“Бриллиант апартмент-1” орон сууцын төсөлд 2019-2025 онд нийт 160 айл захиалга өгсөн ч өнөөдрийг хүртэл байрандаа орж чадаагүй байна. Үүнтэй холбоотойгоор хохирогчид өчигдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн гадна жагсаал зохион байгуулж, холбогдох байгууллагуудад хүргүүлсэн албан шаардлагынхаа хариуг нэхлээ. Тэд өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд удаа дараа хандсан ч албан ёсны хариу аваагүй гэнэ. Хохирогчдын төлөөллийн мэдээлснээр иргэд төрийн бус байгууллага байгуулж, албан шаардлага хүргүүлснээс хойш 35 хоног өнгөрсөн ч ямар нэгэн хариу ирүүлээгүй аж. Иймд өчигдөр дахин шаардлага хүргүүлж, Хууль зүйн үндэсний хүрээлэн болон “Бриллиант партнерс” компанийн хооронд байгуулсан гэрээг ил болгохыг шаардлаа. Энэ талаар хохирогчдын төлөөлөл “Гэрээнд ямар нөхцөл тусгасан, яагаад захиалагчдаас нууцалж буйг тодорхой болгохыг бид хүсэж байна. Энэ бол төрийн нууц биш тул захиалагчид гэрээтэй танилцах бүрэн эрхтэй. Анх бидэнд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ажилчдын орон сууц гэж танилцуулан захиалга авсан. Гэтэл хоёр байгууллага ямар гэрээ байгуулсан, газраа чөлөөлж өгсөн, эсэх нь ч тодорхойгүй байна” хэмээв. Одоогоор хохирогчдын байгуулсан төрийн бус байгууллагад 60 айл нэгдээд буй бол Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ажилтан гэх 60 айл өөр байр суурьтай байгаа аж. Харин үлдсэн 40 орчим захиалагчийн зарим нь гадаад болон орон нутагт амьдардаг тул холбоо тогтоож чадаагүй байна. Хэрэв албан шаардлагын хариуг өгөхгүй бол хохирогчид суулт, өлсгөлөн зарлах зэргээр тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ мэдэгдлээ.
У.Цэцэг