноо олгох таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийнхан 43 орны 1318 тамирчинтай тулаан, тоот дасгал, пүмсэ төрөлд өрсөлдөж байна. Тэдний дунд “Авьяаслаг америкчууд” шоуны “Алтан баззер”ийн эзнээр тодорсон дэлхийн таеквондогийн үзүүлэх тоглолтын шигшээ багийнхан бий. Тус тэмцээний пүмсэ төрөлд эмэгтэйчүүдээс С.Янжинлхам хүрэл медаль хүртсэнийг бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Түүний амжилтыг буухиалж тус төрлийн холимог хосын 50 хүртэлх насныхны ангилалд Ү.ГанЭрдэнэ, У.Ханд нар хоёр дахь хүрэл медалийг эх орондоо авчирлаа. Тэдэнтэй өрсөлдсөн БНСУ-ын баг алт, Непалийнх мөнгө, Иракийнх хүрэл медаль хүртэв. Түүнчлэн чөлөөт үзүүлбэрийн 17 наснаас дээш ангилалд Л.Бадам өрсөлдөж, шөвгийн наймд 7.620 оноо авснаар хагас шигшээд тулалдах нь.
Ташрамд сонирхуулахад, МҮОХны удирдлагууд Азийн таеквондогийн холбооны ерөнхийлөгч Санг Жин Ким болон Таеквондогийн дэмжих сангийн захирал Ким Жон Хён нарыг хүлээн авч уулзахдаа Монголд олимпын оноо олгох өндөр чансаатай тивийн тэмцээн зохион байгуулах эрх олгосонд талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн буйгаа онцлов.
Мөн манай улсад таеквондогийн бэлтгэлийн бааз байгуулах, виртуал таеквондог хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Үүний хүрээнд Азийн таеквондогийн холбооны ерөнхийлөгч Санг Жин Ким бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлжээ.