ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Д.ЦЭВЭЭНДОРЖ
Яруу өгүүлэхүйн мэдрэмж, туурвин бичих авьяас хүүрнэл зохиолд нь залгамжилдаг нь яруу найрагчдын нууц чадамж, далд мөн чанар ажээ. Данзангийн Нямаагийн уянгын бичил хүүрнэлүүдийн “эхэлмой”, “харагдмой”, “манднам аа” гэсэн сэтгэлийн толийг нь гийгүүлэх хэдхэн үгсээс л найрагчийн туурвил зүйн аязыг харж болно. Голын урсгал “нарны үртэс” мэт буман цацраг үсчүүлэн урсдаг болохыг, мөнхүү “бариувчтай хүүхдийн дүрсгүй инээд шиг “ход ход” урсаж буйг чагнаархаж асан бага насаа дуртган “эдүгээ би он жилийн хөх мөрний эрэг дээр суунам. Бага насны минь гэрэлт өдрүүд тэртээ мандлын нь ёроолоос алаг чулуу шиг солонгорон үзэгднэм. Нарийны голын чулуу шиг авч яахин болох билээ. Гэвч сэтгэлийн хоймортоо дуу болгон эгшиглүүлж, уншигч таны халуун алганаа азын од шиг түгээн цацах мөрөөдөлдөө би автнам!” хэмээн бодол сэтгэлээ хязгааргүй уудлан нээж бага насны дэврүүн санаагаа эдүгээ цагаас дурсан нэхсэн, ертөнцийн жам ёс, цаг хугацаагаар гинжлэн холбож өгүүлсэнд түүний зохиомжийн урлал нуугднам.
Балчир ахуй насанд нь юмс бүр гэгээлэг, тийм нандин эрхэмсэг санагдаж, ахуй биет бүхнийг “цэцэг” адил төсөөлсөн түүний гэгээн алслал, айзмын хөндүүр тэргүүтэн уран бү тээл чийн зөн мэдрэмжтэй эрхгүй холбогдож байна. “Оддыг тэнгэрт түгдэг гэж бодож явсан юм сан. Гэтэл эхлээд усанд гийснээ дараа нь тэнгэртээ манддаг ажаам” (Гүүргийн дуу) гэсэн түүний аяс сэтгэлийн эгээрэл нь хүүхдийн гэнэн төсөөлөл бус ертөнцийн юмс үзэгдлийг өөрийн “цонх”оор тольдсон гүн ухааны сэтгэмж болой. Тиймээс “нарны гэрэл бороо мэт намиран буухыг чагнах нэг л сайхан даа. Бүх биеэр гэрэл нэвчиж, би өөрөө тунгалаг талст мэт болох ажгуу” (Гал үд дунд) хэмээсэн гэрэлт сэтгэмж, бодомжит аязыг талархан хүлээж авнам. “Би яг л “гал цуглуулагч” шил шиг болоод байв... өөрөөс минь илч гэрэл цацран байгааг зөн совингоороо мэдэрнэм” хэмээж энгийн хийсгэлэн хүүрнэл бус орчлон дэлхий наран дор дулаарч, хаа нэгтэйгээс уянгалах гал шаргал аялгуунд би ноцон алдан байв” гэсэн урлан бүтээхийн их урам зориг, цог залиа бадраасан нь бүтээлийн далд совин, утга учир, мөнхийн хүслэнд уран санааны шидийг гэрэлтүүлж чадсанаар тайлбарлагдана.
Байгаль дэлхийн жингэнэх авиа нарны дуу адил сэтгэгдэж өөд болсон өвөөгийн үнэр нь цэцэгсээс сэнхийн мөнх мэт санагдаж буй хүүхдийн гэнэн төсөөллөөр гүн ухааны мөн чанарыг дэвшүүлснээрээ гүн утга, гүнзгий санааг хөндсөн юм. Тиймээс зохиолчид “нарны жингэнэх дуу улам тодорч тэнгэрээс асгарах гэрлийн бороонд уулс нозоорон дүнсийж” харагдах ажээ. Цэцэг дамжин нисэх эрвээхэй өөрөө амьд цэцэг адил сэтгэгдэж бурхан болсон гэх өвөө нь “бурхан” дотор алга байсан даа хэмээсэн бяцхан хүүгийн бодолд магадгүй холын холд цэцэг түүхээр одсоныг нь “хүн төрөлхтөн” мэдэхгүй ч байгаа даа гэсэн уран санааг хөндсөнөөрөө аргагүй л авьяас билигт уран бүтээлч юм хэмээн дуу нэгтэй зөвшөөрөхөд хүргэдэг. Энэ нь байгаль эх хотжих тусмаа соёлоо бөхөөж иргэншил давамгайлдгийн, дотоод мөн (хүн) чанараа гээдгийн, уул усандаа дөхөх тусмаа хоёр бодол холдож, олон санаа оргүйдэн эхээс дөнгөж мэндэлсэн лугаа эрхгүй ертөнцийн нэгэн бүхэл, байгалийн салшгүй “амьд биелэл” болохоо мэдэрдэгтэй адил төсөөлөмж буюу.
“Нэг удаа би аргал болж дүрэлзтэл ноцох юм сан гэж мөрөөдөж билээ... Эдүгээ би онгодын хөх талаас бодлын “аргал” түүж, мөнхийн гал бадраахыг хүсэн, үүрийн туяатай сүлэлдэн шинэ өдөртэй золгоном доо” гэсэн уран бүтээлчийн чин хүслэн, тэмүүлэл эрмэлзлээ шинэ торгон санаанд дайж өгүүлсэнд уянгын бичил өгүүллэгүүдийн далдын совин гэрэлтдэг. Ээжийнхээ анх удаа шүлэг уншиж өгөхийг сонсоод “тэр дороо л сэтгэлийн угт ямар нэг зөн совин төрөөд ирж”, “орчлонд шүлэг ийн мэндэлсэн” хэмээн өөртөө бус өрөөл бусдын өргөлийн аяст хандсан нь яруу найргийн туршлагыг олж харсан найрагчийн бясалгал болсон юм. “Алтанхан өглөөг далланхан авчрагч нь адуучин хүмүүн”, “өглөөний тунгалаг агаарыг исгэрүүлэнхэн зөрж” буйг бас сэрж мэдэрчээ. “Морь малаас хэчнээн чиг унасан бэртээгээ нь үгүй газар шороо минь. Эх хүн шиг хайр юугаа дэвсэж, хайрга юугаа зайлуулна уу?” хэмээсэн учир шалтгааны эрхилсэн сэтгэмжид түүний хүүхэд одны гэгээн дуулал оршном.
Тиймээс Дан.Нямаагийн бичил өгүүллэгүүд нь энгүүн том санаа, гүн ухааны айзмыг хөндсөнөөрөө богино өгүүллэг бичигч хэн бүхнийг үүн лугаа сэтгэтүгэй гэж сануулсан найрагчийн “давхар” урлал, туурвилаар тайлбарлагдана. Хурдан морь унаач бяцхан хүү бэртээгүй нь нарны алтан цацраг дээрээс нь татсантай холбон сэтгэсэн тэргүүтэн нь яруу найргийн гэгээн сэрэл, ерөөс ертөнцийн алив бүхэн “нарны алга”нд бойжсон болохыг мэдэрсэн найрагчийн ухаарал болж байна. Өөрөөр хэлэхэд уран сэтгэмж, яруу олзлол бүхэн “найрагчийн алга”нд бас боловсорсон нь ийн тодорч байна. Тэнгэрийн үүлс цэцгэрч үзэгдэн морьдын төвөргөөнөөс салхи үүсдэгийг олж харсан найрагчийн сэтгэмжлэл бол хөдөө ахуй, нүүдэлч сэтгэхүйн дүрслэлийн ялгаа юм. Салхины сэвшээнд анхилах цэцэгс эгээд цэцэгсийн дохиурт нойрссон салхийг сэргээж буй нь түүний оюуны дөл, онгодын гал, том цүнх үүрсэн бяцхан жаал сургуульд нэмэгдэж буй агуулгыг нэмэх тэмдэг адил бэлгэдлийн дүр зураг, шинжээр нь олзлон харж, зүггүй сурагчийн зөвхөн завсарлахыг санаархах хонхны дуу холхи алсад ч даллан дуудаж буйгаар холбон бодож, санаагаа гүнзгийрүүлсэн туурвил зүйн урлалаар баяжжээ. Ийнхүү “Нарны алга” (УБ.1993)-наас ертөнцийн зүй тогтол, дотоод мөн чанарыг тольдсон яруу найрагчийн эгшиглэнг харж болохоор байна.
“Икартай мөргөлдсөн дэлхий” нь дотоод бодрол, аглагтаа “зочилсон” хүүхэд насны аялал болон буудаг. Чухам ийм уран санаа, найруулгаар утгыг эсрэгцүүлж, зүйрлэлийг сөргүүлсэн ур маяг хийгээд мөрөөдөл хүслээ дайсан, асуудал дэвшүүлсэн торгон санаа гялсхийлгэдэг онц лог той юм. Мөнхүү “нарны алганд орчлон дэлхий бүрэлдэж хүмүүн төрөлхтөн торнисон бөлгөө” хэмээсэн түүний сэтгэмжлэл магадгүй түүний амьдрал, ертөнцийг харах энэрэхүй ч байж мэднэ. Энэ санаа нь уг номыг цогцлоох үндэслэл болжээ. Нарийны голтойгоо “цусан” холбоотой хүүхэд ахуй наснаас идэр ахимаг хүртэлх дуртгалын манан дунд өртөөчлөн авч үзсэн нь номын эхлэл, төгсгөл мөнөөх Нарийны голын зохиомжоор зангилагдсаных юм.
Харин “хүүхэд насны бичил уянгын өгүүллэгүүд” хэмээн тодотгосон атлаа (“дууль” редактор Б.Өлзийсайхан) гэсэн өөр нэршил нь агуулгаа хоёр тийш чангаасан онолын зөрүүдлэл төдийгүй утга санаагаа тарамдуулсан санааны гүнзгийрэл, агуулгын сарнилт, уянга хэтэрч халил томдсон найруулгын өнгө аяс зэргийг цаашдын бүтээлдээ анхаарах нь зүйтэйг сануулах юун билээ. Угтаа уянгын эл өгүүллэгүүд дууль бус бөгөөд хурц зөрчил, эмгэнэлт агуулга бүхий “Тэхийн зогсоол” (Б.Явуухулан), “Ерэн баатрын дууль” (Ш.Сүрэнжав), “Харамчийнхны дууль” (Д.Цоодол) зэрэг дуулиас өөр төрөл зүйл гэдгийг дараагийн хэвлэлдээ анхаарах нь зүйтэй. Уг ном бие даасан бичил уянгын өгүүллэгүүдээс бүтсэн ч нэг агуулгад төвлөрч нэгэн зохиомжоор багцлагдаж буй нь зохиогчийн туурвил зүйн уран чадвар, төсөөлөлт сэтгэмж, далдын авьяас билгийг илтгэж, сэтгэхүйн нарийн эмзэглэл, үйлдлийг тусгаснаараа ур утгын хувьд жигдэрч “дан” Нямаа таныг “давхар” Нямаа болгосон оюун санааны биелэл буюу зохиогчоо нээсэн шинэлэг бүтээл болсныг онцлон тэмдэглэе. Чухам ийм учраас “Захидал бүхэн хариутай” зэрэг хүүрнэн өгүүлсэн чамбай ном бүтээх угтал болсноороо найрагчийн урын санд яруу сайхны ач холбогдолтой юм.
Уянга яруу, утга төгс улам чамбай урлан, уянга хүүрнэлийн томоохон бүтээл туурвихыг хүсэн хүлээх бидэнд үлдлээ.