Үндэсний өв уламжлал, гэр бүлийн соёл, удмын түүхээ хадгалан хамгаалах, угийн бичиг хөтлөх үйл ажиллагааг цахим системээр хэрэгжүүлэх зорилготой сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа. Сургалтад 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Насан туршийн суралцахуйн 30 төвөөс захирал, сургалтын менежер, багш зэрэг нийт 120 хүн оролцсон байна. Энэ үеэр орон нутгийн иргэдэд угийн бичиг хөтлөх арга зүй, цахим системийн хэрэглээ, купон код олгох талаар сургалт зохион байгуулах мэдлэг, ур чадвар эзэмшүүлж, www.ugiinbichig.mn цахим хуудас болон Ugiinbichig.mn аппликэйшний үндсэн боломж, хэрэглээг танилцуулжээ.
Угийн бичгийг цахим хэлбэрээр хөтлөхдөө эцэг, эхийн хоёр талын удам угсааны мэдээллийг бүртгэх, төрөл садны холбоо тогтоох, ургийн мод үүсгэх, гэр бүлийн гишүүдийн намтар, гэрэл зураг, түүхэн дурсамжийг баталгаажуулан хадгалах аргачлал зэрэгт суралцах хэрэгтэй аж. Ийн сургагч багш нар “Өрх бүрд угийн бичиг” арга хэмжээг хэрэгжүүлэн, аймаг, дүүрэг, сум, орон нутгийн иргэдэд угийн бичиг хөтлөх арга зүй болон цахим системийн хэрэглээг зааж, түгээн дэлгэрүүлэх гэнэ. Цаашид Боловсролын ерөнхий газар болон аймаг, дүүргийн Насан туршийн суралцахуйн төвүүд хамтран иргэдийн угийн бичиг хөтлөх мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах аж.
Ч.Цэлмэг