Эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын 16 хоногийн аян өчигдөр эхэллээ. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага болон Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан шинэ тайлангаа танилцуулав.
Тайланд дурдсанаар 2025 онд дэлхий даяар бусдын гарт амиа алдсан 78 мянган эмэгтэйн 60 орчим хувь буюу 47 мянга нь гэр бүлийн гишүүн, дотнын хамтрагчийнхаа үйлдсэн хүн амины хэргийн хохирогч болжээ. Өөрөөр хэлбэл, өдөрт дунджаар 129, цаг тутамд таван эмэгтэй ойр дотнын хүнийхээ гарт амиа алдсан байна.
122 улсын статистик мэдээлэлд тулгуурласан уг судалгаагаар Африк тивд хамгийн олон буюу 22 100 эмэгтэй гэр бүлийн гишүүн, дотнын хүнийхээ гарт амиа алджээ. Харин Азид 15 100, Америк тивд 7400, Европт 2100, далайн орнуудад 300 ийм тохиолдол бүртгэгдсэн аж. Хүн амины хэргийн хохирогч болсон эрэгтэйчүүдийн 11 хувь нь гэр бүлийн болон хувийн хүрээнд амиа алддаг бол эмэгтэйчүүдийн тухайд эл үзүүлэлт 60 хувьтай байна. Үүнээс гэр орон, ойр дотнынхны хүрээлэл эмэгтэйчүүдийн хувьд аюулгүй орчин байж чадахгүй байгааг харж болно.
Дэлхий дахинд хүн амины хэргийн нийт тоо буурсан ч эмэгтэйчүүд, охидын амийг хөнөөсөн гэмт хэрэг төдийлөн цөөрөхгүй байгааг тайланд онцолжээ. Үүнд жендерийн хэвшмэл ойлголт, нийгмийн хандлага, хууль, эрх зүйн хамгаалалт хангалтгүй зэрэг олон хүчин зүйл нөлөөлж буйг дурдсан байна.
У.Сүрэн