Олимпын таеквондогийн УАШТ-д нийслэлийн есөн дүүргийн болон орон нутгийн спорт хороо, клубийн тамирчид оролцож, насанд хүрэгчид, мастер, пара, багийн тулааны ангилалд өрсөлдлөө. Дээрх тэмцээн нь Улаанбаатарт өнгөрсөн тавдугаар сард болсон тивийн АШТ-ий дараа зохион байгуулсан дотоодын гол сорилгуудын нэг байв. Энэ удаа эрэгтэй, эмэгтэйчүүдийн ангилалд “Алдар” спорт хороо, Спортын төв сургууль, Ховд аймгийн “Эрин”, “Чонос” клубийн тамирчид тэргүүлсэн. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 54 кг-д Б.Төгсбилэг, 58 кг-д Ё.Пүрэвдаш, 68 кг-д Г.Энхбаяр, 74 кг-д Д.Чинзориг нар түрүүлж, эмэгтэйчүүдээс 46 кг-д Б.Номин, 49 кг-д Б.Цэнгэлбаяр, 53 кг-д Б.Учрал, 57 кг-д Б.Хүслэн нар улсын аварга боллоо. Түүнчлэн пара таеквондогийн тэмцээн нь олон улсын тэмцээнд оролцох шигшээ багийн тамирчдыг тодруулах чухал шалгуур болдог тул шинэ залуус паралимпийн аваргуудтай эн тэнцүүхэн тулаан өрнүүлдэг. Эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Д.Болорсүх “Парис-2024” паралимпийн мөнгөн медальт, Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнийг ялж, алтан медаль гардсан нь тэмцээний хамгийн сонирхолтой хэсэг байлаа. Тэгвэл -63 кг-д Х.Темирбек тэргүүлэн, Э.Ууганбаатар, Б.Билгүүн нар удаах байрыг эзлэн дотоодын өрсөлдөөн, тамирчдын ур чадвар өмнөхөөсөө сайжирсныг харууллаа. Тэмцээний сүүлийн өдөр 3x3 багийн тулааны шилдгүүд тодорсон. Энэ төрөл нь тамирчдаас зөвхөн хувийн ур чадвар бус, багийн гишүүдийн сэлгээ, хурдтай тактик, шийдвэр гаргалтыг шаарддаг тул үзэгчдийн анхаарлыг их татдаг. Насанд хүрэгчдээс эрэгтэйчүүдийн ангилалд (17-30 нас) аваргын төлөө “ДХИС генералууд”-ынхан “Алдар” спорт хорооны багийг буулган авч хошуулчилсан юм. Орон нутгийн багуудаас бага насныхны (8-9 нас) охидын ангилалд Ховд аймгийн “Сүлд алдар”-ынхан нийслэлийн шилдэг клубүүдтэй өрсөлдөн дэд байрт орж, мастер ангилалд тус аймгийн Биеийн тамир, спортын газрын баг хүрэл медальтай өндөрлүүллээ.