УЕФА-гийн “Аваргуудын лиг”-ийн аварга ПСЖ, Европа лигийн аварга “Астон вилла” багууд өнөөдөр супер цомын төлөө өрсөлдөнө. Тоглолт Австрийн Зальцбург хотын “Ред булл арена”-д болох бөгөөд Сомалийн О.Артан талбайн шүүгчээр ажиллах юм. Ингээд Европын хөл бөмбөгийн шинэ улирлыг албан бусаар нээдэг тус нэр хүндтэй цомын төлөө тоглолтын өмнөх мэдээллийг хүргэе.
Английн Бирмингем хотын баг УЕФА-гийн супер цомын төлөө түүхэндээ нэг удаа буюу 1982 онд өрсөлдөж, тухайн үед хоёр тоглолтын нийлбэр дүнгээр (0:1, 3:0) Испанийн “Барселона”-г хожиж байлаа. Харин Парис хотын баг 1997 онд энэхүү цомын төлөө тоглохдоо “Ювентус”-т (1:6, 1:3) ялагдаж байжээ. Харин өнгөрсөн жил “Тоттенхэм”-тэй тоглож, 0:2-ын харьцаатай хожигдож байсан ч эцсийн мөчид тоог тэнцүүлсэн төдийгүй торгуулийн цохилтоор (4:3) ялж, аваргалсан түүхтэй.
Энэ зун Францын топ баг тун даруухан, нам гүм байна. Тэд “Астон вилла”-гаас Л.Динийг долоон сая еврогоор, “Монако”-гоос М.Аклиушийг 50 сая еврогоор авснаас өөр том наймаа хийсэнгүй. Харин Г.Рамуш (“Милан”, 74 сая евро), Р.Коло-Муани (“Ювентус”, 41.2 са евро), И Кан Ин (“Атлетико”, 40 сая евро), Н.Камара (“Лион”, 4,1 сая евро) нарыг үдэж явуулсан байна. Мөн зуны турш ердөө хоёр нөхөрсөг тоглолтод оролцохдоо “Мальорка”-д бут ниргүүлж (0:3), “Манчестер юнайтед”-тай эвийн гэрээ (1:1) байгуулжээ.
Тэгтэл Английн баг энэ зуныг ихээхэн чимээ шуугиантай өнгөрүүлж буй. Тэд Ю.Тилеманс (“Манчестер Юнайтед”), Л.Динь, М.Рожерс (“Челси”) нарын гурван лидерээ зарж, 186 сая еврогийн орлого олжээ. Тэдэн дээр нэмээд Д.Мален (“Рома”), Э.Барренечеа (“Бенфика”), Л.Доббиныг (“Саутгемптон”) зарж олсон 47.5 сая еврог нэмэх хэрэгтэй. Харин Ж.Манзамби (“Фрайбург”, 60 сая евро), Ж.Гомес (“Вулверхэмптон”, 40 сая евро), М.Сиссе (ЛАСК, 5,5 сая евро) нарыг худалдаж авснаас гадна “Челси”-гээс зээлээр А.Гарначог аваад байна.
Солилцоо наймаанаас гадна талбайд ч завгүй байж, Английн гуравдугаар дивизионы “Уолсолл” (5:0), “Порту” (1:2), “Реал Сосьедад” (2:4), Индонезийн лигийн одод (3:1), Тайландын “Патхум Юнайтед”, Германы “Байерн” (1:2) зэрэг багтай тоглоод буй.
Тус хоёр баг түүхэндээ ганцхан удаа таарч тоглосон нь ердөө өнгөрсөн жилийнх. Тэд “Аваргуудын лиг”-ийн шөвгийн наймд учраа таарахад “Парк де Пренс”-т болсон тулаанд талбайн эзэд илүүрхсэн. М.Рожерс 35 дахь минутад багтаа тэргүүлэл авчирсан ч Д.Дуэ (39 дэх минут), Х.Кварацхелия (49), Н.Мендеш (92) нар дараалан гоол оруулж байв. Харин Английн баг талбайдаа болсон хариу тоглолтод гайхамшиг бүтээх дөхсөн. Тэд 27 дахь минутад 0:2-оор хожигдож байсан ч удалгүй 3:2-оор тэргүүлж эхэлсэн юм. Гэвч тоглолт энэ дүнгээр өндөрлөж, Английн баг дараагийн шатанд шалгарч чадаагүй билээ.
Харин цомын төлөөх энэ удаагийн өрсөлдөөн аль багийн ялалтаар өндөрлөхийг таамаглах амаргүй. Өмнөх хоёр тоглолтод багууд дөрвөөс олон гоол оруулж байсан учир энэ удаад ч олон гоол орж магадгүй юм. Хэдий “Астон вилла” цөөнгүй гол тоглогчдоо явуулсан ч У.Эмери өрсөлдөгчөө гайхшируулах аргыг үргэлж олдог билээ.
Н.ЭНХ