Хонгор нутгийн алтан элсэнд мөрөө үлдээж, ЗагБайдрагийн бэлчирт жараахайтай хөөцөлдөн өссөн бор хүүгийн сэтгэлд шүлгийн үр эрт соёолжээ. Морины нуруун дээр ном шимтэн, багшдаа захидал бичиж явсан тэр хүү бол Монголын утга зохиол, сэтгүүл зүйн салбарт өөрийн өнгө төрхийг бүтээсэн яруу найрагч, зохиолч Л.Батцэнгэл билээ.
Түүний бүтээлээс нутгийн салхи, хүний сэтгэлийн нандин уянга, амьдралын эгэл атлаа үнэ цэнтэй агшин бүрийг мэдэрч болно. Зарим мөр нь сэтгэлийн гүнд хүрч, өөрийгөө эргэцүүлэн харахад хүргэдэг. Яруу найраг бол үгээр урласан хөрөг төдийгүй сэтгэлд үлдэх гэрэл гэвэл Л.Батцэнгэлийн шүлгүүд тэрхүү гэрлийг өөрийн гэсэн өнгө аяс, өвөрмөц хэмнэлээр цацруулдаг. Ингээд түүний “Нулимстай бурхан” номд багтсан зарим шүлгээс уншигч танд өргөн барья.
Одоо гэдэг цаг
Одоо чи хаалгыг минь зөөлхөн тогшихоо больсон
Одоо гэдэг цаг миний хувьд үгүй болсон
Одоо цаг, Доржсэмбэ хоёр бурхан болсон учраас
Одох гэдэг цаг хугацааны ганцхан хэмжүүр үлдсэн.
Хэн хэнийхээ нулимсыг арчин уйлж явсан, чи бид хоёр
Хэнхдэг цээжнийхээ гунигийг хундагалаад дуулж явсан, чи бид хоёр
Одоо хэндээ л сэтгэл зүрхээ уудлах билээ
Одоо хоёулаа хаана л уулзаж учрах сан билээ
Чамдаа
Хар бэхээр цагаан цааснаа
Халгиун мэлмийг чинь амилуулж суунам
Цагаан цааснаа хар бэхээр
Царай төрхийг чинь тэрлэж суунам
Шөнө гэдэг хар бэхээр
Санахын тэнгэрийг зурж суунам
Шүлэг гэдэг алтан бэхээр
Шаналахын бийрийг хэмлэж суунам
Нуруугаа харуулсан чамайгаа бодоход
Нулимс хоолойд бөмбөрөөд ирнэм
Бэхээр амилуулсан дүрийг чинь харуут
Бэтэгт бялзуухай шиг өрөвдөөд ирнэм
Тэгцгээнэ, хүмүүс
Сэтгэлийн сүрьеэтэй зарим нэгний
Итгэлийн тариаг биеэрээ орлож
Энэрсний эцэст тариур минь дуусаж
Эвдэрсний минь хойно л бурхан гэцгээнэ
Хүнд нулимс
Эндэж одсон андын минь
Ээж залгаад зөндөө уйлав
Утсаа ч салгаж чадалгүй би
Удтал хөшөө шиг хөшиж орхив
Нулимс гэдэг ай юутай хүнд
Нүргэлэх тэнгэрийн аянгаас аймшигтай яа
Нандин улирлын чимэг
Сормуус цантах нандин улирлын чинь минь
Согоо гоо алхаагаа гайхуулан наашлахад
Улирал улирлын чимгүүд өлмийд чинь сөхөрч
Учрал, хагацлын аялгуу зүрхэнд гунигтай эгшиглэнэ.
Намар цагийн аялгуу
Шаргал навчсын сэрчигнээнээс мөнх бусыг анирдан
Жаргал, гунигаа өлгийдөн амиралт ууланд алхнам
Аргил цагийг тээж, алсад тогоруунууд дэвэхэд
Оргил өндрийн салхин сэрүүн хонгор сэвшээтэй
Намар цагийн аялгуу зүрхний чавхдас хөглөхөд
Ямар их гуниглан хүний сэтгэлд эгшиглэнэ вэ
Тийм л гэгээн гунигаар улирлын ярууг аргадах
Тэнгэрийн ятга хөгжимдөх уярал зүрхэнд бөмбөрнө.
Олдоно...
Хангал сайхан бүсгүйн бие надад олдоно
Хайрласан найрагчийн сэтгэл л харин хэнд ч олдохгүй
Хаш эрдэнийн чимэг зүүлт хэнд ч олдоно
Хас сарны гунигийг л харин хэн ч ойлгохгүй
Оюу номин эрдэнэ чамд олон олдоно
Оюунт найргийн мөрүүд л харин хэнд ч олдохгүй
Олон эрс шүлэнгэттэл охид хүүхнүүдийг түмэнтэй зорох
Орчлонд ганцхан найрагчийн сэтгэл л бүгдэд олдохгүй
Олдох, олдохгүйн зааг олон юм бий
Омголон барсын зориг хөөрхий туулайд олдохгүй
Алдах, алдахгүйн завсарт арвин юм бий
Ариун сэтгэлийн гэрлийг л амьдаа олохуйяа бэрх
Баруунтаа будрах цасан
Манай эндхийн цасан ширхгүүд
Мандах наран зүгээс тэнгэр өөд бударна
Магадгүй энэ нь баруун болоод өмнөдөө
Агаар, салхи хаасан байшинтай болоод тэр биз
Цонхон цаана минь бужигнах цасан цэцэгс
Цочсон гөрөөсний нүд сэрвэлзэн байх шиг хийснэ
Баруунтаа л будраад байгаа цастай ханьсаад нүүчихвэл
Баянхонгортоо түргэхэн оччих юм шиг санагдана
Хясал
Тэнгэрийн орноо одсон сэтгэл зүрхний түүндээ
Зүүдний тоосго өрж, урлан босгосон
Таж Махал Зүрхэн алтан ганжиртай цэнгэлиг сүмийнхээ хойморт
Зүйж бичсэн шүлгийнхээ охин тэнгэрийг урихад
Зөгнөл хүртэл хязгаартай гэх шиг орчлонгийн наран мандана.
Хан хурмастын хишиг
Энхрий дотнохон чамайгаа бодно
Эрхлүү тунирхуу занг чинь бодно
Энгэрт нүүрээ наадгийг чинь бодно
Эрдэнээс тодхон гэрэлтдэгийг бодно
Бодсон, чамайгаа дэндүү бодсон
Бодол сэтгэл минь ганцхан чамдаа шүү
Сайхан цагаан цээжийг чинь санана
Саран гэрэлт нүдийг чинь санана
Санчгийг чинь үнсэн жаргаснаа санана
Санаа алдан энхрийлснээ санана
Санасан, чамайгаа дэндүү санасан
Санаа сэтгэл минь ганцхан чамдаа шүү
Мөрөөслийн гэгээн уянга эгшиглээд
Мөнхийн борооны сүрчиг анхилна
Хайртай чамтайгаа учирсан үдэш
Хан хурмастын хишиг байж дээ
Хан хурмастын хишиг л байж дээ
Хайртай чамтайгаа учирсан үдэш минь
Цэцгийн дагинын мишээл
Цэцэгсийн дагины ялдамхан мишээл
Цэнгэлийн дууны яруухан эгшиг
Эртний сайхан ерөөлөөр учирсан
Эрдэнийн гэрэлт замбуу тивдээ сүсэлмүү
Хаш эрдэнэ шүдний нь гэгээнд
Хас саран ичингүйрэн түйсэх
Халуун улаан уруулын баланд
Залуу насны хүслэн бадрах
Оюун билгийн увдис хөглөгч
Охин чиний дөлгөөн аальд
Бурхдын хаан ч нигүүлсэл ханьсаж
Буруу бодлын үүлийг хөөнөм.
Цайран мөндөрлөх хувь заяагаа
Цагаан бэхээр зурж чадахгүй нь
Цаашлаад байгаа цагийн аясыг
Наашлаад байгаа юм шиг хууртах утгагүй нь
Халгиун мэлмийг чинь амилаан суувч
Хайр гэдгийг зурж чадахгүй нь
Царай төрхийг чинь энхрийлэн санавч
Санаа сэтгэлийг чинь ойлгож чадахгүй нь
Ийм л өчүүхэн зураач гэдгээ
Тийм л гунигтай мэдэрч суунам...
Ганц шувуу
Орчлонгийн будангүйд төөрөн ганганасан
Орой намрын өнчин галуу
Юутай гунигтай дэвэн дэвсээр
Юуг зорин алсыг тэмцээ вэ
Уул уулсын онийг давсаар
Уйлсаар мэт хөөрхий шувуун
Намрын буданг нэвт хавсаар
Найдал жаргалаа хайн одов
Эртний танил мэт тэр л дальтан
Эрдэнэ мэт залуугийн өдрүүдээ дурсан
Рид шидийг хэн нэгнээс хүсэх мэт
Рилбүү эрих шиг нулимсаа хөвөн хөвөөр байв л.
Дэндүү өндөрт нисэн байвч
Дэргэдийн нөхөд нь холхид одоод
Эндүү гэндүү тавилангаа харуусан
Элгээ жиндээн тэнгэрт уйлнам.
Нарны наахна мананд сүүмийх
Насан элээмэл ганц шувуу
Элэг зүрх өмлөн байж
Элгүй цагаан үүлэнд живжээ.
Дэвлээ, дэвэн ганганан живжээ
Дэндүү жиндүү гандуу дуу нь л сэтгэлд хоногшин үлджээ.
Будант алсад одоод...
Төөрөг тавилант чамайгаа
Төөрөөд явчхаж гэмээнэ
Төгөлдөр хуурын товчлуураар
Наян найман шат урлаад
Наян ес дэх өнгөн дээр гишгэхдээ
Нарны цацрагаар алгаа түлэн байж
Хайртай гэсэн ганц үгийг
Хан тэнгэрт биччихээд
Холын хол явчихна шүү...
Будант алсад одоод
Буцаж ирэхгүй шингэчихнэ шүү...
Үнэр минь чамайг
Мөрдөгч нохой шиг шиншлэвч
Нэр минь чамайг
Бурхан болоод чөтгөр шиг дагавч
Хэн ч бишүүдийн сүүдэрт чи минь
Салхи шиг замхарч одвол
Хэлгүй, дүлий, хувьгүй нэгэн шиг
Агаарт сарниж орхино шүү...