NBA-ийн “Лос-анжелес клипперс” баг япон холбон тоглогч Ю.Кавамура, төвийн тоглогч Ж.Шарптай гэрээ байгуулснаа зарлалаа. Сонирхолтой нь, эдгээр тоглогч яг одоогийн байдлаар NBA-ийн хамгийн намхан болон хамгийн өндөр тоглогчид юм.
Лигийн албан ёсны вэбсайтад дурдсанаар Ж.Шарпын өндөр нь 226 см. Өөрөөр хэлбэл, тэрбээр “Сан-антонио”- гийн төвийн тоглогч В.Вембанямагаас (224 см) өндөр юм. Тэрбээр тус багтай хоёр талт гэрээ байгуулсан агаад ирэх улиралд үндсэн багт орж чадахгүй бол сүүлийн хоёр улиралд тоглосон G лигтээ эргэж очно. Ж.Шарп өнгөрсөн улиралд тус лигийн “Техас” багт 54 тоглолтод оролцохдоо 6.7 оноо дунджилсан юм. Тэрбээр 2024 оны зуны лигт “Даллас” багийн төлөө тоглосон ч гэрээ байгуулан элсэж чадаагүй билээ.
Харин япон тоглогч Ю.Кавамурагийн өндөр нь 170 см. Тэрбээр “Клипперс”-тэй богино хугацааны, баталгаагүй, хамгийн бага цалинтай гэрээ байгуулсан агаад энэ хүрээнд бэлтгэлийн лагерьт хамрагдаж, бэлтгэл багт тоглох боломжтой. Гэхдээ япон залуу Ж.Шарпаас хамаагүй олон минутыг NBA-ийн талбайд өнгөрүүлсэн туршлагатай юм.
Сонирхолтой нь, лигийн хамгийн намхан тоглогчийн алдрыг тэрбээр ямар ч өрсөлдөгчгүй эзэмшиж буй. Түүний дараа бичигддэг А.Стивенс, Р.Нембхард, Ж.Маклафлин нар Ю.Кавамурагаас даруй 10 см-аар өндөр юм. Хэдий намхан боловч Ю.Кавамураг Японы мэргэжлийн багууд ихээхэн сонирхож, жилийн хоёр сая ам.долларын цалин санал болгож буй сурагтай. Гэвч тэрбээр өндөр цалинтай эдгээр саналаас татгалзаж, NBA-д идээших мөрөөдлийнхөө төлөө зүтгэж буй.
Эцэст өгүүлэхэд, лигийн хамгийн намхан болон өндөр тоглогчид нэг багт тоглосон тохиолдол тэртээ 1980-аад онд анх гарч байв. 1987-1988 оны улиралд “Вашингтон буллетс” багт 213 см өндөр Манут Бол болон 160 см өндөр Магси Богс тоглож байсан түүхтэй.
Э.МАНЛАЙБААТАР