Гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор яам, агентлагийн мэдээллийн системүүдтэй уялдуулан Гамшгийн үеийн удирдлагын нэгдсэн системийг үе шаттайгаар хөгжүүлж буй. Үүний хүрээнд зудын гамшгийн эрсдэлийн бодит цагийн хяналт, мониторингийн системийг хөгжүүлж, олон нийтэд танилцууллаа.
Энэ нь зайнаас тандан судлах, газар зүйн мэдээллийн системд суурилсан бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд зудын гамшгийн эрсдэлийг эрт илрүүлэх, нөлөөллийг хянаж, бодит хугацаанд илрүүлэн урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авч хохирол багатай даван туулахад төр, хувийн хэвшил, иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилготой аж. Тус системийг ХХААХҮЯ, Үндэсний статистикийн хороо, Цаг уур, орчны шинжилгээний болон Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллийн системтэй уялдуулснаараа онцлог. Мөн бодит цагийн мэдээлэлд үндэслэн зудын аюул, өртөх байдал, чадавх тус бүрийг аймаг, сумын түвшинд орон зайн дүн шинжилгээний үр дүнг ашиглан зудын гамшгийн эрсдэлийг тооцоолон гаргах юм. Тодруулбал, аюулд ямар мал, малчдын бүлэг, аль бүс нутаг хамгийн их өртөх болон эмзэг байдлын үзүүлэлтүүдийг уялдуулан тодорхойлох, тухайн нутаг дэвсгэрийн аюулын нөлөөлөл, эрсдэлийн нэгдсэн үнэлгээг хийснээр урьдчилан сэргийлэх, эрт хариу арга хэмжээ авах, нөөцийг оновчтой хуваарилахад бодит үр дүн үзүүлнэ хэмээн мэргэжилтнүүд онцоллоо.
Ч.Болор