“Орфей” театр хөшгөө Оросын нэрт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгээр өнгөрсөн жил нээсэн. Тэгвэл удаах уран бүтээлээрээ АНУ-ын зохиолч Жон Патрик Гоггины “Everybody loves Opal” буюу “Опал” жүжгийг хүргэсэн юм. Тус уран бүтээлийг М.Батболд найруулж, ерөнхий зураачаар О.Баярмагнай, хөдөлгөөний найруулагчаар У.Эрдэнэбаяр, хөгжмийн зохиолчоор Д.Нямхүү, хувцасны загвар зохион бүтээгчээр О.Булган нар ажилласан. Өнгөрсөн оны аравдугаар сараас үзэгчдийн хүртээл болгосон эл жүжигт Төрийн шагналт Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин Н.Онон, О.Энхтуул, УДЭТ-ын жүжигчин Д.Баттөмөр, Т.Сэргэлэн, жүжигчин Э.Чинзориг, Т.Ариунчимэг нар хоршин гол дүрүүдэд тоглосон юм. Тэгвэл тус уран бүтээлийг БНСУ-д ажиллаж, сурч, амьдарч буй монголчуудад хүргэхээр болжээ. Тодруулбал, энэ сарын 21-24-нд “Орфей” театрынхан Сөүл, Чонан, Илсан хотод “Опал” саркастек мелодрамын жүжгийг тоглох юм байна.