Сүүлийн 30 гаруй жилд удирдагч Ким Жөн Ун анх удаа Орос, Индонез, Швед, Вьетнам, Бразил, Чех, Энэтхэг, Филиппин, Тайланд, Бангладеш улсуудын шинээр томилогдсон элчин сайд нарын Итгэмжлэх жуух бичгийг энэ сарын 22-нд Хөдөлмөрийн намын Төв хорооны төв байранд өөрийн биеэр хүлээн авчээ.
Улсынх нь гадаад бодлого тусгаар тогтнол, энх тайван, нөхөрлөлийн зарчим дээр тулгуурладаг хэмээн Ким Жөн Ун энэ үеэр мэдэгдсэн байна. Бүс нутагтаа давуу байдалтай байх, газар нутгийг эзлэн түрэмгийлэхийг Пхеньян зорилгоо болгодоггүй, харин цэргийн хүчин чадлаа бэхжүүлэх нь улс орных нь тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалах суурь болдог. Гуравдугаар сард Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулснаас хойш ийм алхмыг мөрдөх болсон хэмээн тэрбээр тэмдэглэсэн байна. Урьд нь гадаадын Элчин сайд нарын Итгэмжлэх жуух бичгийг Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн дарга хүлээж авдаг байжээ. Сануулахад Ким Жөн Уны өвөө Ким Ир Сен гадаадын элчин сайд нарын Итгэмжлэх жуух бичгийг өөрөө хүлээж авдаг байснаа эцэг Ким Чен Ир нь энэ дипломат ёсыг өөрчилсөн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Ази тивд айлчлах үеэрээ Умард Солонгосын удирдагчтай уулзаж хэлэлцээр хийж болох юм гэсэн ч тэд уулзаагүй. Америкийн хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэлд өгүүлснээр Ким Жөн Уны тавьсан болзлыг Вашингтон хүлээж аваагүйгээс энэ нь шалтгаалсан бололтой байдаг. Тоймчдын үзэж буйгаар Ким Жөн Ун Элчин сайд нарт хандаж үг хэлсэн нь Умард Солонгосын талаар баримталж буй бодлогоо өөрчлөхийг АНУ-д дахин уриалахад чиглэсэн байх магадлалтай аж.
Өмнөд Солонгосын Хоёр улсыг нэгтгэх яамны төлөөлөгч Юн Минь Хо уг ёслолыг Кимийн статусыг төрийн тэргүүний нь хувьд дотооддоо ч, олон улсын тавцанд ч өргөхөд зориулсан үйлдэл гэж дүгнэжээ. Түүний бодлоор янз бүрийн бүс нутгийн орнуудын төлөөлөгчдийг хамтад нь хүлээж авсан нь дипломат харилцаа холбоогоо Пхеньяны удирдлага өргөжүүлэх гэсэн хүслийн нь илэрхийлэл байж болох аж. Гэхдээ уг ёслолд Швед, Бразил, Энэтхэг болон уламжлалт түнш Орос, Вьетнамын төлөөлөгчид оролцоогүй нь онцгой анхаарал татжээ.