Говь, хээрийн өвөрмөц экосистем болон зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөний гол коридор нутаг бүхий 117 283 га газрыг байгалийн нөөц, дурсгалт газрын ангиллаар орон нутгийн тусгай тусгай хамгаалалтад авахаар болсныг Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгээс мэдээлэв. Тодруулбал, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт хамаарах 71 868, Сүхбаатарын Баяндэлгэр дэх 45 415 га газрыг орон нутгийн ИТХ-ын шийдвэрээр тусгай хамгаалалтад 30 жилийн хугацаатай авахаар кадастрын бүртгэлд баталгаажуулсан байна.
Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийнхэн орон нутагт түшиглэсэн байгаль хамгааллыг бэхжүүлэх зорилгоор Дорноговь, Сүхбаатар аймагт сүүлийн жилүүдэд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй. Тэгвэл уг хамтын ажиллагааны хүрээнд гаргасан гол үр дүнгүүдийн нэг нь энэ аж. Тус нийгэмлэгийнхэн “Говийн өвөрмөц экосистемийг бүхэлд нь хадгалан, зэрлэг амьтдын амьдрах орчин, тэднийг холбодог гол коридор нутгуудыг хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, малчдын тогтвортой амьжиргааг дэмжихэд орон нутгийн тусгай хамгаалалттай газар чухал ач холбогдолтой” гэж онцлов.
Н.Мишээл