Ираны засаглалын тогтолцоонд дээд удирдагч нь албан тушаалын хувьд илүү эрх мэдэлтэй, Ерөнхийлөгч нь Засгийн газраа тэргүүлж, гүйцэтгэх засаглалаа хариуцдаг. Эдний хооронд бүрэн эрхээ хуваарилах, хөгжлийн талаар баримтлах бодлогоос нь шалтгаалж зөрчил тэмцэл нэг бус удаа гарч байв. Энэ нь тус улсын төрийн тогтолцоо хосолмол байдагтай нь холбоотой бөгөөд одоогийн цэрэг дайны нөхцөлд зөрчил нь гүнзгийрснийг хэвлэлүүд мэдээлэх боллоо.
Урдахь дээд удирдагч аятолла Али Хаменей АНУ, Израилын цохилтын улмаас 2026 оны хоёрдугаар сард амиа алдсанаар хүү Можтаба Хаменей нь Ираны дээд удирдагч болсон юм. Одоогийн Ерөнхийлөгч Масуд Пезешкиан, дээд удирдагч Можтаба Хаменей болон түүний Исламын хувьсгалыг хамгаалах корпусын хооронд цэргийн стратеги хийгээд эдийн засгийн бодлогын асуудлаар санал зөрөлдөөн нэмэгдэх болжээ. Дайны галыг унтрааж, эдийн засгийн бэрхшээл, хоригийг давахын тулд Өрнөдтэй хэлэлцээр хийхийн төлөө Пезешкиан байдаг бол дээд удирдагч болон цэргийн удирдлага нь хатуу чанга болзол тавьж дайныг үргэлжлүүлэхийг илүүд үзсээр ирсэн аж. Ер нь Ираны дотоод зөрчлийг “ард түмнээсээ сонгогдсон гүйцэтгэх эрх мэдэл, шашны абсолют эрх мэдэл хоёрын хоорондын тэмцэл” гэж товчдоо хэлж болно.
Дээд удирдагч Можтаба Хаменей нь АНУ-тай тогтоосон харилцааг “өөх ч биш, булчирхай ч биш” байхаар зогсоох шийдвэр гаргасан бол Пезешкиан Вашингтонтой хэл амаа ололцоход бэлэн байх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Түүний бодлоор Иран улс эрхээ хэлэлцээрийн замаар хамгаалбал дайн үүсгэх шаардлагагүй юм. Нааштай үр дүнд хүрье гэвэл зөрчил тэмцлийг намжаах, хандлагаа өөрчлөх ёстой гэж тэр үзэж байна. АНУ-тай эв найртай тохиролцоонд хүрэхийн тулд яриа хэлэлцээний үйл явцыг идэвхжүүлэхэд Иран бэлэн байхыг сүүлийн хоёр өдөр хоёр дахь удаагаа уриалав. Тэгвэл дээд удирдагч Можтаба Хаменей АНУ-тай үүсээд буй зөрчил тэмцлийг яриа хөөрөөний замаар зохицуулах шийдвэр гаргалаа хэмээн Масуд Пезешкиан мэдэгдлээ. Одоо бол зөрчил тэмцэл намжаагүй байгаа.
АНУ-ын бодлого үндсэн дөрвөн чиглэлтэй байсан гэж хэлж болно. Эхнийх нь АНУ, Израил хоёр өргөн цар хүрээтэй ч цаг хугацааны хувьд хязгаарлагдмал хамтарсан ажиллагаа явуулах. Тэд цохилтоо эрчим хүчний дэд бүтэц, цөмийн обьектууд болон пуужинд нь чиглүүлсэн. Үүнд нисэх онгоц тээгч гурав, холын тусгалтай бөмбөгдөгч онгоцнууд болон хэдэн арван хөлөг онгоц ашигласан. Америкийн 22 тонн бөмбөг ашиглаж, тагнуулын мэдээгээр Ираны цөмийн обьект байгаа Пикакс ууланд цохилт өгөхийг ч үгүйсгэхгүй. Хоёр дахь нь эхний цохилтоо бодвол цар хэмжээ хийгээд зорилтын хувьд хязгаарлагдмал, үүгээр Трамп зорьсондоо хүрэхгүй ч дэлхийн мэдээллийн хэрэгсэлд томоохон шуугиан дэгдээнэ.
Гурав дахь нь цаашдаа байлдааны үйл ажиллагаанаас АНУ эрс татгалзаж, Ирантай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ. Энэ алхмыг Дэд ерөнхийлөгч Вэнс дэмжиж, хэлэлцээр хийх Америкийн багийг тэргүүлэхийг зөвшөөрөөд байгаа. Дөрөв дэхь нь нам гүм байдлыг хадгалах, энэ нь цэргийн ажиллагааг зогсоох ядаж барагцаалсан хугацааг, Ирантай үүсгэсэн зөрчил тэмцлээ одоогийн, магадгүй дараагийн Ерөнхийлөгчийн удаан хугацааны төсөл болгож хувиргах, эсэхээ хэлэхээс Цагаан ордон татгалзана гэсэн үг. Ийм нөхцөлд хоёр тал ялалтын тухай мэдэгдэл хийж, яриа хэлэлцээний үйл явц унтрах тийшээ хандана. Үйл явцын өрнөл ийм уйтгартай байхыг ажиглаж суухыг Трамп зөвшөөрөх нь юу л бол. Израил ч цөмийн зэвсэгтэй болох Исламын БНУ-ын эрмэлзэлтэй эвлэрэхгүй л болов уу.
Р.Жаргалант